НАЙЗЫНХАА АМЬДРАЛЫГ ХАРААД ХҮНТЭЙ СУУХ МӨРӨӨДӨЛ МИНЬ АЛГА БОЛСОН!

Сайн байцгаана уу? Сэтгэгдлээ хуваалцахаар бичиж байна. Ямар ч үед ганцаараа, сэтгэл амар байх шиг жаргал гэж байдаггүй юм байна. Хүсвэл болзоод, хүсэхгүй бол амраад л ямар ч сэтгэлийн зовлонгүй явах нь амар. Урьд нь хэн нэгэнд харьяатай байхыг аз жаргал гэж ойлгож явсан үеэ бодохоор өөрийгөө өрөвдөх шиг болох юм. Тэр их нулимс, тэвчээр, шаналал, хуурагдсан үеийн сэтгэлийн шарх гээд…

Эрчүүд бол зөвхөн биеийн хэрэгцээ л хайдаг адгийн сэтгэл зүйтэй улс юм шиг. Бүгд биш ч гэсэн ихэнх нь ямар ч сайхан хүүхэнтэй суусан заавал хуурч мэхэлж байдаг арчаагүй хүмүүс.

Би одоо хүртэл хүнтэй суугаагүй. Анх хүнтэй сууна даа гэсэн мөрөөдөл байсан ч хэдэн жилийн өмнө найзынхаа амьдралыг хараад ой минь гутсан. Тэгээд л ганцаараа байх нь хамгийн амар амгалан юм байна гэдгийг ойлгосон доо.

Манай найз хоёр хүүхэдтэй, нөхөр нь маш халамжтай гэгддэг, их сайхан гэр бүл байсан тул би ч битүүхэн атаархдаг байлаа. Нэг өдөр найз минь залгаж, хүрээд ирээч гээд учиргүй уйлсан юм. Яваад очтол нөгөө эхнэрээ тэнгэр мэт хайрладаг гэгдэж байсан нөхөр нь ажлынхаа хүүхэнтэй явалдаад, “Тэрэндээ хайртай” гээд гэр бүлээ орхиод явсан тухай ярьсан. Би яг л өөрөө хууртагдсан мэт өвдөлтийг авч билээ.

Удалгүй нөхөр нь “Гэрээ санаад байна” гээд буцаад ирсэн. Найз минь сэтгэлийн тэнхээ муутайдаа ч юм уу, эсвэл хүүхдүүдээ бодоод элэг бүтэн амьдралыг сонгон нөхрөө буцаагаад хүлээгээд авчихсан. Гэтэл нөхөр нь анх хуурсан ажлынхаа эмэгтэйгээс бүр өөр эмэгтэйтэй явалдсаныг сүүлд нь мэдсэн. Ингээд нөхөр нь бүр цайрчихсан.

Би найзаасаа гадна анх явалдсан гэж бид нарын хараалыг идэж, элдэв янзаараа хэлүүлж байсан тэр эмэгтэйг одоо харин өрөвддөг юм. Юм их сонин. Сүүлд би тэр эмэгтэйтэй нэг газар ажиллах болсон юм. Эхэндээ үзэн яддаг байсан бол сүүлдээ хүндэлдэг болсон.

Найз маань гаднаа гялталзаж харагддаг ч сэтгэл зүрх нь авах юмгүй, зүгээр л амьд сүг болчихсон. Хүүхдүүдээ бодоод, аав ээж, ах дүүгээсээ санаа зовоод нөхөргүй байснаас ингэж амьдарсан нь дээр гэж боддог бололтой. Зовон зовон хамт амьдрахаар хэмжээний хайр гэж байдаг гэж үү?

Миний бодлоор хуурагдсан, хуурсан гэх эмэгтэйчүүд минь ээ, нүүр нүүрээ харж байгаад та хоёрын дунд тэр эр хүн юу ярьж, ямар заль хэрэглэж байсныг нэг сайн ярилцаад үзээч гэж хэлмээр санагддаг. Нэг хуурсан хүн хэзээ ч өөрчлөгддөггүй, хуурамч хэвээрээ л байдаг юм байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.