Эмэгтэйчүүд архинд донтох юунаас эхэлдэг вэ?

Эмэгтэйчүүд архинд донтохын онцлог, урьдчилан сэргийлэх талаар наркологч, сэтгэцийн эмч Игорь Лазарев “Вечерняя Москва” сонинд ийнхүү өгүүлжээ

Архинд донтох явдлыг эрэгтэй, эмэгтэйчүүдийн гэж ангилах нь харьцангуй явдал хэмээн мэргэжилтэн нэрлэв.

“Нас, хүйсийн ялгаанаас шалтгаалж явцын хувьд өөр өөрийн онцлогтой, гэхдээ мөн чанар нь ав адилхан архинаас хамааралтай болох гэдэг нэг л төрлийн өвчин бий” хэмээн эмч тайлбарлав.

Лазаревын хэлснээр оросын нийгэмд эрчүүдийг бодвол эмэгтэйчүүдийн архинд донтох явдалд арай илүү зөөлөн, учир зүйтэй ханддаг аж. Нийгмийн дарамт шахалтын улмаас хэвийн амьдралд буцаж ороход эмэгтэйчүүд илүү хэцүү бэрх байдаг хэмээн шинжээч өгүүлэв.

“Эрчүүдийн хувьд эсрэгээр, хэрвээ огт архи уудаггүй бол “эр хүн биш” үзэж, цагаан хэрээ хэмээн шоглоцгоодог. Харин бүсгүйчүүлд арай ингэж хатуу ширүүн ханддаггүй” – хэмээн наркологч тайлбарлав.

Аль ч хүйсийн хүний хувьд архинаас хамааралтай болсон анхны шинж тэмдгүүд бүхэлдээ адилхан байдаг бөгөөд өвчин газар авч хоёр дахь шатандаа орсон үедээ өвчтнүүд наркологийн эмчид ханддаг болохыг эмч онцлов.

“Алкоголийг тодорхой хэмжээгээр хэрэглэхийг нийгэмд зөвшөөрдөг. Харин нэг удаагийн хэрэглэсэн жүнз (бокал) дарс өдөр тутмын зуршил болж хувирвал сэтгэл зүйн хувьд хамааралтай болсон тухай бид ярих хэрэгтэй болно” хэмээн мэргэжилтэн өгүүлэв.

Яваандаа алкоголийг хэрэглэх орцын хэмжээ ихэсч, гар салгалж чичрэх, шартах зэрэг шинж тэмдгүүд илрэх бөгөөд зөвхөн энэ бүгдийн дараа уг хүн эмчид ханддаг талаар Лазарев тайлбарлав.

“Гэрийнхнийгээ унтаж амарсан хойно орой бүр уудаг зуршлаа нууж хэрэглэх оролдлогыг зөв сайны шинж гэж үзэж болох юм. Энэ бол өөртөө тохиолдсон зовлонг хүн ухамсарлаж ойлгож байгаа хэрэг юм” – хэмээн наркологч өгүүлэв.

Лазаревын хэлснээр алкоголизм бол харьцангуй эдгэшгүй өвчин ажээ.

“Хэсэг хугацаанд хүнийг архи хэрэглэхгүй болгож болно. Арав, хорин жил огт амсахгүй явж байснаа гэнэт бага багаар амсаж, улмаар дахин архинд ордог тохиолдол бий” – хэмээн тэрээр тайлбарлав.

Эмэгтэйчүүд энэ өвчнөөс амжилттай салж эдгэрсэн олон жишээ бий бөгөөд гэхдээ эмчилгээний үр дүн олон хүчин зүйлээс, юуны өмнө гэр бүлийн тусламж дэмжлэгээс шалтгаалдаг болохыг эмч нэмж хэлэв.

“Хоргүй, аюулгүй хэмээн хуурамч домог яриа болгосон шар айраг, дарс зэрэг ундаа хамгийн аюултай” хэмээн Лазарев өгүүлэв.

Алкоголийн агууламжийн хэмжээ бага гэдгээр далимдуулж эдгээр ундааны хор хөнөөлийг олон хүн ухаардаггүй, хүнд хэлбэрээр архинд донтсон олон тохиолдол чухамхүү тэдгээрийг хэрэглэснээс үүдэлтэй байдгийг тэрээр нэмж хэлэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.