Дэлхийн II дайны үеэр Номхон далайн нэгэн жижиг эзэнгүй арал дээр 32 эрэгтэй, ганцхан эмэгтэйтэй хамт 7 жилийн турш тусгаарлагдаж, амьд үлдэхийн төлөөх тэмцэл, эрх мэдэл, атаа жөтөө, цуст аллагын дунд амьдарсан сэтгэл цочроом бодит явдал болжээ. Энэ түүхийг түүхэнд “Анатахан арлын явдал” (Anatahan Incident) хэмээн нэрлэдэг.
Анатахан арал руу очсон нь (1944 он)
1944 онд Дэлхийн II дайн ид өрнөж байх үед Кадзуко Хига (Kazuko Higa) хэмээх 28 настай Япон эмэгтэй нөхрийн хамт Марианы олтригийн Анатахан гэх жижиг арал дээр кокосын ферм хариуцан амьдарч байжээ. Тухайн үед нөхөр нь хөрш арал руу эмэгтэй дүүгээ хайхаар явсан бөгөөд яг энэ үеэр Америкийн арми арлыг бөмбөгдөж, нөхөр нь эргэж ирж чадаагүй байна.
Үүний дараа Кадзуко арал дээрх фермийн дарга Кикуичиро Шожи гэх залуутай хамт амьдарч эхэлжээ.
31 далайчин ба цэрэг арал дээр шидэгдсэн нь
1944 оны 6-р сард Америкийн зэвсэгт хүчин Японы ачааны 3 хөлөг онгоцыг бөмбөгдөн сөнөөв. Усанд унасан 31 Япон далайчин, цэргүүд сэлж, Анатахан арал дээр эрэгт гарч иржээ. Ингэснээр тус арал дээр 1 эмэгтэй (Кадзуко), 32 эрэгтэй тусгаарлагдсан байна.
Арал дээрх нөхцөл байдал асар хүнд байв. Идэх хоол, өмсөх хувцас ховор, гадаад ертөнцтэй харилцах боломжгүй байв. Удалгүй 1945 онд Япон улс дайнд ялагдсан ч арал дээрх цэргүүд Америкчуудын радио мэдээг “дайсны суртал ухуулга, худал зүйл” гэж үзэн итгээгүй тул арал дээрээ үлдсэн юм.
Зэвсэг, архи ба “Хатан хаан”
Арал дээр ганцхан эмэгтэй байсан тул эмэгтэйгээс болж эрчүүдийн дунд мөргөлдөөн, атаа жөтөө үүсэхээс сэргийлж, дарга нар нь Кадзуког Кэкуичиротой албан ёсоор гэрлүүлсэн байна. Гэвч нөхцөл байдал дордсоор байв.
B-29 бөмбөгдөгч онгоцны сүйрэл: Арал дээр Америкийн B-29 онгоц сүйрч унасныг цэргүүд олжээ. Тэд онгоцны хэлтэрхийгээр хутга хийж, хамгийн аюултай нь сүйрсэн онгоцноос 2 ширхэг ажиллагаатай гар буу олов.
Зэвсэг ба эрх мэдэл: Гар бууг олсон 2 залуу арлын “хаад” болж, Кадзуког хүчээр өөрийн болгосон байна. Төд удалгүй тэдгээр буутай залуусын нэг нь сураггүй алга болж, нөгөө нь буудагдаж амиа алджээ. Буу гартаа оруулсан хүн бүр Кадзуког эзэмшиж, бусдыг захирдаг, харин тухайн хүн нь удалгүй нууцаар алагддаг аюултай сүлжээ үүсэв.
Цуст цуврал: 1945–1950 оны хооронд арал дээрх эрчүүд бие биенээ нууцаар хөнөөж, хадан хясаанаас унах, усанд унах, хордох гэх мэт сонин шалтгаанаар нийт 11 эрэгтэй амиа алджээ.
“Кадзуког алах ёстой” гэх шийдвэр
1950 оны үед арал дээр үлдсэн эрчүүд хуралдаж, бүх асуудал, аллага, атаа жөтөөний үндэс нь ерөөсөө л Кадзуко гэдэг дээр санал нэгджээ. Тэд Кадзуког цааш харуулж, асуудлыг эцэслэхээр тохиролцов.
Гэвч нэгэн өрөвч эрэгтэй Кадзукод энэ нууц төлөвлөгөөг урьдчилж сануулснаар тэрээр шөнөөр ширэнгэн ой руу зугтаж, хэдэн сарын турш ганцаараа нуугдаж амьдарчээ.
Орголт ба Эх орондоо буцсан нь
1950 оны 6-р сарын 15-нд Кадзуко арлын далайд Америкийн цэргийн онгоц явж байгааг хараад далайн эрэг рүү гүйж, улаан даавуу шарван дохио өгснөөр аврагдсан юм.
Японд эргэн ирсний дараа тэрээр арал дээр дайн дууссаныг мэдэхгүй үлдсэн 19 эрэгтэйд туслахыг хүсэж, тэдний ээж, эхнэрүүдийн гараар бичсэн захидлуудыг Америкийн армиар дамжуулан арал руу хаяулжээ. Ингэснээр 1951 оны 6-р сард үлдсэн 19 эрэгтэй эх орондоо эргэн ирсэн байна.
Олон нийтийн хандлага ба “Анатоханы хортой зөгий”
Японд эргэн ирсний дараа Кадзуко Хига асар том шуугианы эзэн болов. Хэвлэлүүд түүнийг “32 эрэгтэйг амиа алдахад хүргэсэн шулмас”, “Анатаханы хортой зөгий”, “Хатан хаан” гэх мэтээр нэрлэж байв.
Тэрээр өөрийн түүхээр жүжигт тоглож, хожим нь “Анатахан” хэмээх Холливудын кино хүртэл хийгджээ. Кадзуко хожим нь дахин гэрлэж, энгийн амьдралаар амьдарсаар 1974 онд 51 насандаа тархины хорт хавдраар нас барсан юм.