Өмгөөлөгч Д.Түмэнжаргал: Бичлэгээс үзэхэд насанд хүрэгчид ашиг олох зорилгоор нэгдсэн гэж дүгнэхээр байна

2022 оны наймдугаар сарын 5-ны өдөр цахим хэрэгсэл буюу фэйсбүүкээр “Бага насны хүүхдүүд зуслангийн байшинд мансуурсан, садар самуун үйлдлийг хийсэн байдалтай байсан бөгөөд тэдгээрийг зохион байгуулсан хэсэг насанд хүрэгчдийн талаарх” хэргийн газар дээр нь шууд бичлэг хийгдсэн байдаг.

Уг бичлэгт хүүхдүүд мансуурсан, согтуу, садар самуун үйлдэл хийж байгаа нь гарч буй юм. Энэ талаар Цагдаагийн ерөнхий газрын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс тодруулахад хэвлэлийн ажилтан Б.Баярбаясгалан “Тухайн бичлэг нэг жилийн өмнө хийгдсэн хуучин бичлэг байна лээ. Тэр талаар манай хэлтэс тодруулан судалж байна” хэмээх хариултыг өгөв. Харин тухайн бичлэгт гарч байгаа үйл явдалд хууль зүйн үндэслэлийн хувьд ямар байх талаар Өмгөөллийн “Нийслэл адвокэйтс”ХХК-ийн үүсгэн байгуулагч, өмгөөлөгч Д.Түмэнжаргалтай ярилцлаа.

-Насанд хүрээгүй хүүхдүүд бие биенээ уруу татаж садар самуун. мансууралд өртөж буйг хууль эрх зүйн талаас авч үзвэл ямар уршигтай вэ?

-Эрүүгийн эрх зүйн судлагдахуунд 16 нас хүрсэн байвал хэрэг хариуцах бүрэн чадвартай субъект болно гэж үздэг.

Зарим тохиолдолд 14 насанд хүрсэн байхдаа тодорхой тооны гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдвол эрүүгийн хариуцлага оногдуулдаг. 2015 онд батлагдаж, 2017 оноос хүчин төгөлдөр мөрдөж буй Эрүүгийн хуульд заасан 12 төрлийн гэмт хэргийг үйлдсэн байвал эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан.

Тодруулбал, хүний эрүүл мэндэд хүнд гэмтэл санаатай учруулах, хүчин, хулгай, эд хөрөнгийг устгах гэмтээх, мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисыг хууль бусаар ашиглах, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах. цахим мэдээллийн системд хууль бусаар халдах гэх мэтчилэн хэргүүд багтсан. Эдгээр хуульд заасан нэр бүхий гэмт хэргийг үйлдсэн 14-16 насны этгээдэд хариуцлага хүлээлгэх эрх зүйн зохицуулалт бий.

Харин 14-өөс доош настай хүүхэд эрүүгийн болон бусад бүхий л төрлийн гэмт хэргийг үйлдсэн нөхцөлд ял оноодоггүй буюу хариуцлага хүлээлгэх боломжгүй байдаг байна.

-Хэрвээ санаатайгаар бусдыг мансууруулсан, садар самуунд уруу татсан бол хууль эрх зүйн хувьд хариуцлага бий юү?

-Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэх орон байраар хангах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн 20.8 дугаар зүйлд зааж өгсөн. Орон байраар хангасан гэж мансуурах эм. сэтгэцэд нөлөөт бодис хэрэглүүлэх зорилгоор хүн байнга, түр амьдрахад зориулагдсан төрөл бүрийн орон сууц, байшин, гэр, урц, зочид буудал, амралт сувиллын газар, зуслангийн байр, майхан зэргээр хангасан, мөн тодорхой ажил үйлчилгээ, аж ахуйн нэгж, байгууллагын нэрээр халхавчлан тусгай газар бий болгосныг үздэг байна.

Тухайн бичлэгээс үзэхэд хэргийн хэд хэдэн насанд хүрэгчид /бичлэг дээрх хүү мөнгөө төлсөн гэж орилох/ ашиг олох зорилгоор нэгдсэн байна гэж дүгнэхээр байна.

Энэ нь Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэх орон байраар хангах гэмт хэргийг зохион байгуулалттай үйлдсэнээр хүндрүүлэх шинжтэй (Эрүүгийн хуулийн 20.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэг) болж байгаа юм. Зохион байгуулалттай гэм хэрэг үйлдсэн гэж мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэх орон байраар хангах гэмт хэргийг гэмт хэрэг үйлдэж байнга ашиг олох зорилгоор урьдчилан нэгдсэн гурав, түүнээс дээш хүний тогтвортой нэгдэл үйлдсэнийг ойлгоно.

Мөн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис болон согтууруулах ундаа, мансууруулах үйлчилгээ бүхий бодис/цавуу, ахуйн гааз, бензин/ зэргийг хуульд ялгамжтайгаар зохицуулсан байдаг. Харин тухайн бичлэг дээр гарч буйгаар бол Хүүхдийг байнгын мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэх орон байраар хангаж. донтох байдалд татан оруулсан бол Хүүхдийг согтуурах, мансуурах, донтох байдалд татан оруулах /Эрүүгийн хуулийн 16.2 дугаар зүйл/ гэмт хэрэг болон дээр дурдсан 20.8 дугаар зүйлтэй давхар зүйлчлэх юм.

-Хүүхдээ ийм байдалд оруулахгүйн тулд эцэг эхчүүд хууль зүйн ямар мэдлэгтэй байх ёстой вэ?

-Хүүхдээ ийм байдалд оруулахгүйн тулд хууль зүйн гэхээсээ илүү тухайн асуудлын талаар эцэг, эх өөрсдөө мэдлэгтэй байх шаардлагатай. Учир нь хүүхдээсээ хар тамхи ч юм уу архи эсхүл садар самуунд уруу татагдаад байна уу гэж шууд асуух нь тухайн хүүхэд үнэн байдлаа хэлэх (эсхүл хэрэглэж үзээгүй байсан ч үзэх сэдлийг нь төрүүлдэг) бодлыг үгүйсгэдэг.

Иймд садар самуун явдал гэж юу болох мансууруулах бодис, түүний хор нөлөөний талаарх ойлголтыг шат дараатай өгч нээлттэй ярилцан, урьдчилан сэргийлэх байдлаар хүүхдийнхээ хувцас, цүнх, өдөр тутам хэрэглэдэг зүйлсийг нь шалгаж байх хэрэгтэй. Мөн мэргэжлийн байгууллагаас өгч буй мэдээ, мэдээлэл, зөвлөгөө, зөвлөмжтэй танилцаж байх шаардлагатай.

-Өсвөр насныхны мансууруулах сэтгэцэд нөлөөлөх бодист донтох эрсдэлтэйг судалсан судалгаа байдаг болов уу?

-Хүүхдийн 13-14 нас бол шилжилтийн үе буюу хүүхдээс том хүн болох, төлөвших, донтолтод өртөх магадлал хамгийн өндөр эмзэг үе байдаг бөгөөд эцэг, эхийн анхаарал, хайр халамж, зөвлөгөө, хараа хяналт чухал байдаг байна.

2019 оны “Хүүхэд, өсвөр насныхны мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодист автах эрсдэл, түүнээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ” криминологи судалгаанд орон нутаг болон нийслэлийн нийт 1,067 сурагч оролцсоноос 529 нь эрэгтэй, 538 нь эмэгтэй сурагч байна. Үүнээс

  • долдугаар ангийн 60 хүүхэд,
  • наймдугаар ангийн 157 хүүхэд,
  • есдүгээр ангийн 215 хүүхэд,
  • аравдугаар ангийн 243 хүүхэд,
  • арваннэгдүгээр ангийн 189 хүүхэд,
  • арванхоёрдугаар ангийн 203 хүүхэд буюу шилжилтийн нас нь эхэлж буй 10-18 насны хүүхдүүд оролцжээ.
  • Тус судалгааны үр дүнд судалгаанд оролцогчдын 74 хувь нь мансууруулах бодис огт хэрэглэж байгаагүй. 13 хувь нь ганц удаа хэрэглэж байсан, 2 хувь нь хааяа хэрэглэдэг гэсэн бол 11 хувь нь олон удаа хэрэглэж байсан гэсэн судалгаа гарчээ. Энэ нь мансуурах байдалд донтсон бага насны болон өсвөр насныхан байгааг илтгэсээр байна.
  • Мансууруулах бодисыг ямар шалтгааны улмаас хэрэглэж буйг тогтооход судалгаанд оролцогчдын 21 хувь нь мансууруулах бодисыг бусдын дарамт шахалтаар хэрэглэдэг, 25 хувь нь сонирхоод хэрэглэдэг, 24 хувь нь бусдыг дуурайж хэрэглэдэг гэсэн бол 25 хувь нь тайвшрах гэж хэрэглэдэг хэмээн хариулжээ.

Мөн мансууруулах бодисыг сонирхох маягаар хэрэглэж үзэж байсан уу гэсэн асуултад огт хэрэглэж байгаагүй гэсэн хариулт ахлах ангийн хувьд сурагчид 436, дунд ангийн хувьд 315 байна. Ганц удаа хэрэглэж байсан гэсэн хариулт ахлах ангийн хувьд 85, дунд ангийн хувьд 43 байна.

Хааяа хэрэглэдэг гэсэн хариулт ахлах ангийнхны хувьд 14, дунд ангийнхны хувьд 11 байна. Олон удаа хэрэглэсэн гэсэн хариулт ахлах ангийн хувьд 16, дунд ангийн хувьд 34 байна. Харин уг асуултад 115 сурагч ямар нэг хариулт өгөөгүй байна. Дунд ангийн сурагчид нь ихэвчлэн 10-15 насны сурагчид байдаг бөгөөд судалгааны үр дүнд мансууруулах бодис хэрэглэж үзсэн, давтамжтай хэрэглэдэг гэх тоо чамгүй их гарсан байна.

Хүүхэд, залуучууд бие биесээ сонсох, даган дуурайх, мөн телевиз, интернэтээс ямар ч шалгуур, цензургүй мэдээлэл авах боломж нээлттэй байна. Хэрэглэгч, донтогч болсон тохиолдолд үзүүлэх эмнэлгийн болон сэтгэл зүйн. нийгмийн тусламж үйлчилгээний стандарт байхгүй зэрэг нөхцөл байдал нь энэ төрлийн гэмт хэрэг өсөн нэмэгдэх шалтгаан болж байна.

SOURCE: dailynews.mn

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.