Сэтгэлээ нээж, та бүхэнтэй нэгэн зүйлийг хуваалцах гэсэн юм. Манай нөхөр хаяа л нэг уудаг юм л даа. Ер нь уухаараа ерөөсөө зохидоггүй, маш муухай ааш араншин гаргадаг. Хэлэх хэлэхгүй үг хэлж, яг гар хүрч зодохгүй ч хүнийг аягүй тийм сэтгэл зүйгээр яргалж суудаг хүн. Эрүүлдээ тэрийгээ өөрөө ч мэддэггүй. Жилд ганц нэг л ууна, гэхдээ уусан үед нь би болон хүүхдүүд минь үнэхээр их айдастай байдаг юм.
Би уул нь дөнгөж л 30 гарч байгаа, хаана ч хүнд гологдоод байхаар эмэгтэй биш л дээ. Гэтэл саяхан ууж ирсэнийхээ дараа хоёр найзынхаа хажууд над руу зааж “Энэ гэж нэг юм…” гээд нэг солонгос үг хэлснээ аймар ёжолж инээсэн. Найз нь “Юу гэж байгаа юм бэ?” гээд асуусан чинь “40 гарсан гэрийн авгайгийн авгай гэж байгаа юм, энэнд яг тохирно” гэж байна. Энэ үг нь үнэхээр намайг алгадаад авснаас хавьгүй илүү хүнд, зүрхэнд тусдаг юм байна.
Ёстой бардам зан гаргаад 3 хүүхдээ аваад явъя гэхээр яг одоо кармандаа таван төгрөггүй, би зүгээр л гадас шиг зоогдоод үлддэг юм байна. Яагаад эрэгтэй хүн зүгээр л амны зугаа болгож хажуудах хүнээ хэмлэж, бах таваа хангаж байдаг юм бэ? Адилхан л гэртээ хүүхдээ хараад сууж байгаа ч эмэгтэй хүн амьдралын ачааг цуг үүрэлцээд явж байгаа шүү дээ гэж яагаад боддоггүй юм бол?
Хүн хүнээрээ байж, хүнээ хайрлаад урмаар тэтгээд явахад амьдрал үнэхээр баян шүү дээ. Үртэй хүнд үхэх эрх байдаггүй юм аа. Үрс минь өндийгөөд ирэх цагт эр хүнийг аргадаж, гуйж царай алдахгүй ээ. Нялх үрээ хараад сууж байгаа, үсрээд л энэ 2-хон жилд л хэн нь хэн бэ гэдгийг амьдрал харуулдаг юм байна даа. Бүсгүйчүүд ээ, над шиг ийм мэдрэмж авч байсан хүн бий юу?