ХҮҮХЭДТЭЙ БАЙХ ЗАРИМ ҮЕД ҮНЭХЭЭР ХЭЦҮҮ… БИЕ ХАА, ЦАРАЙ ЗҮСЭЭ АЛДАЖ, ӨМНӨ НЬ ЯМАР ХҮН БАЙСНАА Ч МАРТАНА…

Сайн байцгаана уу? Зарим үед хүүхэдтэй байх үнэхээр хэцүү санагддаг. Бие хаа, царай зүсээ алдаж, бүр өмнө нь ямар хүн байснаа ч мартах шиг болдог. Гэртээ нэг л хэвийн, уйтгартай амьдрал өдөр бүр үргэлжилнэ. Өглөө нөхөр ажилдаа явна, тэгээд л хүүхдээ хооллоно, усанд оруулна, гэрээ цэвэрлэнэ, хувцсаа угаана, хүүхдээ усанд оруулна, оройн хоол хийнэ. Нөхөр гэртээ ирнэ, бүгд хоолоо идчихээд амархан унтаад өгнө, харин дараа нь аяга тавгаа угаах ажил үлдэнэ.

Хааяа энэ бүх байдлаас залхаж, аягаа ч угаахгүй ор руугаа орно. Шөнө унтаж чадахгүй, олон зүйл толгойд бодогдоно. Унтаж чадахгүй байж байтал хүүхэд уйлна, памперс солино, сүү өгч хооллоно, тэгээд л нойр сэргэнэ. Үүрээр арай гэж унтана, хэдхэн цаг унтаад дахиад л өглөө болж, нөхөр ажилдаа явж, өдөр тутмын ажил эхэлнэ. Хүүхдээ том болохыг хүлээж, өсгөж хүмүүжүүлнэ. Хоол хийх эсвэл юм цэвэрлэж байхад гэнэт л хүүхэд уйлна, бэртэж гэмтэнэ, тэгээд л санаа зовно, эмнэлэг орно, буцаад гэртээ ирнэ, хоолоо хийнэ. Олон өдөр найз нөхөдгүй, ганцаараа байх хүнд бүр ч хэцүү, ганцаардана.

Хүүхдээ хараад жаахан ч гэсэн инээх шиг болох ч цаанаа л эргэн тойронд хэн ч байхгүй юм шиг санагдана. Толинд хараад таргалсан эсвэл ядарсан биеэ, өнгө алдсан царайгаа харж, “Маргааш өглөөнөөс өөртөө анхаарна” гэж өөртөө амлана. Усанд ороод нүүрээ арчилж, өөртөө анхаарч эхлээд ганц хоноод л маргаашнаас нь ядарсандаа залхуу хүрч, буцаад л хэвэндээ орно.

Дор хаяж 3 жил гэдэг чинь яагаад гэвэл цэцэрлэгт эрт өгвөл санаа зовж, байж сууж чадахгүй учраас ядаж ямар байгаагаа тодорхой хэлдэг болсон цагт өгье гэж ихэнх ээжүүд боддог. Багадаа л 3 жил үнэхээр урт хугацаа, нэг л мэдэхэд 3 жил өнгөрнө. Эцэст нь тэсэж чадсан ч өөрийгөө алдсан байдаг. Бага зэрэг ааштай, хааяа түргэн стрессдэж уурлана, хааяа хэт сайхан зантай, яг л галзуу хүн шиг, сүүлдээ яахаа ч мэдэхээ болино. Арай гэж том болгоод байж байтал дахиад жирэмсэн болсон байвал бүр ч амьдрал хэцүү болж байгаа юм шиг санагдана.

Зарим хүмүүс тэр бүх зүйлийг тэсээд даваад гардаг, үнэхээр хүчтэй. Гэхдээ хичнээн даваад ард нь гарсан ч энэ их хугацаанд маш олон зүйлийг өөрөөсөө алдаж, өмнө нь байсан хүнээсээ огт өөр нэгэн болсон байдаг. Тэгээд л нөхрүүд гайхдаг: “Чи хэзээ ийм байсан юм, яагаад ингээд байгаа юм, чи яг яачихсан юм бэ?” гээд л… Тэгээд л амьдрал утгагүй болж эхэлнэ дээ.

Үнэхээр сайн ханьтай, халамжтай нэгэн хажууд чинь байхгүй л бол хүүхэдтэй болно гэдэг эмэгтэй хүн болгоны хүсдэг, хүлээдэг зүйл ч хааяа тэр бодол хүүхэд төрүүлсний дараа, ялангуяа хоёулаа байсан хүмүүс гурвуулаа болсон тэр цагт нөхөр гэдэг хүн зангаа таниулахад тэр сайхан бодлууд үгүй болдог. Харамсалтай нь сайхан нөхөртэй эмэгтэйчүүд маш цөөхөн юм даа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.