Би өнөөдрийг хүртэл нөхрөө ойлгож байгаагүй юм шиг санагдлаа. Хэзээ ч намайг араар тавьж, өөр охинтой холбоотой асуудал гаргаж байгаагүй, байнга л намайг аргадаж байсан байхад би өөрөө өөртөө хий хоосон айдас түгшүүр үүсгэчихээд нөхрөө аягүй тэрэндээ буруутгаж өөрийн мэдэлгүй дарамтанд оруулдаг байсан юм шиг ээ.
Саяхан ойрын хүнээс сонссон юм л даа манай нөхрийг эргүүлж, толгойг нь самууруулах гэсэн охиныг нөхөр маань өөрөөсөө дахин дахин түлхэж, намайг үргэлж байгаа гэдгийг сануулж, өөр хүмүүсээс үргэжл намайг өмөөрч, хамгаалдаг байсан юм байна лээ. Энэ бүгдийг сонсоод зүрх цохилохоо больчих шиг л болсон. Би энийг сонсоод хайр хүрч тайвширлыг мэдэрсэн ч өөртөө үнэхээр урам хугарч гутарсан. Би л ганцаараа энэ амьдралыг авч яваад, ганцаараа л зовоод байгаа юм шиг зан гаргаж нөхөртөө хатуу гомдмоор үгс зөндөө шидэж байснаа санаад үнэхээр шаналаад өөрийн эрхгүй уйлчихсан.
Бид хоёр одоогоор хэсэг хугацаанд тусдаа байгаа бөгөөд энэ хугацааг ашиглаад нөхөртөө өөрт нь илүү хайртай гэдгийг мэдрүүлж, амьдралынх нь амар амгалан болгоход өөрийгөө засна гэж өөрөө өөртөө амласан байгаа. Хүн гэдэг амьтан ер нь их хувиа хичээсэн байдаг. Үргэлж л би, би, би гэж нөгөө хүндээ өөрийгөө ойлгуулах гэж хичээдэг ч нөгөө хүнээ ойлгох гэж оролддоггүй эсвэл чаддаггүй. Эрэгтэй ч бай эмэгтэй ч бай хажууд чинь байгаа чамд л итгээд, чамайг л гэж сонгосон ханиа хайр халамжаар булдаггүй юм аа гэхэд ядаж битгий зүрх зүсэм үгээр гомдоож байгаарай.