Бүгд хайрлагдах гэж төрсөн

Баар, цэнгээний газрыг хааснаас болж ахуйн хүрээний архидалт нэмэгдэж, гэр бүлийн хүчирхийлэл ч өссөн. Тоо баримтууд ч үүнийг баталж байгаа. Энэ удаад том баримтыг хойш тавиад, асуудлыг өөр байр сууринаас харъя. Бүхнийг архи руу чихэх гээд яах вэ. Эхнэр аваад, хамт амьдарч эхэлсэн өдрөөсөө архи уугаад, агсан тавья, зодъё гэж боддог эр хүн байхгүй. Хүчирхийлэл юунаас үүсэв гэдгийг бодолцох цаг болсон. Хоёр биенээ үнэхээр хайрлаж, амьдралын төлөө хамтдаа тэмцэж чадаж байна уу гэдгийг ч бодох хэрэгтэй. Гэр бүлийн хүчирхийлэл гэхээр л эрчүүдийг 100 хувь буруутгадаг. Эрчүүдэд буруу байгаа, үнэн. Гэхдээ эмэгтэйчүүдэд ч бас байгаа.

“Эмэгтэйчүүд ойлгогдох гэж биш хайрлагдах гэж төрсөн” гэдэг үгийг бүсгүйчүүд постолж, түүнийг маш олон хүн хүлээн зөвшөөрч, уулгалан дэмжсэнийг уншсан байх. Ийм л сэтгэлгээ үл ойлголцлыг авчирдаг. Зүй нь бид бүгд хайрлагдах гэж төрсөн. Бас ойлгогдож, бие биеэ ойлгож амьдрах нь зөв. Эмэгтэй хүн л хайрлагдах гэж төрсөн юм бол эрэгтэй хүн яах гэж төрсөн болж таарах вэ. Хайрлахаас өөр программгүй робот байх гэж төрсөн хэрэг үү. Бүсгүйчүүд минь, ойлгогдохгүй, аашилж загнах, хашгичих, шалтгаан нь мэдэгдэхггүй уурлах, эрчүүдийг тэжээгчээс өөрөөр харахгүй байх сэтгэхүйтэй бол эртхэн зас. Гэр бүлийн хүчирхийллийн тодорхой хувь нь ийм үзэл бодлоос үүдэлтэй.

Бие биеээ адил тэнцүү л хайрлая. Эмэгтэйчүүдийг илүүтэй хайрлах нь, эрчүүдийг илүүтэй хүндлэх нь ойлголцлыг бий болгодог ч байж болох. Нэг зоосны хоёр тал. Гэхдээ эмэгтэйчүүд 60 хувь хайрыг, 40 хувь хүндлэлийг хүсдэг бол эрчүүд эсрэгээрээ байх талтайг мэргэжлийн сэтгэлзүйчид хэлж л байна. Тиймээс эхнээсээ л бие биеэ хайрлаж, хүндэл. Би хайрлагдах гэж л төрсөн, ойлгогдох албагүй гэж зүтгээд, эр нөхрөө хүндлэхгүй, гадуур гарахад нь араас нь утасдаж хашгичаад, хардах цагдах нь ихэсвэл яваандаа хүчирхийлэгчийг эхнэр хүн өөрөө төрүүлэхийг ч үгүйсгэх аргагүй. Нөхрийнхөө дэмжигч нь, урамшуулагч нь, тулах багана нь, чиний төлөө л зүтгэх сэтгэлийг төрүүлэх бүсгүй бай. Хааяа алдах, эндэх боломж олго, нөхөртөө итгэ.

Эрчүүд минь, хайртай бүсгүйнхээ сэтгэлийг амар амгалан байлгаж чадах л эр хүн бай. Чиний хайртай бүсгүй хааяа нэг оройтохдоо “Жаахан оройтлоо, нөгөөх чинь хоолоо хийгээгүй байгаа даа. Ямар хоол хийнэ дээ” гэж бодож харих биш. Хань минь эрт харьсан, ямар хоол хийсэн бол” гэж санаа амар харих ёстой. Тэжээвэр сэтгэлгээнээсээ сал. Хоолыг зөвхөн эмэгтэй хүн хийдэг гэдэг дундад зууны бодлоо толгойноосоо авч хая. Хоолыг хэн эрт ирсэн нь, аль завтай нь хийдэг юм. Эхнэр чинь махаа өвөртлөөд, гурилаа үүрээд, тогоогоо тэврээд явчиаахгүй нь л лавтай.

Өнөөдөр нөхрийн цалин буусан, хэнтэй архи уугаад явчих бол гэж биш “Өнөөдөр нөхрийн минь цалин буусан. Ямар амттан авчрах бол” гэж боддог тийм л амгалан, сэтгэл амар эхнэрийг бүтээ. Тийм итгэлтэй залуу бай, зүтгэлтэй эр хүн бай. Энэ дэлхийн хамгийн сайхан зүйл бол сэтгэлийн амар амгалан. Тэгж чадвал чамайг хааяа алдахад, бүдрэхэд эхнэр чинь харааж загнахгүй, үглэж яншихгүй. Үл ойлголцол ч гарахгүй. Үл ойлголцол гарахгүй бол хүчирхийлэл үгүй. Хайр өвтгөдөггүй юм. Бүгд л хайрлагдах гэж төрсөн. Бие биеэ хайрлая, хайртай хүнээ хэн болгож хувиргах нь чиний л бүтээлийн үр дүн байх болно.

3 Comments

  1. Dolgor hatsart says:

    👏👍

  2. moose mousse says:

    bisdiig gutgeh ch muuhai shvv, manai fraktsiihan bugdeeree ugsej nuguu fraktsiinhnaa gutgej uursdiin erh ashgiig hamgaaldag, tiim zuiliig harah muuhai ch bi yaltai bilee,

  3. Trewq says:

    Баярлалаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.