Татар ажиллагаа ба 72 цаг

Охид, эмэгтэйчүүд жирэмслэлтээс хамгаалах төрөл бүрийн аргыг хэрэглэдгийн нэг нь жирэмслэлтээс хамгаалах 72 цагийн эм юм. Энэхүү эмийг хамгаалалтгүйгээр бэлгийн харьцаанд орсноос 72 цагийн дотор ууж хэрэглэдэг байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан зөвлөмжид дурдсанаар энэ эмийг зургаан сард нэг л удаа буюу жилд хоёрхон удаа л хэрэглэх заавартай. Гэвч энэ эмийг охид, эмэгтэйчүүд сардаа хоёр удаа уучихдаг гэвэл хилсдэхгүй.

Уг эмийг дур мэдэн тун хэтрүүлэн хэрэглэвэл олон сөрөг нөлөө үзүүлдэг ч бүсгүйчүүд үүнийг үл ойшоосоор байна. “72 цагийн дотор жирэмслэлтээс хамгаалах эм” нь өндгөн эсийн боловсрох явц болон үр тогтолтыг дарангуйлах үйлчилгээтэй байдаг байна. Гэхдээ эмчийн зааврын дагуу уусан тохиолдолд бодисын солилцоо болон гормоны зохицуулалтад үзүүлэх нөлөөлөл нь харьцангуй бага. Гэтэл манай эмэгтэйчүүд уг эмийг жилд олон удаа хэрэглэснээс өндгөвчний үйл ажиллагаа алдагдах, сарын тэмдгийн мөчлөг өөрчлөгдөх, цус алдах, бүр цаашлаад үрийн зулай үнэрлэх хувьгүй болох зэрэг эрсдэлтэй тулгардаг байна. Ийм эрсдэлд орсноор эмэгтэйн биеийн эсэргүүцэл сулрах, аливаа өвчин даамжрах зэрэг шинж тэмдэг илэрдэг. Мөн элэг цөсний өвчтэй, жирэмсэн, өсвөр насны, чихрийн шижинтэй эмэгтэйчүүд энэ эмийг уухыг олон улсад хориглодог аж.

Жирэмслэлтээс хамгаалах эмийг эмийн сангууд жоргүйгээр олгодог учраас охид, эмэгтэйчүүдийн дунд замбараагүй хэрэглээ бий болжээ. Эмийн зохистой хэрэглээг хэвшүүлнэ гэж эрүүл мэндийн салбарынхан байнга ярьдаг ч амьдрал дээр биеллээ олсон нь тун ховор. Иймд жирэмслэлтээс хамгаалах Постинор эм худалдан авагчид ядаж л иргэний үнэмлэх, регистрийн дугаараа бүртгүүлээд авдаг болгож болмоор. Жишээлбэл, иргэн Б …. оны тавдугаар сард Постинор эмийг худалдаж авсан гэх зэргээр цахим бүртгэлийг хөтөлж энэ замбараагүй хэрэглээг хязгаарлаж хянаж болно.

Тухайн иргэн гурван сарын дотор уг эмийг дахин худалдаж авахаар эмийн санд очвол өмнөх баримтыг нь харуулж, та зургаан сарын дараа л дахин хэрэглэх боломжтой гэсэн шаардлага тавьж, татгалзаж эмийн гаж нөлөөний талаарх мэдээллийг нь өгдөг болгох хэрэгтэй байна. Энэ нь нэг талаараа үр хөндөлтийг ихэсгэж болох ч нөгөөтэйгүүр буруу дадал хэвшлийг халж бэлгэвч хэрэглэж занших, төлөвлөөгүй жирэмслэлт болоод эрүүл мэнддээ хорт нөлөөтэй зүйл хийхгүй байх, урьдчилан сэргийлэх арга ухаанд суралцаж эхэлнэ.

Залуус Постинорыг байнгын түргэн тусламж мэтээр ойлгож хэрэглэж байна. Эмэгтэйн биед өндгөвч өндгөн эс боловсруулах байнгын үйл ажиллагаатай явагдаж байхад гэнэт дундаас нь зохиомол үйл хэрэглэчихээр яаж эрүүл байх билээ. Гормон бол цусанд ороод бүх эрхтэн системд нөлөөлдөг учраас маш болгоомжтой хандах ёстой. Гормоны найрлагатай эм уусан эмэгтэйн цус зургаан cap болж байж цэвэршдэг байна. Өөрөөр хэлбэл, зургаан сарын дотор цусанд гормоны агууламж байдаг байна.

Иймд охид бүсгүйчүүдийг “ТАТАР АЖИЛЛАГАА” буюу жирэмслэлтээс 72 цагийн дотор хамгаалах Постинор эмээс хол байхыг зөвлөе.

SPURCE: erennews.mn

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.