Нөхөрт гарах “төлөвлөгөө” /өгүүллэг /

writing-woman

Ширээн дээрх бялууны голд 3 ширхэг том лаа зоож байхдаа Золбоо санаа алдав. 2 том лаатай бялууг баяртай нь аргагүй үлээж байсансан. Одоо тэгтэл гурав болж, харин үлээх хүн нь ганцаараа байдаг. Золбоогийн баярлах хүсэл энэ зуур нисэн одлоо.

14518238_10155205030129045_892418876_n

Найзуудтайгаа гадуур зугаалаад гэртээ орж ирэхэд түүнийг нөгөөх л гурван ширхэг лаа бялууны голд уйтгартай гэгч нь хүлээж байв. Шаахайгаа углан толины өмнө суухдаа урдаас нь ширтэх цэвэрхэн бор царай, алаг нүд, тэгш хамар, зөөлөн уруул бүхий царайлаг бүсгүйг гайхан харж байв. Эрчүүд яахаараа ийм харалган байдаг байна аа, ийм хөөрхөн, боломжийн бие хаатай, ажил мэргэжилтэй, ар гэрт татлаа түлхээ байхгүй над шиг бүсгүйг олоод ирэх азтай аавын хүү алга уу гэж өөрөөсөө асуув. “Одоо өөрөө л хайхаас”. Тоглоом шоглоомоор хэлсэн энэ үгэндээ Золбоо итгэх шахлаа. Үдшийн гялаан адил гэнэт ирсэн энэ санааг шүүрэхээр Золбоо ухасхийн бал цаас авч, эзнээ хүлээн хайлмагтах бялууныхаа хажууд гүйх шахам очин суув. Лаагаа асааж дотроо “Хүсэл минь биелэх болтугай” хэмээн шившээд үлээлээ. Удтал хүлээсэн лаанууд санаа нь амарсан янзтай хярвас ханхлуулан толгой гудайх агшинд ширээн дээрх цагаан цаасан дээр “Нөхөрт гарах төлөвлөгөө” гэсэн үгс жирийтэл бичигджээ. Золбоод яагаад ч юм амьдралд нь нэг их том өөрчлөлт ирэх гэж байгаа мэт мэдрэмж төрж байлаа.

Хэрэгжих хугацаа: хагас жил, Төлөвлөсөн ажил: нөхөртэй болох. Боломжит зах зээл: байртай, машинтай, хамгийн гол нь эхнэр хүүхэдгүй, ажилтай, надаас өндөр, 70-85 кг жинтэй, царай хүн цочоохооргүй, халзан биш, хөмсөг нүд сайтай… гэж бичсэнээ гэнэт зогтусав. “За ямар хүнд үзүүлэх биш өөртөө л юм чинь” гэж амандаа бувтнаад мөрөөдлийнхөө ханхүүгийн дүр төрхийг үргэлжлүүлэн бичиж гарлаа.

Нууц төлөвлөгөө нь 5 хэсэгтэй.

1-рт: Дурлалын ханхүүгээ олох,
2-рт: Ар гэр, ахуй байдлын судалгаа хийх,
3-рт Ханхүүг өөртөө татах дурлуулах,
4-рт: Дасгаж байгаад гэнэт орхих,
5-рт: Хуримын санал хүлээх.

Хамгийн сүүлийн үгсийг бичиж байхдаа Золбоо хилэн хайрцагтай хуримын бөгж өмнө нь байгаа мэт догдолж, зүрх нь хүчтэй цохилж байлаа.

Хоёр хоног өнгөрчээ. Золбоо хажуугаар өнгөрөх эрчүүдийг нүдээ чилтэл харж байлаа. Өглөө автобусанд болзолд тун дөхөх нэг залуу харагдаж ойроос “судлах” санаатай очтол хажуугийн суудлаас нэг бүдүүн хүүхэн босож ирснээ “онилсон цэг”-ийг нь сугадан буун одсон. Араас нь атаархангуй ширтэж зогсохдоо явуулын юм дэмий юм байна гэсэн дүгнэлтэнд хүрэв. Ажил дээрээсээ эсвэл найз нөхөд, танилууд дундаасаа үргэлжлүүлэхээр шийдлээ.

Боломжийн гэсэн үнэлгээ авсан эрчүүд бүгд эхнэртэй байж таараад байв. Эрэл мухардах тийшээгээ хандаж Золбоо урам муутайхан байлаа. Энэ үед хажуугийн өрөөний хэд шуугилдан орж ирснээ “Золбоо, орой шоутай. Янз бүрийн тайлбар хүлээн авахгүй” гээд гарч одов. Цалин буусан өдөр энэ уламжлал болсон гэлтэй. Ажил тармагц бөөнөөрөө гарч харуулын дэргэд очтол самбар дээрх зураг сэлтийг үзэн нэгэн залуу цааш харан зогсож байв. Золбоогийн хайж байсан “ханхүү” дүрээрээ мөөн. Золбоо тэрхэн зуур шоконд оров уу гэлтэй болж, зогтуслаа. Явья Галаа, бид нар ирчихлээ гэж ажлынхан нь хэлэхэд Золбоо “Хэн гэнэ ээ” гэж бараг л дуу алдаж орхив. Залуу эргэж хараад инээмсэглэхэд Золбоогийн зүрх рүү дурлалын элч сумаа харвачих шиг л болжээ. Өтгөн хөмсөг, цоргисон харц, яльгүй хянган хамар, дух руу унжсан зөөлөн халимаг, өөлөх зүйлгүй дэндүү сайхан залуу. “Гэхдээ энэ чинь Галаа ш дээ. Нөгөө чамайг эргүүлэхчээ аядаад байсан Галаа” гэж хэн нэг нь Золбоогийн чих рүү шивнэв. Урьд нь яагаад анзаардаггүй байсан юм бол? Эсвэл лаа үлээх тэр мөчид Золбоо огт өөр хүн болчихсон юм болов уу? Ямар ч байсан Золбоогийн эхний төлөвлөгөө ардаа нэмэх тэмдэг авлаа. Тэр ханхүүгээ оллоо.

Галаа, Золбоо хоёр бараг л нэг дор шахуу ажилд орж байсан. Үг дуу цөөтэй энэ залуу Золбоотой таарахаараа нүүр буруулан ичингүйрч, хаа нэг чихэр, амттан авчирч өгөхөд өрөөнийх нь хүүхнүүд Золбоог дооглон нөхөр чинь бэлэг өгөө юу хэмээн цаашлуулж, Золбоо хариуд нь “энэ хөдөөний залуугаас өөр хүн намайг тоохгүй нь ээ” гэж гомдонгуй хэлдэг байсансан. Хөдөөний залууг судлахад ядах зүйл байсангүй. Хүний нөөцөөсөө анкетийг нь үзээд л болчихлоо. Галааг ганц бие, ээж аав нь хөдөө байдаг гэдгийг мэдэх учраас гол үзүүлэлтүүдийг хангасан гэж тооцож хоёр дахь төлөвлөгөөний ард нэмэх тэмдэг дарав.

Энэ өдрөөс хойш Галаа Золбоогийн “ханхүү” боллоо. Өглөө бүр ханхүүтэйгээ мэндэлнэ. Бичиг баримт өгөх гэж, хажуугийнх нь хүнээс юм асуух гэж ер нь л ямар нэгэн шалтаг гарган өдөрт дор хаяж гурван удаа өрөөгөөр нь шагайна. Давхрын шатан дээр, цайны өрөөнд, коридорт, хаа тааралдаж болохоор байна тэр хэсгээр ойр ойрхон гүйдэг болов. Аз болж, ханхүүгийн гэр Золбоогийн явах зүгт байдаг байж. Гурван жил мэдээгүй байсан зүйлээ бас л энэ өдрүүдэд мэдэж, тэд нэг жимээр холбогдов. Өглөө ажил руугаа ханхүүгээ харах гэж тэмүүлж, тааралдах гэж хичээн, халуун илчийг нь мэдрэн хамт алхаж, дараагийн өдрийг тэсэн ядан хүлээж, ер нь л зүрх сэтгэлдээ хэн нэгнийг тээж, түүний төлөө амьдрана гэдэг дэндүү жаргалтай байлаа. Төлөвлөгөөний гурав дахь хэсэгт нэмэх тэмдэг тавих хэдийнэ болсон ч энэ үнэхээр таалагдаж байсан тул бүсгүй алгуурласаар л байв.

Гэвч хэсэг хугацааны хувь заяа түүний төлөвлөгөөний 3 дахь хэсэгт нэмэх тэмдэг тавиад хүчээр 4 дэх хэсгийг эхлүүлжээ. Ханиад хүрч өөрийгөө ч анхаарах сөхөөгүй явсаар хүндрэн гэрийн дэглэм сахиад 3 хонож байгаа нь энэ. Бүсгүй гэртээ байх энэ багахан хугацаанд төлөвлөгөөний ханхүүд жинхнээсээ дурласнаа мэдэрчээ. Хэд хоногийн өмнө бороо гэнэт шаагиж, залуугийн цамцан доор хоргодон чийрэг мөрөнд хацар нүүр нь шүргэн мансуурах нь холгүй зогсож байхдаа хур бороогоо хайрласан хурмаст тэнгэрт баярлаж энэ гайхалтай мөч зөндөө удаан үргэлжлээсэй гэж хүсэж байсан билээ. Ханхүүгийнхээ тухай бодох бүр түүний сэтгэл нялхарч байлаа. Төлөвлөгөө ёсоор түүнтэй түрүүлж ярихгүй, түрүүлж дуудахгүй, зөвхөн ханхүүг ирэхийг, утасдахыг хүлээх ёстой. Энэ хүлээлт хэр удаан үргэлжлэхийг Золбоо хэлж мэдэхгүй байлаа.

Амтат бялуун дээрх 3 том лааг үлээснээс хойш Золбоогийн цонхны доор модод шар, цагаан, ногоон дээлээ ээлжлэн өмсөж, бүсгүйн төрсөн өдөр ойртсоор… Гэнэт нам гүмийг эвдэн хонх дугарлаа. Бүсгүй догдлон хаалганы зүг гүйхээрээ очин шагайвчаар харвал хайртай залуу нь баглаа цэцэг барин инээмсэглэн зогсож байв. Ханхүүгийн халаасанд хар хилэн хайрцаг бүхий хуримын бөгж халуун атганд нь эзнээ хүлээн нуугдаж байлаа.

3 Comments

  1. eoe says:

    Ene bol bvgd shal hudlaa. Hezee ch Galaa shig zaluus tegee l 3 jil gantsaaraa ybdaggvi yum ymar negen baidlaar hvntei suugaagvich holbogdson bdg. Harin Zolboo shig bvsgvichvvd bvteh bvtehgvi baahan hvntei uchiraad sanaa suugaad Galaa shig zaluutai uchirsanch bas l negen vl bvteh durlal bolon duusdag.. Bodit amidral iiml baina!

  2. zochin says:

    golson yum god orj, lam oldohgui bol butsahdaa zalna geechiin ulger ajguu, kkkk

  3. zulaa says:

    taalagdlaa

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.