Миний бяцхан түүх

Би өөрийн түүхээ хуваалцах гэсэн юм. Битгий харааж зүхээрэй. Би хөдөө нэгэн суманд 13 настай охин, 10 настай хүүтэйгээ амьдардаг энгийн нэг 32 настай төрийн албан хаагч эмэгтэй. Сая намар хотоос судалгааны ажлаар ирсэн гээд өндөг шиг өөгүй царайтай, цав цагаан өндөр залуу манай суманд ирж 14 хоног ажиллаад буцсан юм.

Манай сум алслагдсан сум учраас нэх хүн амьтан гаднаас ирээд байдаггүй болохоор хааяа ирсэн зочид сумын ЗДТГ-н байрны нэг өрөөнд байрладаг. Манай ЗДТГ-н өрөө нэг төмөр орноос өөр юу ч байхгүй, гадаа 00-той. Манай дарга хотоос ирсэн энэ залууг чи байшингийнхаа нэг өрөөнд түр байлгаач, арай дулаахан, бас хоол ундтай гэсний дагуу манай байшинд 14 хоноод буцсан юм. Манай суманд гадны том төслийн судалгааны ажлаар ирсэн тул аль болох тухтай байлгах гэж бид хэрэндээ л хичээж байлаа.

За ингээд мань залуу гэрт орж ирснээс эхлээд эелдэг гэж жигтэйхэн, хөдөөний надад хаалга онгойлгож өгөхөөс эхлээд гайхшруулж өглөө. Хөдөө мэдээж ийм хотын соёл байхгүй. Байсхийгээд л сумын дэлгүүрын хамаг гайгүй хоол ундны зүйлсийг гэрт авч ирдэг байсан. Хэрэггүй ээ гэсэн чинь “Би угаасаа томилолтын мөнгө авдаг учраас би өөрөө уг нь хоол ундаа зохицуулах ёстой юм аа” гэсэн. Орой ажлаас тарж ирээд манай хүү охин 2-той тоглож, хамт Ipad-аараа кино үзэж манай 2 хүүхдэд мөн ч их жаргалтай байгаа нь мэдрэгдэж байлаа. Урд нь манай гэрт хэзээ ч ингэж дуутай шуутай жаргалтай, халуун дулаан уур амьсгалтай байж үзээгүй. Эцэг нь хамт байх даа хэзээ ч ингэж 2 хүүхэдтэйгээ тоглож байгаагүй. Ёстой л түр ирсэн бурхны элч 2 хүүхдэд минь эцгийн хайр гэж ийм юм байдаг юм аа гэдгийг үзүүлэх гэж ирсэн мэт. Манай бага хүү бүр өвөрт нь унтдаг боллоо. Би хотын соёлтой залуу хөрслөг бор хүүгээс минь сэжиглэх вий дээ гэж санаа зовно. Охин бүр орой орж ирэхийг нь надаас илүү хүлээж байгаа нь илт. Орой ирэх болгондоо гэрт суманд байгаа хамаг гоё юмыг тор дүүргээд ороод ирнэ. Бид тойрч суугаад хоол идэж оройжин хөгжилдсөөр орондоо орцгооно. Би нэг зүйлд санаа зовж байлаа. Бид 3-н энэ аавтай мэт жаргал хэдхэн хоноод манан мэт саринана гэдэгт. Харин 2 хүүхэд минь маш их санан үгүйлэх байх даа гэж.

Эв хавгүй ч гэсэн түлээ хагалж өгнө. Хэрэггүй гээд байхад л ус авна, гэр цэвэрлэнэ. Манай суманд эр хүн хэзээ ч хоол хийж, гэр цэвэрлэдэг ёс байгаагүй. Яахав хаа нэг байгаа л байх. Гэхдээ ингэж эмэгтэй хүнийг хүндэлж, дээдэлж, зөөлөн харж, инээмсэглэдэггүй.
За ингээд би бас 2 хүүхэдтэйгээ нийлээд энэ залууд хайлаад л явчихлаа. Орой бүр яагаад ч юм хүлээдэг болсон. Намайг гэхдээ хэзээ ч тоохгүйг мэдэж байгаа л даа. Гол нь манай хүүхдүүд одоо хүртэл үгүйлээд, яриад гуниглаад хэцүү юм. Манай хүү Ipad-аар нь тоглоом их тоглодог байсан юм, явахдаа 2 хүүхдэд минь Ipad-aa бэлэглээд явсан. Гэхдээ дататай байж юм үздэг юм билээ. Би ямар байнга дата аваад байж чадах биш. За энэ ч яахав.

Хамгийн гол нь энэ цагаан залуу бид 3-н зүрх сэтгэлийг өөрөө ч мэдэлгүйгээр үймүүлчээд яваад өгсөн дөө. Манай хүү охин 2 явдаг өглөө нь уйлаад салдаггүй, би хүмүүсийн хажууд ёстой нулимсаа залигаад гүрийгээд үлдсэн дээ. Дараа жил заавал ирж амарна гээд л явсан. Манай 2 хүүхэд хэзээ ч эрэгтэй хүнээс ийм их хайр энхрийлэл авч байгаагүй. Орой болгон охин маань ийм аавтай байдаг ч болоосой гэж ярьж санаа алддаг. Сумын төвийн бор эмэгтэй би ч гэсэн ийм их халамж эрэгтэй хүнээс гардаг гэж огт төсөөлдөггүй байсан. Кинон дээр л байдаг байх гэж боддог байлаа.

Жич: Бид 2-н дунд юу ч болоогүй. Харин би л хандтай байгаагаа өөрийн мэдэлгүй илэрхийлсэн байж магад. Гэхдээ хэзээ ч бүтэхгүй, намайг тоохгүй учраас би араас нь харьцах ч шаардлага байхгүй гэж боддог. За нэг ийм түүх байна. Хамгийн их их баярлаж байгаа зүйл нь миний 2 хүүхдэд хайр халамж ийм түвшинд байдаг юм шүү гэдгийг мэдрүүлээд явсанд маш их баярладаг даа энэ залууд…

4 Comments

  1. Och says:

    Araas n davhiad och ta 3 kk yadiin tgd erunhiido hot huree baraadku yu gazriin muhart hugjihgui yuga hiidiin

  2. Зочин says:

    Бор болохоороо хүнээр хайрлуулж болохгүй гэсэн үг биш шүү!!

  3. золоо says:

    Мэдрэл хүмүүс л хараал бичих бхдаа. Сайхан түүх бна сайн ч залуу бна. Хүний орчлонд хүн чанар, нэгнээ хүндлэх мэдрэмж гэж бдаг юм шүү гсн утгыг хүүхдүүдэд чины мэдрүүлсэн бна.

  4. gegeeleg says:

    сайн байна уу, харааж зүхэх юу байхав дэ хөөрхөн түүх байна. юмыг өөрөөр харах, ийм байж болдогын байна гэж ойлгуулсан эргэлтийн цэг болсон сайхан түүх байна. цаашдын ажил, амьдралд нь сайн сайханыг хүсье

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.