Би явуулах ёстой юм шиг

Сайн байцгаана уу. Би энэ захидлыг бичих гэж их удлаа. Сэтгэлээ онгойлгохгүй бол дотроо багтраад байх шиг санагдаад. Би одоо 27 настай, жирийн л нэг эмэгтэй. Зургаан жилийн өмнө нэг залуутай танилцсан. Бараг анхны харцаар дурласан байх. Тэр үеэс хойш миний зүрх нэг л хүнийг дагаж цохилсоор иржээ.

Эхний дөрвөн жил бид хааяа л уулздаг байлаа. Тэр надад хайртай байгаагүй. Би зүгээр л уулздаг охидынх нь нэг байсан байх. Гэхдээ хайртай хүнээсээ хол байж чаддаггүй юм билээ. Нэг мессеж, нэг дуудлага л намайг буцаагаад очуулчихдаг байсан. Нэг өдөр би өөрөөсөө залхсан. Ийм тодорхойгүй байдалд амьдрахаас залхсан. Тэгээд сэтгэлээ илчилж, “би чамд хайртай” гэж хэлээд бүх холбоог тасалсан. Утас, сошиал бүгдийг нь блоклосон.

Гэтэл хэсэг хугацааны дараа тэр намайг өөрөө олж ирсэн. Тэр үеэс хойш сүүлийн нэг жил бид жинхэнээсээ үерхсэн. Гэхдээ тэр жилд баяраас илүү хэрүүл байсан. Хоёр өөр ертөнц нэг дор амьдрах гэж оролдсон мэт…

Саяхан тэр надад ингэж хэлсэн. “Би чамд хайргүй. Гэхдээ дасч магадгүй, хайртай болж магадгүй гэж бодсон. Чи миний төсөөлснөөс шал өөр хүн юм байна. Бид хоёр хэтэрхий өөр. Би чамтай хэзээ ч суухгүй. Хэрвээ уулзмаар санагдвал уулзаад явж болно. Гэхдээ ганц үнэн нь би чамтай гэрлэхгүй. Чамайг чин сэтгэлээсээ хайрлах хүнтэйгээ учраасай гэж хүсэж байна.”

Тэгээд “чи сайн бодоод, хэд хоногийн дараа ярилцъя” гэсэн. Миний хувьд энэ үгийг сонсох тэнгэр нурах шиг л боллоо. Би түүнийг маш их хайрладаг. Сална гэдэг зүгээр нэг шийдвэр биш, бүхэл бүтэн амьдрал нурж байгаа юм шиг санагдаж байна. Би түүнээс хайр, халамж их нэхдэг байсан. Гомдоллож, уурлаж, дутуугаа хэлдэг байсан. Магадгүй миний зан чанар, миний их хайр хүртэл түүнийг залхаасан байх.

Гэхдээ нэг зүйл ойлгогдож байна. Хүнийг хүчээр хажуудаа байлгаж болдоггүй юм байна. “Магадгүй хайртай болж магадгүй” гэдэг үг дээр амьдрал босгодоггүй юм байна. Би явуулах ёстой юм шиг. Хэдий зүрх минь хүлээн зөвшөөрөхгүй байгаа ч…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.