ХҮҮХДИЙНХЭЭ ТӨЛӨӨ ГЭЖ ӨӨРИЙГӨӨ ЗОЛИОСЛОХООР ШИЙДСЭН НЬ МИНИЙ АЛДАА ЮУ?

Гаднаас нь харахад тэр маш даруухан, гэр бүлдээ халамжтай сайн залуу шиг харагддаг. Гэвч хөшигний цаана бүх зүйл огт өөр байв. Надад олон хүн “Анхнаасаа яах гэж суусан юм?” гэж зэмлэх мэт асуудаг. Гэвч анхлан амьдрал эхлүүлж байхад тэр надад “Би архинд чамаас илүү хайртай”, “Архи уух уу, чамайг сонгох уу гэвэл би архийг сонгоно”, эсвэл “Би чамд гар хүрнэ, төрсөн өдрөөр чинь 24 цаг уйлуулаад, хүү бид хоёрыг хаяад өмнөх бүсгүйтэйгээ уулзана” гэж хэлж ирээгүй. Харин ч биднийг юунаас ч илүү хамгаалж, хайрлана гэж итгүүлж байсан юм.

Би мэдрэмжээрээ шийдвэр гаргадаг нь миний том алдаа байсан байж болох ч, түүний юу хийх гэж байгааг, биднийг яаж шархлуулах гэж байгааг би урьдчилаад мэдэрчихдэг байсан. Гэвч хамгийн тэнэг нь би өөрөөсөө ч илүү түүнд итгэж явжээ.

Надтай адилхан зовлон амсаж байгаа эмэгтэй хүн бүр “Салая” гэж бодохдоо эхлээд өөрийгөө биш “Үр хүүхэд минь яана?”, “Хүмүүс юу гэх бол?”, “Анхны амьдрал минь яах бол?”, “Нөхөр маань яана аа?” гэж бүгдийг бодсоор хамгийн сүүлд өөрийгөө тавьж туудаг. Миний хамгийн том айдас бол хүү минь аавыгаа санаж, жижигхэн зүрх нь өвдөөд цурхиран уйлах вий гэх айдас байсан. Тиймээс л би түүнийг дахин дахин уучилж, тэвчдэг байв. Учир нь би хүүдээ өөрийн туулсан хүнд хэцүү бүхнийг хэзээ ч амсуулахгүй гэж өөртөө амласан юм.

Гэвч түүний надад өгсөн хамгийн аймаар өвдөлт бол цохиж зодуулсан, хараалгаж доромжлуулсан явдал биш. Харин миний цэвэр цагаан итгэлээр тоглож, зориудаар намайг өвтгөсөн тэр нэгэн хар дарсан зүүд шиг бүтэн улирал үргэлжилсэн өдрүүд байлаа. 5 жилийн хугацаан дахь миний уучлал, итгэл, хайр, хүндлэл бүхнийг ул мөргүй алга болгосон тийм урт зуныг би анх удаа туулсан.

Итгэл нэгэнт үгүй болоход амьдрал ямар ч утгагүй, аз жаргалгүй болдог юм байна. Тэр надад ганцхан боломж өгч, алдаагаа давтахгүй хичээн, зүрхний минь айдсыг эдгээхийг хичээх ёстой байсан ч тэгээгүй. “Архи”, “пиво” гэдэг үгнээс хүртэл айж бэргэдэг болсон сэтгэл зүйг минь тэр ойлгохыг хүссэнгүй. “Тэгнэ” гэж амладаг ч холдохоороо утсаа авахаа больж, ар гэр, үр хүүхдээ бүрэн умартаж, маргааш нь “уучлаарай” гэсээр орж ирдэг хэвээрээ.

Асуудалтай байгаагаа, эрүүл бус согтуурч байгаагаа хүлээн зөвшөөрч эмчлүүлэхийг ч тэр хүсэхгүй байна. Хүүхдэдээ “хайртай” гэж хэлэх нь хангалттай биш. Хүүхдээ хайрлана гэдэг нь өөрийгөө захирах, ээжийг нь дахин шархлуулахгүй байх, хариуцлагатай байхыг хэлнэ.

Би түүнээс төгс хүн болохыг шаардаагүй, зүгээр л гэр бүлээ авч үлдэхийн төлөө надтай хамт хичээгээсэй гэж хүссэн. Гэвч гэр бүлээ авч үлдэх хүсэл ганцхан хүнийх байхад тэр гэр бүл бүхэлдээ аврагдаж чаддаггүй юм байна. Одоо би яавал дээр вэ?

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.