Cэтгэл доторх шархаа чи өөрөө л эмчилж чаднa

Өөрийгөө хайрлана гэдэг бол зөвхөн гоо сайханд орж, гаднаасаа гоёж гангалахыг хэлэхгүй. Энэ бол дотоод сэтгэлээ ухамсрын түвшинд хүндэлж, өөрийгөө байгаагаар нь хайрлахын нэр юм. Өглөө босоод аяга цэвэр ус уухаас л энэ хайр эхэлнэ.

Өнгөрснийг хүлээн зөвшөөрөөд, зүгээр л тавьж явуулж сур. Хэн нэгэн чамаас нүүр буруулж, хуурч урвасан бол түүнийг бодох тоолондоо өсөрхөж, үзэн ядаж, өөрийгөө зовоохоо боль. Зүгээр л тавьж явуул.

Ар гэр, гэр бүл гэсээр өөрийнхөө хүсэл мөрөөдлийг мартталаа амьдарчихсан уу? Чиний мөрөөдөл яг юу байсан бэ гэдгийг нэг бодоод үзээрэй. Магадгүй зурах уу? Өөртөө ердөө 10–20 минут зарцуулаад, жижиг дэвтэр дээр юм зурж, сэтгэлээ тайвшруулж яагаад болохгүй гэж? “Боломжгүй, бүтэхгүй” гэж бодвол амьдралын бүхий л зүйл бүтэхгүй мэт харагдана.

Өглөө сэрдэг цагаасаа арай эрт босоод, өөртөө цаг гаргаж, ердөө 20 минут ном уншиж болно. Намуухан хөгжим сонсож болно. Өөртэйгөө ажиллахад чинь туслах маш олон сайхан подкастууд байна шүү дээ.

Үзэл бодлоо жаахан өөрчлөөд, амьдралыг дандаа бараан талаас нь биш, гэрэлтэй талаас нь нэг хараад үз дээ? Хэрэв чиний амьдралд нэг таагүй зүйл дахин дахин давтагдаж байвал, чи тэр зүйлээс сургамж авч чадаагүй байгаа болохоор амьдрал чамд дахин дахин сануулж байгаа хэрэг.

Аз жаргалыг гаднаас биш, өөрийнхөө дотроос хайж ол. Өглөө ажилдаа алхаж явахдаа цэвэр агаар цээж дүүрэн гүнзгий амьсгалж үзээрэй. Яг одоо байгаа цаг хугацаандаа л амьдар. Яг одоо ууж байгаа кофеныхоо, идэж байгаа хоолныхоо жинхэнэ амтыг мэдэр. Одоо цаг хэзээ ч дахин давтагдахгүй.

Ирээдүйд урьдчилж санаа зовлоо гээд чи юуг өөрчилж чадах вэ? Өнгөрснийг үзэн ядаж явсаар зөвхөн чи өөрөө л зовно. Нөгөө хуурсан, гомдоосон хүн чинь магадгүй энэ талаар огт бодохгүй, сайхан унтаж, идэж, амьдарч яваа. Тэгэхээр өөрийгөө зовоохоо больж, уучлаад тавьж явуул. Хэн нэгний төлөө биш, зөвхөн өөрийнхөө төлөө…

Үзмэрч, лам хувраг, бөө нар магадгүй сэтгэлийг чинь түр зуур бага зэрэг хөнгөлж өгөх байх. Гэвч үнэндээ сэтгэл доторх шархаа чи өөрөө л эмчилж чадна. Өөр хэн ч биш.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.