Зуурдын тайвшрал буюу ДОХ та тавтай морил

Энд түүний аймшгийн талаар дурдах нь илүүц. Хэдэн хүн өвчлөөд байгааг хэлэх ч хэрэггүй. Энэ нь өөрөө утгагүй явдал. Олимп эсвэл тив дэлхийн томоохон тэмцээнээс авсан алтан медаль энэ биш.

Гэтэл манайхан тодотгож хэлбэл хэвлэл мэдээллийн хэрэгсэл хүний зовлонгоор тохуурхаж байгаа аятай тохиолдол нэг бүрээр нь тоолж байна. 1, 2, 3…34, 35. гэх мэтээр бүгдийнх нь нэр ус, зургийг тавих нь холгүй ДОХ-той гэж улс орон даяар тунхаглана. Угтаа бол үүнийг тоолох бус урьдчилан сэргийлэн, ухуулан жигшүүлэх үүрэгтэй. Гэтэл тийм биш. Сүүлийн зуун жилд Монголчуудын оюун ухаанд нь суусан нэгэн гайтай ухамсар бол гадныхныг шүтэх үзэл. Тэднийг бүхэлд нь гадныхан гэж нэрлэх агаад тэд бол яавч монголчуудаас илүү хүмүүс. Харин бид бол өгснийг нь дуугүйхэн хүртээд явж байх учиртай, тийм л хувь зохиолтой үндэстэн гэсэн шиг хүлцэнгүй хандах учиртай.

Өнгөрсөн зууны эхэн үед гадаадынхан хятад орныг дарангуйлж байх үедээ өөрсдийн байгуулсан зоогийн газрынхаа үүдэнд “Нохой хятад хүн хоёр оруулахыг хориглоно” гэж бичдэг байсан юм гэнэ лээ. Тэгвэл манайд үүний оронд “ДОХ-гүй хүн орохыг хориглоно” гээд биччихвэл бид байдаг л юм гэсэн шүү царайлаад нүдэн балай чихэн дүлий л өнгөрөх вий. /Мэдэх, мэдэхгүй харь хэлийн хаяг олон шүү дээ. Тэгээд ч хаягийг монголоор бичнэ гэсэн дүрэм журам байхгүй/ Бидний бодит байдал энэ шүү дээ. Захын нэг жишээ хэлье л дээ. Монголчууд АНУ, БНСУ, Япон, Англи гээд хөгжингүй орнуудад аялж зугаалж, сурч хөдөлмөрлөх гэж явах болоход тухайн оронд зорчих визний асуудал хамгийн баршгүй даваа. Өлмөн зэлмүүн, өглөө үдэшгүй дугаарлан байж бүтэх эсэх нь мэдэгдэхгүй бүрхэг виз гээч “сугалаа”-гаар азаа үздэг. Яг л тэр өдрийн тэнгэр мэдэг гэсэн аятай. Гэтэл харийн гийчид болохоор Монголд чөлөөтэй зугаалж, сахилгагүй нэг нь дээрэм тонуул, луйвар хийж байх. Энэ чинь нөгөө кинон дээр хэлдэгчлэн шударга ёс юм гэж үү.

Монголд төчнөөн сая төгрөгийн зээл тусламж үзүүлнэ, төсөл хөтөлбөр хэрэгжүүлнэ гээд баахан хүмүүс ороод ирдэг. Гэтэл нөгөө төсөл хөтөлбөр нь ашиггүй юм уу аль эсвэл хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрийнх нь ихэнх нь тэрнийгээ дагаад орж ирсэн мэргэжилтнүүдийн цалин хангамж болоод эргээд зарцуулагдчихна. Монголд наалдаж байгаа нь хумсын толион чинээхэн. Цаасан дээр болохоор тэдэн саяын зээл тусламж хэрэгжсэн гээд дурайж байх нь дэндүү эмгэнэлтэй. Харин эрх мэдэлтнүүд маань сайн хэрэгжсэн гээд л нөгөө хэдийгээ магтана. /Төсөл хөтөлбөр хэрэгжснээрээ бол буурах ёстой ДОХ-ын тохиолдол өдгөө 35 болсныг хэн хүнгүй мэднэ/ Гэхдээ шар толгойтой гадны хүнийг буруутгадаг биш бид. Саяхан гайхаж алмайрмаар мэдээлэл сонслоо.

Тэр нь Монгол Улсад гадаадаас түр оршин суухаар болон ажиллаж, амьдрахаар, мөн гадаадад ажиллаж, амьдарч байгаад ирэгчдээс ДОХ-ын шинжилгээ авдаг эсэх, дор хаяж л ДОХ-гүй гэсэн баталгаа баримтыг нь үздэггүй талаарх мэдээлэл. Шалтгаан нь хүний эрх эрх чөлөөтэй холбоотой байдаг гэнэ. Энэ чинь одоо юу болж байна. Эрүүл эх орныг минь ДОХ-той болгосон Камерунчууд сарнаас буусан бил үү. Нөгөө л гадаадын иргэн гэсэн халдашгүй малгай өмссөн нөхдүүд байсан шүү дээ. Тэдэнд болохоор хүний эрх, эрх чөлөө хамаатай, мань мэтэд болохоор хүний эрх эрх чөлөө огт байхгүй болж байна уу. Энэ журам чинь тэд бол хүн бид бол нохой гэж хэлсэнтэй агаар нэг биш үү. Гадаадад явахын тулд бид заавал ДОХ-ын шинжилгээ өгдөг. Очсон орондоо ч хүртэл ДОХ-ын шижилгээ өгнө, үгүй дээ ДОХ-гүй гэсэн шинжилгээнийхээ бичгийг үзүүлдэг. Гэтэл тэд ДОХ-той ч, үгүй ч Монголын уудам нутгаар чөлөөтэй сэлгүүцэж хэн нэгэнд өвчин халдааж болно гэсэн үг үү.

Нөгөө бидний босгож бүтээх гээд байгаа хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн ардчилсан нийгэм гэдэг чинь ийм болж таарч байна уу. Өч төчнөөн өр ширэнд ард түмэн нь унаад байхад нөгөө нэрэлхүү, бусдыг шүтэх үзэл нь хөдлөөд бидний арчаагүйнх гээд толгойгоо базлаж суух. Үгүй бол болж, бүтэж л байна аа гээд нүүрээ улайлгахгүйг хичээн өгүүлэх сайд, дарга нарыг би өчнөөн харсан. Өнөөдөр ч энэ зан арилаагүй л байна. Бид өөрсдөө арилгахыг хичээхгүй байгаа юм чинь яаж ч засрах вэ дээ. Бид ДОХ өвчний тархалтыг хазаарлах, түүнээс сэргийлэх олон ажлуудыг хийж байгаа гэнэ лээ. Гэсэн ч нэмэгдсээр л байна. Монгол хүнээс өөр хүн ДОХ-гүй байдаг юм шиг “Эрүүл Монгол хүн” хөтөлбөр нь үүнд чиглэж буй нь үнэндээ эмгэнэл биш гэж үү.

ДОХ-ын тархалт асар хурдацтайгаар тархаж буй Хятад, Орос хэмээх хоёр их хөрштэй шууд хаяа залгадгийнхаа хувьд дотоодоосоо илүү гадаадынханд тэр тусмаа Хятад, Оросоос ирэгсдэд анхаарлаа хандуулах нь чухал. Гол нь бид гадаадынхныг шүтэх үзлээ толгой тархинаасаа авч хаяж, энэ хачин хөгийн үзлээс чинь илүү улс орны эрх ашиг цаашлаад тусгаар тогтнол аюулгүй байдал илүү гэдгийг дээр дооргүй анхаарах хэрэгтэй баймаар. Хамгийн гол нь бид хэзээ л бол хэзээ хэнээс л бол хэнээс энэ өвчнийг тусч болно гэдгийг бидний хэн ч ухамсарладаггүй. Хаа байсан холын зүйл аятай бодож, ойлгодог. Үгүй дээ хэдхэн хормын болчимгүй алхмаасаа болж гэрэлт орчлонгоос үүрд тусгаарлана гэдэг талаар огт боддоггүй. Бодсон ч тэр нь би биш. Ийм байдлаар ханддаг. Харин аюулын харанга хаалгыг тогшоод бус хажууд чинь ороод ирчихсэн хэзээ мөдгүй хоолойг чинь боомилохоор зэхэж буй гэдгийг үнэндээ бид огт мэддэггүй, мэдсэн ч мөнөөх зангаараа л “гайгүй байлгүй” гэж өөрийгөө тайвшруулахыг оролддог.

Харин тэрхүү оролдлого нь өөрийг нь үүрд энэ ертөнцөд эргэж ирэхгүйгээр илгээх тайвшрал гэдгийг зүүдэлдэгч үгүй. Магадгүй зүүдэлсэн ч сэрж чадахгүй болсоноо ухаарах биз ээ. Гадаадынхныг үзэн ядаж, юм бүхнийг нь харлуулах гэж хичээсэнгүй. Харин ч энэ бөмбөрцөг дээр амьдарч байгаа хэнбугай ч гэсэн ижил тэгш эрхтэй, тэр дундаа улс орны эрх ашиг, аюулгүй байдал тэр дундаа та туйлаас чухал биш гэж үү. Үгүй гэвэл ДОХ та тавтай морил доо?!

SOURCE: Өнөөдрийн тойм

1 Comment

  1. mongolers says:

    Neree tiim shuu Mongol gej tseejee deldsenees bish nutgiinha tuluu yuch hiisengui ydaj tarisan hogoo tseverleed baigalaa hairlaj chadaagui mongolchuud iim tiim baisan gej ongirch sagsuurch baisnaas mongol hun mongol hunteigee yaadag bilee dee udahgui ene buh yum uur boloosoi mini mongol chinii tanii bid bugdiin mongol shuu dee

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.