Хүний бүсэлхийн тойрог биеийн өндрийн хагасаас бага байвал зохимжтойг Британийн мэргэжилтнүүд зөвлөлөө

Их Британийн эрүүл мэндийн байгууллага NICE (National Institute for Health and Care Excellence) саяхан гаргасан шинэ зөвлөмждөө хүний бүсэлхийн тойргийн урт нь биеийн өндрийн хагасаас бага байвал зохимжтойг тусгажээ.

BMI (Body Mass Index) хэмээх хэмжүүр нь хүний биеийн жингийн зохистой хэмжээг илэрхийлдэг.

Гэхдээ энэхүү уламжлалт хэмжүүр нь гэдэс хэвлийн таргалалтыг илэрхийлж чаддаггүй болохыг NICE тайлбарлажээ.

Гэдэс хэвлийн таргалалт нь чихрийн шижин, цусны өндөр даралт, зүрх судасны өвчний суурь нөхцөл болдог тул анхаарал тавих ёстой гэнэ.

Ялангуяа Ази болон Африк гаралтай хүмүүсийн хувьд “central adiposity” гэгддэг хэвлийгээрээ таргалах эрсдэл өндөртэй тул ийм шинэ зөвлөмж гаргаж байгаа юм байна.

Тухайлбал BMI хэмжүүрээр хэвийн атлаа хэвлий хэсгээрээ таргалалттай байх тохиолдол ийм хүмүүст түгээмэл байдаг гэнэ.

Бүсэлхийн тойргоо хэмжихдээ “хавирганы доод, ташааны дээд хэсгийн хооронд хэвийн амьсгалах үедээ туузан метрээр тойруулан хэмжих” ёстойг NICE зөвлөжээ.

Жишээлбэл 175 см өндөр биетэй хүний бүсэлхийн тойргийн урт 87.5 см-ээс хэтрэхгүй байх нь зохимжтойд тооцогдож байна.

Ийм хэмжүүр ямар ч хүйсний, ямар ч угсаа гаралтай хүмүүсийн хувьд ижил зөв үйлчлэхийг мэргэжилтнүүд тайлбарлажээ.

Гэхдээ BMI хэмжүүр нь 35-аас дээш гарсан хүмүүс, жирэмсэн эмэгтэйчүүд, хоёр хүртэл насны хүүхдүүдэд уг хэмжүүр үнэн зөв үйлчлэхгүй болохыг анхааруулсан байна.

Эх сурвалж: BBC

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.