Өнөөдөр би сэтгэлдээ тээж явдаг амьдралынхаа асуудлыг уудалж, бусдаас зөвлөгөө авахаар бичиж байна. Би эхнэртэйгээ амьдраад 5-6 жил болж байгаа юм. Бид хоёр 4 настай нэг хүүтэй. Хоёулаа ‘амьдралаа босгоно, бүтээнэ’ гэж зүтгэсээр орон нутгаас Улаанбаатар хотод нүүж ирсэн ч санаснаар ерөөсөө болохгүй байна.
Эхнэр одоогоор ажилгүй байгаа, би өөрөө барилгын инженер хийдэг. Сарын 1.5 сая төгрөгийн цалинтай. Байрны түрээс, хоол хүнс, хувцас хунар, дээрээс нь машины лизинг болон бусад жижиг сажиг зээлүүдээ би ганцаараа үүрээд, ‘яаж ийгээд болгочих юм сан’ гээд хичээгээд явж байна.
Тэгтэл би ингэж амьдралын төлөө зүтгээд байхад эхнэр надаас салах талаар бодоод, хадмууд маань хүртэл надаас их мөнгө харах болсон. Гэрт багахан хэмжээний хэрүүл, асуудал гарахад л эхнэр маань шууд гэрийнхэндээ хэлж, дандаа миний эсрэг зогсоно. Надаас мөнгө асуухаар нь “За хайр нь зохицуулаад өгье” гэсээр байтал надаас түрүүлээд ээж, аавдаа хэлж авчихаад, намайг “арчаагүй, мөнгөгүй” гэж гоочлох юм. Би уг нь “Жаахан л тэсчихвэл хоёулаа амжилтад хүрнэ ээ, амлаж байна” гэж учирладаг. Би өөрөө гэрийнхэндээ ямар ч асуудлаа ярьдаггүй, тусламж ч хүсдэггүй, тэгэхийг ч боддоггүй.
Сүүлийн үед бүр салчихдаг юм уу гэж бодогдох боллоо. Ганц хүүгээ л бодоод тэвчээд байх юм. Өглөө ажилдаа явахад аяга халуун цай ч байхгүй, над руу залгахгүй, чат ч бичихгүй, би л өөрөө “хүүе, хаая” гэж гүйнэ. Намайг үнсэхгүй, тэврэхгүй, шөнө бүр тусдаа унтана. Би бас л хүн юм чинь халуун дулаан харилцаа хүсэж, эхнэртээ тэврүүлж, үнсүүлмээр л байна шүү дээ.