Тэр хүнээс үлдсэн нэг ч мэдээлэлийг ор үндэсгүй устгана даа би…

Манай аав гэж нэг улаан архичин байж билээ. Би одоо 40 хүрж байгаа эр хүн байна. Гэхдээ аавын үлдээсэн муу дурсамжууд үлдсэн бид нарын амьдралыг үүрд харааж үлдсэн юм байна гэдгийг ойлгосон. Бид ах дүү 3-уулаа байлаа. Ах минь надаас 2 ах. Харин эмэгтэй дүү минь дөнгөж 30 хүрж яваа. Ээж минь гэж нэг насаараа нарийн бичиг хийсэн хүн байдаг юм. Одоо 70 хүрч яваа хөгшин хүн, их зовж байгаа.

Миний бага нас аймаар муухай архичин амьдралын дунд өнгөрсөн. Аав гэж нэг амилсан чөтгөр байсан даа. Нэг 2 найзаа дагуулж ирж гэрт балиар архидана. Цагаан архи уугаал байна, уугаал байна. Шөнийн 2, 3 болж байхад манай гэрт диско бар шиг хүмүүс пижигнэдэг байж билээ. Нэг босоод харахаар галт тогоонд 2 найз нь үнсэлцэж барьчихсан том өрөөнд шалаар нэг 2 хүн тасраад унтчихан, нуль тамхины утаа, архи энд тэнд асгарчихсан ёоё. Тийм л орчинд өссөн дөө. Ээж минь хөөрхий тэнэг амьтан байсан. Аавыг аргадаж унтуулах гээд л хамаг аргаа барчихна. Архинаас нь уулцаж байгаад өөрөө тасраад унтаад өгчихнө. Буланд хана руу хараад унтаж байдаг ээжийгээ
зөндөө харсан даа.

Тэгээд болоогүй эндээс хамаг оройн үйл явдал эхэлдэг байсан гээч. Шөнө болохоор 3, 4-н үед нөгөө уусан найзууд нь яваад өгнө. Эсвэл яв яв миний хөгшин гэж байгаад явуулчихдаг. Найзууд нь хаалгаар гарах мөч ямар харамсалтай санагддаг байсан гээч. Тэрүүгээр түчигнэж байгаад л за найзаа үнсий барий гээд л их сайн хүмүүс шиг сална. За тэгээд 2, 3 минутын дараа агсан тавилт нь эхэлдэг байсан. Нөгөө өрөөнд шаазан аяга, архины шил түс тас гээл хагараад явчихна. Шууд хана руу шидээл ээж рүү орилоол дайрчихна. Яи муу банзал янхан юу юу гээд л. Ямар аймаар байдаг байсан гээч. Бид 3 юу ч хийж чадахгүй хараал уйлаад л байж байдаг байсан. Бид нарыг үүрийн 4-т сэрээгээд айлгаж байна гэдэгтээ юу ч санаа зовдоггүй чөтгөр байсан даа. Хөөрхий муу ээж минь согтуу унтсан ч гэсэн айсандаа сэрчихдэг байж билээ. Тэгээд л зодоон нүдээн уйлаан майлаан. Манай гэрт бүрэн бүтэн юу ч үлдээгүй. Хамаг тавилга нь эвдэрхий зурагт нь цуурчихсан. Бүтэн аяга таваг ч байхгүй.

Тэр хүн архи ууж байгаад 7, 8 жилийн өмнө үхсэн. Ах бид 3 ёстой тоогоогүй. Ээж дүү 2 л жоохон уйлсан. Би бүр нас барсных нь хэд хоногийн дараа найзуудтай шоудсан. Сайхан ууж идээд инээж ханиагаад юу ч тоогоогүй, угаасаа тоох ч үгүй. Тэр хүний түүх тэгээд дуусгавар болсон уу гэвэл үгүй. Одоо тэр хүний үлдээсэн балиар мөр нь бүр аймаар түүхийн эхлэл болсон гээч. Би айлын дундах ер нь өөрийгөө багаасаа л аваад явчихдаг нэгэн байсан. Харин ах минь аавын хүчирхийллээс болоод аймаар аймхай болчихсон. Арга ч үгүй биз. Бид хоёрыг төрхөөс өмнө бүтэн 2 жил нялхаараа үйлээ үзсэн гэсэн. Энэ миний хүүхэд биш байна гээд согтуудаа хана руу шидэж байсан гээд боддоо. Тэгээд ах ер нь 16 хүрээд л нэг сонин гажиг болчихсон. Аймаар ээрүү болоод юм болгонооос айж цочдог. Бүр идэр 18 настай байх даа жоохон хав нохой хуцаад ойртоод ирсэн чинь айгаад орилж давхидаг болчихсон байсан. Тэр үед аав бас л гэртээ шоугаа хийж байсан даа. Эмчид үзүүллээ одоо хүүхдээ тайван байлга. Гүн штампанд орчихсон байна эдгэхгүй шүү гээд эмч нар сануулаад л байсан сануулаад байсан.

Гэтэл түй май би ууна гээд гудраал байсан. Аймаар амьдрал байсан шүү. Ах удахгүй архи ууж үзээд архиар нэг тайвшрал олж авч болох юм байна гэдгийг мэдэрсэн юм билээ. 20 хүрээл нэвширтэл уудаг болчихсон байсан гээд боддоо бүр ааваас аймар. Аав болохоор уугаал согтоол агсам тавиал унтдаг. Ах минь хөөрхий уугаал шууд тасартлаа уугаад л унтчихдаг. Тэгээд яахав 30 хүрэхээсээ өмнө нэг ангийнхаа хөдөөний охинтой суусан л даа, нэг хүүхэдтэй. Хашаа байшинд амьдрах гэж зовсон зовсон. толгой нь их өвддөг байсан юм шиг байна лээ. Өвчин зовлон сэтгэлээ засах ганц арга нь архи. Аав хөгшрөөд архи даахгүй болчихсон байхад ах ёстой аймаар уудаг болсон. Гэрт нь очихоор хөөрхий архины шил өрчихсөн унтаж байдаг байж билээ. Аавын нас барсан жилээс 2 жилийн дараа ах бас архиар явсан даа. Ямар байна даа энэ амьдралын түүх. Төрсөн хүүхдээ алсан хүн шүү дээ. Ил цагаан биш ч далдуур хөнөөсөн эцэг хүн гэж ийм байдаг юм.

Охин дүү маань бас олигтой явахгүй байгаа. Эмэгтэй хүүхэд эцэг шигээ хүнтэй суудаг гэж үнэн байх. Дүү маань явж явж нээх архичин хөгийн арчаагүй гартай суучихсан. Дүү минь уул нь зүс царай гайгүй охин байдаг байсан даанч эцэг шигээ хүнийг далдуур хайдаг болчихдог гэдэг үнэн юм шиг байна лээ. Уул нь хойноос нь аягүй дажгүй залуучууд гүйлддэг байсан чинь явж явж нэг хөгийн архичинтэй суучихсан. Тэр нь хүүхэдтэй болгочихоод салж явах гэж зүтгээд дүү минь зууралдаад л. Би боддог юм удахгүй нэг боломж гарахаар нь тэр архичин эцгээс үлдсэн зураг хөрөг бүх юмыг нь авч яваад хогийн цэг дээр хаяна эсвэл шатаана л гэж боддог. Энэ үйлдлээ бүр бахархалтайгаар хийнэ. Үлдсэн хүүхдүүд нь хүн шиг амьдарсан бол яая гэхэв. Үхэхдээ хүртэл хүүхдүүдээ хараачихаад үхсэн хүн дээ адгийн новш.

Би нэг удаа сэтгэл зүйчтэй ярьж үзэж байсан. Ийм ийм трауматай энэ тэр гээд хэлсэн чинь миний дүү чи битгий ингэж бод тэр хүн байгаагүй бол чи өнөөдөр байхгүй байсан бла бла бла. Өөр хүмүүсээс ч тийм зүйл сонсдог. Дотроо бол ТҮЙ МАЙ гээд л сонсож байдаг. Тэр хүний нэр ус бүх юмыг ор үндэсгүй устгаж алга болгоно. Үр хүүхэддээ хүртэл өвөөгийнх нь талаар ямар ч мэдээлэл өгөхгүй. Тэр хүнээс үлдсэн нэг ч мэдээлэлийг ор үндэсгүй устгана даа би…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.