Сайн байна уу? Би өөрийнхөө тухай бичиж, та бүхнээс зөвлөгөө авах гэсэн юм аа. Би 29 настай, нөхөртэйгөө 8 жил амьдарсан. Харин нөхрөөсөө салаад жил өнгөрч байна. 2 хүүтэй, нэг нь 2-р анги, нөгөө нь 4 хүрч байна.
Бид хоёр дундаа нэг машинтай юм л даа. Миний нэр дээр, банкны зээлтэй байгаа. Би салж яваад нэг удаа зээлээ төлөөгүй, нөхөр ч бас адил. Одоо банкнаас утасдаад зээлээ төл гээд байгаа. Гэхдээ надад одоогоор ямар ч боломж байхгүй байна. Хүүгээ сургуульд нь өгч авна гээд зав зайгаараа хийж олсон хэдэн төгрөг маань хаанаа ч хүрэхгүй юм.
Тэр машиныг нөхөр хөдөө унаад явсан. Надад гэрчилгээ нь л байна. Зараад банкны хүүгээ өгөөд яс амаръя гэхээр машин над дээр биш болохоор хүн амьтанд үзүүлж, харуулж зарж чадахгүй юм. Шүүхэд өргөдлөө өгөөд 2 хүүдээ ч гэсэн тэтгэлгийг нь тогтоолгох юмсан гэж бодож байна. Тэр хүн салснаасаа хойш 2 хүүгээ эргэж тойрч, харж хандсан удаагүй.
Намайг машин авна гэхээр “чамд үхсэн ч өгөхгүй” гэсэн. Гэхдээ хуулиар явбал бид хоёрын авсан машин дундын өмч болох биз дээ? Одоо өдөр бүр л банкнаас утасдаад, үнэхээр дарамттай, хэцүү байна. Машин миний нэр дээр болохоор замын цагдаад өргөдөл өгөөд, хаа явж байгаа газраас нь хураалгаж аваад зарж болох уу? Гэрлэлтээ цуцлуулаагүй байж дундын өмч зарсан хэргээр надад асуудал үүсэх болов уу? Хаана, яаж хандахаа үнэхээр мэдэхгүй байна.
Уг нь тэгж аваад зарчихвал зарсан мөнгөнөөсөө 4 хувийн нэгийг нь нөхөртөө өгөөд, үлдсэн мөнгөөр нь банкны өрөө төлөөд амар тайван баймаар байна. Бидний амьдарч байсан байр тэдний аавынх, тэндээс би авна энэ тэр гэхгүй ээ, минийх биш. Өөр бидний дундын өмч гэвэл нэг ТВ л байх шиг.
Харин 2 хүүхдийнхээ тэтгэлгийг 1 жилээр нь авах гэж болдог болов уу? Тэр хүн гэр бүл болсноосоо хойш нэг ч ажил хийж байгаагүй, хөдөө аав ээж рүүгээ явдаг байсан. Би хүүхдүүдээ харж гэртээ сууна, хааяа ээжээсээ мөнгө авна. Сүүлд өөрөө лангуу ажиллуулж хоол ундаа залгуулдаг болсон. Одоо бол лангуугаа ч ажиллуулж чадахгүй болчихоод байна. Хүүхдүүдийн хувцас хунар, хичээлийн хэрэглэл, элдэв шалдав мөнгөний асуудал тасрахгүй юм даа.
Шүүхэд өргөдөл өгөхөд 70 мянга байдаг юм байна лээ. Одоохондоо өргөдөл өгөх боломж олдохгүй л байна. Ямар ч байсан эвлэрүүлэн зуучлахаар ордог юм байна лээ. Гэхдээ түрүүлж өргөдөл өгсөн нь буруудна гэсэн юм байхгүй биз дээ? 2 хүү минь надтай байна гэсэн. Угаасаа аав нь хүүхдийн баяр, төрсөн өдөрт нь ч ирээгүй. Одоо бүр аавдаа гомдчихсон байна лээ. Би энэ үед яг яавал дээр вэ? Зөвлөгөө өгч туслаач. Үнэгүй өмгөөлөгч гэж байдаг болов уу?