Сайн байцгаана уу? Би зүгээр л 12, 5, 1 настай гурван хүүхдээ тэврээд гэртээ сууж байгаа ердийн л нэг 40 настай эмэгтэй байна. Өнөөдөр дотроо уудлахгүй бол үнэхээр цээж давчдаж үхэх нь ээ.
Манай нөхөр даанч дэндүү балай, баригдашгүй банзал юм аа… Одоо бүр тэсэхийн арга алга. Нэг залуухан охинд ухаангүй дурлачихаж. Тэгээд надад бүр уурлах маягтай “Чи зүгээр байж бай, ганц унтаад салахын хооронд юун сүртэй юм” гэх юм. Ийм амьдрал гэж байх уу? Би тэгээд энэ гэрт хэн болж таарч байна вэ?
Уг нь бид хоёр 20 гаруйхан насандаа учирсан юм. Тэр цагаас хойш янз бүрийн л хүүхнүүдтэй холбогдож байсан. Том хүүгээ төрүүлсний дараа салах тухай бодох бүрдээ л “Хүүгээ өнчрүүлэхгүй юм шүү” гэж шүд зуун тэссээр өнөөдөр бүр гурван хүүхэдтэй болж, гурвууланг нь өнчрүүлэх дээрээ тулчихлаа. Өмнө нь намайг ажил ихтэй байхад архи ууж, хүүхэнтэй орооцолдохоор нь ганц өдөр хэрүүл хийгээд л өнгөрөөдөг байсандаа би өөрийгөө буруутгаж байна. Энэ хүнийг ийм даварсан амьтан болгоход би өөрөө ч нөлөөлчихсөн юм шиг.
Тэр мөнгө олдог нь үнэн л дээ. Гэхдээ бид тэгтлээ тансаг амьдраагүй, бусдын л адил хүүхдүүд маань улсын цэцэрлэгт явдаг. Миний тэвчээр үнэхээр энд хүрээд дуусаж байна. Мөн ч олон шөнийг уйлж, зүрхээ зүсэж өнгөрөөлөө дөө. Одоо харин сэтгэл минь нэг мөсөн шулуудлаа. Салчихвал хүүхдүүдээ өөрөө өсгөөд, ядаж тайван, бүтэн нойртой хонох юм шиг санагдаж байна. Найзууд маань ч миний өмнөөс шаналсаар байгаад сүүлдээ залхсан уу, бүгд л салахыг минь зөвшөөрч дэмжиж байна.
Энд уншиж суугаа бүсгүйчүүддээ нэг зүйлийг захиж хэлье. Нөхрүүд чинь байнга архи уугаад байвал сайн бодоорой. Үнэхээр зүгээр архи уугаад байна уу, эсвэл банзалдсанаа нуух гэж архиар шалтаглаад байна уу гэдгийг…
Надад өнөөдөр “Чи миний хувьд хэн ч биш” гэж хэллээ. Гурван хүүхдийг нь төрүүлж өгчихөөд байхад “Одоо чи хэн ч биш” гэхээр… Би тэгээд хэн юм бэ, бурхан минь? Надад зөвлөөч, одоо шууд салаад өөрийнхөө амьдралыг хөөсөн нь дээр биз дээ?