Зулбалтын талаар таны зайлшгүй мэдэх хэрэгтэй баримтууд

Эмэгтэйчүүдийн хувьд төдийлөн ярилцахыг хүсдэггүй эмзэг сэдвүүд байдаг. Таны эрүүл мэндэд үзүүлэх эрсдэлийг багасгах болон нийтлэг байдаг буруу ойлголтыг засахад багахан ч болов нэмэр болох болов уу гэсэн үүднээс өнөөдөр бид тэдний нэгийг хөндөх гэж байна. Жирэмслэхээр төлөвлөж буй болон жирэмсэн эхчүүдийн хамгийн том айдсын нэг бол зулбалт юм. Иймд бид зулбалтын талаар таны зайлшгүй мэдэх хэрэгтэй баримтуудыг нэгтгэн хүргэж байна.

Ихэвчлэн зулбалт эхний триместрт тохиолддог

Жирэмсний эхний 22 долоо хоногийн дотор ураг амьдрах чадваргүй болж ураг аяндаа гарахыг зулбалт гэнэ. 4 жирэмслэлт тутмын нэг нь зулбалтаар төгсдөг байна. Энэ нь жирэмсний эхний триместрийн хугацаанд учрах хамгийн түгээмэл хүндрэл юм. Зулбалтыг эмнэл зүйн илрэлээр дараах 7 төрөлд хуваана:

  • Тулгарсан буюу завдсан
  • Эхэлсэн зулбалт
  • Явуут зулбалт
  • Бүрэн зулбалт
  • Бүрэн бус зулбалт
  • Халдварлагдсан зулбалт
  • Өсөлтгүй зулбалт

Цус гарах нь зулбалтын шинж тэмдэг биш байх магадлалтай

Зулбалтын үед таталт, цус зэрэг зэрэг шинж тэмдгүүд нийтлэг ажиглагддаг. Гэвч цус гарах нь шууд жирэмслэлт алдагдаж буйн шинж тэмдэг гэсэн үг биш юм. Шинжээчдийн үзэж байгаагаар жирэмсэн эхчүүдийн 15-25%-д цус гарах, цусны толбо ажиглагдах шинж тэмдгүүд илэрдэг гэдгийг судалгаагаар тогтоожээ. Мөн бие давхар үедээ бэлгийн харьцаанд орсноос хойш 72 цаг хүртэлх хугацаанд ч мөн адил цусны толбо ажиглагдах магадлалтай байдаг. Тиймээс цус гарах шинж тэмдэг ажиглагдаж эхэлсэн л бол та хяналтад буй эмчдээ хандаж шалтгааныг тодруулах зайлшгүй шаардлагатай.

Зулбасан тохиолдолд дахин жирэмслэх боломжгүй гэсэн үг огт биш

Зулбах тохиолдол түгээмэл байдаг гэж болох бөгөөд үүнд нөлөөлөх олон хүчин зүйлс бий. Тухайлбал, чихрийн шижин, бэлгийн замын болон бусад халдварт өвчин, дааврын тогтворгүй байдал, умай, умайн хүзүүний дутмагшилтай холбоотой эмгэг, бамбай булчирхайн эмгэг гэх мэт эрсдэлт хүчин зүйлсэд багтана. Нийт эмэгтэйчүүдийн 5 хувь нь хоёр дарааллан зулбах, 1 хувь нь гурван удаа дарааллан зулбах тохиолдол байдаг. Хэрвээ хоёр удаа дараалан зулбасан тохиолдолд, гурав дахь удаагаа зулбах магадлал 23 хувь, гурван удаа бол 32, дөрвөн удаа бол 37 хувь байдаг байна. Үүнээс үзэхэд хоёр ба түүнээс дээш удаа зулбаж байсан тохиолдолд дараагийн удаад энэ тохиолдох магадлал нэмэгдэж байгааг харж болно. Гэвч зулбалтын шалтгаан нь нөхөн үржихүйн эрхтний асуудалтай холбоогүй бол эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн чадавхад ямар нэгэн байдлаар сөргөөр нөлөөлдөггүй байна. Нийт зулбалтын 75% нь эсийн хромосомын тооны хэвийн бус байдлаас үүдэлтэй анеуплойд гэх эмгэгээс болдог байна.

Нас чухал байдаг уу?

Жирэмсэн эхийн нас залуу байх тусам ямарваа нэгэн эрсдэлгүй амаржих магадлал нэмэгддэг. Хэрэв 30-аас доош насандаа жирэмсэлсэн бол зулбах магадлал 10%, 40 настай бол 33% байдаг байна. Гэвч зулбах магадлал өндөр байгаа насны бүлгийн эмэгтэйчүүд жирэмслэхээс айж эмээлгүйгээр урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдаж, өөрийн эрүүл мэндийн байдалд онцгой анхаарал тавьснаар эрсдэл учрах магадлалыг багасгах боломжтой гэдгийг санах хэрэгтэй.

Таны эрүүл мэнд хамгийн чухал нь

Жирэмслэхээр төлөвлөсөн хугацаанаас эхлэн эрүүл мэндийн цогц үзлэгт хамрагдах шаардлагатай. Таны төдийлөн анхаарал хандуулдаггүй байж болох жижиг асуудал ч ямар нэгэн байдлаар эрсдэлт хүчин зүйл байхыг үгүйсгэхгүй. Үүний зэрэгцээ хорт зуршлаасаа татгалзах зайлшгүй шаардлагатай. Хэдий жирэмслэлт хэвийн явагдаж та амаржсан байж болох ч хүүхдийн цаашдын амьдралд эрүүл мэндийн ямар нэгэн асуудал бий болоход нөлөөлөх хүчин зүйлсийн нэг шүү дээ. Жирэмслэлтийн явцад маш хариуцлагатай хандаж, биеийн болон сэтгэл зүйн эрүүл мэнддээ анхаарах нь учирч болох эрсдэлийн ихээхэн хувийг багасгах болно. Энэ нь дан ганц зулбалт бус дутуу төрөлт, төрөхийн хүндрэлээс ч таныг урьдчилан сэргийлэхэд туслах чухал явц юм.

Ам дамжсан ярианд биш анагаах ухаанаар нотлогдсон зүйлд л итгэ

Зулбалт нь түгээмэл тохиолддог, хүн бүрийн хувьд өөр шалтгаан, нөхцөл байдалтай тохиолдож байсантай холбоотой баталгаатай болон баталгаагүй маш олон ам дамжсан яриа байдаг. Үнэн худлыг ялгалгүй сэтгэл санаагаар хямрах, түгшүүртэй нөхцөл байдал үүсгэх огтхон ч хэрэггүй. АНУ-ын Огайо мужийн Анагаах ухааны их сургуулийн хийсэн шинэ судалгаанд эмэгтэйчүүдийн дунд нийтлэг байх ойлголтуудын талаар тусгаж өгxээ.

Хэт их дасгал хөдөлгөөн хийх нь зулбах магадлалыг нэмэгдүүлдэг. ҮГҮЙ

Судалгаанд хамрагдсан эмэгтэйчүүдийн 20% нь үүнтэй санал нэгдсэн. Гэвч эсрэгээрээ ихэнх мэргэжилтнүүд эмчийн зөвлөснөөр дасгал хөдөлгөөн хийх нь эх болон хүүхдийн эрүүл мэндэд эерэгээр нөлөөлдөг гэдгийг хэлж байна. Дасгал хөдөлгөөн нь стресс, өвдөлт багасгах, төрөхийн хүндрэлээс урьдчилан сэргийлэх зэрэг давуу талуудтай юм.

Сэтгэл санааны байдал нь зулбалтад нөлөөлдөг. ҮГҮЙ

Судалгаанд хамрагдсан эмэгтэйчүүдийн 35% нь үүнтэй санал нийлсэн. Хэдий сэтгэл санааны тогтворгүй байдал, ааш зан өөрчлөгдөх зэрэг нь жирэмсэн үед тохиолдох үзэгдэл ч үүнийг зулбалтын эрсдэлтэй холбож баталсан судалгаа байдаггүй гэдгийг судалгаа хариуцаж явуулсан мэргэжилтэн мэдэгджээ. Гэвч нөгөөтээгүүр хэрэв та байнгын сэтгэл санаагаар унах байдал ажигласан бол хяналтад буй эмчдээ заавал хандаарай. Учир нь нийт жирэмсэн эмэгтэйчүүдийн 10-20% нь сэтгэл гутралаас болж шаналдаг. Хэдий энэ нь зулбалтын эрсдэлд нөлөөлөхгүй ч тодорхой эмчилгээ, тусламж зайлшгүй шаардлагатай асуудал гэдгийг мартаж болохгүй.

Хүчтэй стрессээс болж зулбадаг. БАТЛАГДААГҮЙ

Судалгаанд хамрагдсан эмэгтэйчүүдийн 75% нь үүнтэй санал нийлсэн. Гэсэн хэдий ч стресс болон зулбалтын талаарх ихэнх судалгаа маргаантай байдгийг мэргэжилтэн хэлжээ. Өдөр тутмын стресс, ажлын ачаалал, төрөлтийн талаар хэт түгших зэрэг нь зулбалтын эрсдэлд нөлөөлөх хүчин зүйл биш гэж үзэж болно. Харин жирэмсний үед гэр бүл, ойр дотнын хэн нэгэн амь насаа алдах тохиолдолд стрессийн нөхцөл байдлыг эрсдэлд хэрхэн нөлөөлж болох талаар ярилцаж болохыг мэргэжилтэн тэмдэглэжээ. Харин стресст өртсөн жирэмсэн эмэгтэй тамхи татах, согтууруулах ундаа хэрэглэх, сэтгэцэд нөлөөлөх эм, бодис хэрэглэх нь зулбалтад нөлөөлөх хүчин зүйл болдог байна.

Бэлгийн харилцаа зулбалтын эрсдэлийн нэмэгдүүлдэг. ҮГҮЙ

Судалгаанд хамрагдсан эмэгтэйчүүдийн 25% нь үүнтэй санал нийлсэн. Бэлгийн харилцаа ургийн хэвийн хөгжилд нөлөөлдөггүй. Гэвч үүний бэлгийн харилцааны дараагаар цус гарах, өвдөлт мэдрэгдэх, шингэний алдагдал зэрэг шинж тэмдэг илэрвэл тур хугацаанд завсарлах нь зүйтэй. Хэрэв танд эдгээр шинж тэмдэг илрээгүй, ямар нэгэн зовуурь илрээгүй тохиолдолд татгалзах хэрэггүй юм. Гэхдээ ямар ч тохиолдолд эргэлзээ төрүүлэхээр шинж тэмдэг илэрвэл та эмчид хандах хэрэгтэй гэдгийг санаарай.

PS: Энэхүү нийтлэл нь зөвлөмж өгөх зорилготой. Өөрт илрэх шинж тэмдгүүдийг анхааралтай ажиглаж, зөв таних шаардлагатай бөгөөд хэрэв байдал хүндэрсэн тохиолдолд та заавал мэргэжлийн эмчид хандах шаардлагатай гэдгийг анхааруулж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.