Цагаачлахын тулд солонгос хүнтэй гэрлэсэн бүсгүйчүүдийн АМЬДРАЛЫН ТҮҮХЭЭС

Гэрлэлтийг Өмнөд Солонгост нийгмийнхээ өмнө хүлээсэн хариуцлага гэж авч үзэх нь бий.

1990 оноос тус улсын Засгийн газраас ганц бие эрчүүд буюу нэн ялангуяа хөдөө орон нутагт амьдардаг эхнэргүй эрчүүдийг гадаад хүнтэй гэр бүл болохыг дэмжих бодлого боловсруулах шаардлагатай гэж үзжээ.

Гэхдээ харийн хүнтэй гэр бүл болохоор зорьж ирсэн цагаач бүсгүйчүүдийн амьдрал тийм ч амар биш. Зарим нь гутаан доромжлолын бай болж, гэр бүлийн хүчирхийллийн золиос болсон тохиолдлууд ч байдаг.

Тэдгээр эмэгтэйчүүдийн ихэнх нь хэлийг нь мэдэхгүй ч Солонгост амьдрахаар ирдэг. Гэхдээ айлын гэргий болохоор эх орноосоо гарсан цагаач бүсгүйчүүд Өмнөд Солонгосын нийгэмд өөрсдийн гэсэн чухал байр суурийг эзэлдэг болжээ.

Ингээд цагаач эхнэрүүдийн амьдралын түүхээс хуваалцъя.

ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧ

Ким Хана солонгос хүн биш ч төрийн албанд ажилладаг. Ким Хана Непалд авга эгчийнхээ зохион байгуулсан болзоонд очсоноор нөхөртэйгөө анх танилцжээ. Ингээд гурав хоногийн дотор тэд гэрлэх тухайгаа ярилцаж, тэр жилдээ бүсгүй Өмнөд Солонгост амьдрахаар нүүсэн аж.

Балбын залуучууд гэрлэх болон ажил хийх гэсэн шалтгаанаар гадаад улсыг зорихыг хүсдэг ч тэдний боломж нь хязгаарлагдмал байдаг тухай Ким Хана ярьжээ. Өдгөө 11 жилийн дараа тэрээр солонгос хүн биш ч Цагдаагийн албанд зүтгэх офицер болж чадсан байна.

Солонгост ирээд солонгос эрчүүдтэй гэрлэсэн эмэгтэйчүүдийн тоо сүүлийн жилүүдэд хоёр дахин нэмэгдсэн байна.

“Солонгос үндэстэн биш учраас намайг хангалттай сайн ажилладаг цагдаа биш гэж зарим хүн дүгнэж магадгүй. Гэхдээ надад ийм зүйлсийн тухай бодож өнгөрөөх цаг зав байхгүй” хэмээжээ. Тэрээр Самжана Рай гэх Балба нэрээ Солонгосын иргэншилтэй болохдоо Ким Хана хэмээн солиулжээ. Одоо тэр 31 настай.

“Би цагдаагийн дүрэмт хувцсаа өмсөөд, буугаа бүсэлхийдээ авч явахад намайг солонгос хүн шиг харагдахгүй байна гэх асуудал үүсэхгүй л байх гэж боддог” гэжээ. Ким Хана Непал, Солонгосын олон нийтийн нийгэмлэг хооронд гүүр болж, Гадаад харилцааны ажилтнаар ажилладаг байна.

БНСУ-ын Засгийн газрын дэргэдэх Олон соёлт гэр бүлийг дэмжих төвийн мэдээлснээр, Солонгост ирээд солонгос эрчүүдтэй гэрлэсэн эмэгтэйчүүдийн тоо сүүлийн жилүүдэд хоёр дахин нэмэгдсэн бөгөөд 2007 онд 120.110 байсан бол 2019 онд 287.298 болсон байна.

Өмнөд Солонгос руу нүүснийхээ дараа Ким Хана их сургуульд сурч, Непал оюутнуудтай таарчээ. “Би хүүгээ жаахан байхад нь дагуулж яваад автобусанд суусан юм. Гэтэл нэг эрэгтэй над руу “Хөөе Вьетнам аа, наашаа суу” гэж орилсон. Вьетнам эмэгтэйчүүд Өмнөд Солонгост амьдардаг гадаад эхнэрүүдийн гуравны нэгийг буюу хамгийн их хувийг эзэлдэг” хэмээн Ким Хана ярьжээ.

2008 оноос БНСУ-ын Засгийн газраас Олон үндэстэнд дэмжлэг үзүүлэх төвүүдийг байгуулж, үйл ажиллагааг нь өргөжүүлэх болсон байна. Ким Хана “Одоо гадаадын олон үндэстний маш том нийгэмлэг үүссэн. Би ажлаа хийнгээ маш олон өөр хүнтэй уулздаг” гэжээ.

ЦАГААЧДЫН ЭРХИЙН ТӨЛӨӨ ТЭМЦЭГЧ

Вон Ок Кум Өмнөд Солонгост амьдрахын тулд олон бэрхшээлтэй нүүр тулсан ч эх орондоо байхаас илүү боломжуудыг олж харжээ. Вон Ок Кум нөхөртэйгөө анх өөрийн төрсөн нутаг болох Вьетнамд танилцжээ.

Фермерийн аж ахуй эрхлэгчийн охин тэрээр Өмнөд Солонгост хуулийн удирдлагын чиглэлээр магистрын зэрэг хамгаалжээ. Вон Ок Кум өнгөрсөн жил эрх баригч либерал Ардчилсан намын гишүүн болохоор оролдсон ч бүтэлгүйдсэн байна. Гэсэн хэдий ч тэрээр цагаачдыг ялгаварлан гадуурхах явдлын хяналтыг сайжруулахын төлөө кампанит ажил өрнүүлсээр байгаа аж.

Түүнийг энэ байдалд анхаарлаа хандуулах болсон эргэлтийн цэг нь хөдөлмөрийн нөхцөлөөсөө болж ажил хаясан хэргээр баривчлагдсан Вьетнам ажилчдад тусалсан явдал байв.

ОРЧУУЛАГЧ

Кила 1999 онд 24 настайдаа Филиппинээс Сөүл хотод ирэхдээ хэлийг нь сураагүй учир солонгос нөхөртэйгөө ойлголцож чаддаггүй байжээ. Тэрээр өмнө нь гадаад улсад зорчиж байгаагүй байсан аж.

Тэр нөхөртэйгөө Филиппин дэх Нэгдлийн Сүмээр дамжуулж танилцаж байсан ба тэдний гэрлэлт хэдэн жилийн дараа дуусгавар болжээ. Нөхөр нь архины хамааралтай болж гэрээсээ явсан ба гурван хүүхдэдээ ч санхүүгийн дэмжлэг өгөхөө больсон байна.

Ингээд Кила багшаар ажиллахаар болжээ. Тэрээр “Би маш олон цагаар ажилладаг ч бүх төлбөр, нэхэмжлэлээ дарах хэмжээний хангалттай мөнгө олж чаддаггүй байлаа” хэмээжээ.

Харин өнөөдөр Кила цагаач эхнэрүүдийн зөвлөгчөөр ажиллаж давхар цагдаа, цагаачлалын албанд орчуулга хийж байна. Кила хүүхдүүдээ бусад солонгос хүүхдүүдтэй адил боломжоор хангахыг хүсдэг.

Түүний охин К-Поп уран бүтээлч болохоор бэлдэж, дунд хүү нь IT компанид ажиллаж эхэлсэн бөгөөд том хүү нь тэнгисийн цэрэгт алба хааж байна. Кила “Би хүүхдүүдээ дэмжихийн тулд бүхнээ зориулсан” хэмээн ярьжээ.

Эх сурвалж: BBC
gogo.mn

3 Comments

  1. Targan ar awgai says:

    nuhur ch ugui, svvder ch ugui gantsaaraa toos manargan tavargaj yavaa huuhnuudiin diilenh ni aashnii muugaasaa, archaagui zawaan baidal, huuramch zali meh, shunal tachaalaasaa boldiim shd, 40 garsan, 50 shurgej yavaa ch nuhurguihorvoog tuulagsad huurhii, hiisen nugliinh ni hariu l bh doo. bi nuhurt garahgui enee teree gej ih gutsnoo, nuhur ni songoj toohguim chin, tegsen hernee ajliinhaa ehnertei erstei unsrltseed ozoltsood yavdag garuudiig yaltai, ch

  2. Wen Wen says:

    manaid ch gesen ene asar olon ohid huuhnuudiig yaanaa,ter irehgeed baigaa hyatad erchuudi ni oruulaachee,deed bolovsroltoi mergejliin erchuudig urdaas oruulj irj suulgaachee,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.