ХУУЛЬ ТАНЫ ӨМНӨ ХҮНИЙ НАЙМАА АЛХАЖ ЯВНА

Монгол Улсад мөрдөгдөж буй Эрүүгийн хуулинд хүн худалдаалсан хэргийг зохицуулах заалт 1996 он хүртэл байгаагүй. Өөрөөр хэлбэл тухайн үед энэ төрлийн гэмт хэрэг гарвал хэрэгсэхгүй болох байжээ. Шинэчлэгдсэн Эрүүгийн хуулинд байсан ганц заалт нь “Эмэгтэй хүний биеийг үнэлэх зорилгоор гадаад орон руу явуулах нь гэмт хэрэг” гэсэн байдаг. Монгол Улсын иргэд гадаад паспорт эзэмшдэг болж, дэлхийн улсууд хэн бүхний өмнө “хаалгаа дэлгэсэн” байхад манайд мөрдөгдөж байсан хууль “харалган” байжээ, хөөрхий.Хүний эрхийн үндэсний комиссоос зохион байгуулсан нээлттэй хэлэлцүүлэг дээр ЦЕГ-ын Хэрэг бүртгэх газрын ахлах хэрэг бүртгэгч, цагдаагийн хошууч цолтой нэгэн “Татвар, гаалийн хэргийг шалгах явцад энэ төрлийн хэрэг бүртгэгдэг.

Хуулийн агуулга нь ойлгомжгүй байсан тул яаж ч болдоггүй байлаа” гэж мэдэгдсэн.

Хууль тогтоогчид 2002 онд л эмэгтэйчүүдээс гадна хүүхэд, эрэгтэйчүүдийг ч ашиг олох зорилгоор худалдаж болох юм гэдгийг ойлгосон аж.

Тэд Эрүүгийн хуулинд 113 дугаар зүйл буюу “Хүн худалдах, худалдан авах” гэсэн зүйл ангийг оруулсан. Харамсалтай нь энэ зүйл ангиар эрүүгийн хариуцлага хүлээж, ял эдлэж буй этгээд гарын хуруунд багтахаар цөөхөн байдаг.

Нэгэн үе хүн худалдаалах гэмт хэргийн талаар цагдаа, хуулийн байгууллагад нэгдмэл ойлголт байгаагүй. Эрүүгийн хуульд ч дээрх зүйл анги бүрхэг байсан тул хүн худалдаалах гэмт хэрэг хохирогч, холбогдогчгүй өнгөрдөг байсан. Хэдийгээр хуулинд өөрчлөлт орсон ч Дээд шүүхээс тайлбар гартал энэ төрлийн гэмт хэргийг мөрдөх, шүүн таслах ажилллагаанд хүндрэлтэй байсан гэдэг.

Өнгөрсөн жил Эрүүгийн хуулийн 113 дугаар буюу хүн худалдах, худалдан авах гэсэн зүйлээр 10 хэрэгт холбогдсон 17 этгээдэд эрүү үүсгэн шалгаж таван хэргийг мөрдөн байцаах явцад хэрэгсэхгүй болгон, үлдсэн тавыг нь яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорын хяналтанд шилжүүлжээ. Шүүхээс дөрвөн хүнд холбогдох гурван хэргийг хүлээн аваад нэг хэргийг нь мөрдөн байцаалтанд буцааж хоёр хэрэгт холбогдох гурван хүнд шийтгэл оногдуулжээ.

Гэтэл өнгөрсөн жил “Хүйсийн тэгш эрхийн төв”-д бэлгийн болон хөдөлмөрийн мөлжлөгт өртсөн 115 хохирогч ханджээ. Хохирогчдын хамгийн бага нь 15 настай байсан гэнэ. Тэдгээр хохирогчын ард зохион байгуулалттай гэмт хэргийн бүлэглэл байгааг хүний эрхийн чиглэлээр ажилладаг төрийн бус байгууллагын ажилтанууд хэлдэг.

ЦЕГ-ын даргын тушаалаар УМБГ, ЭЦГ, дүүргүүдийн Цагдаагийн хэлтсээс ажлын хэсэг гарч нийслэлд үйл ажиллагаа явуулдаг зочид буудал, баар, саунд шалгалт хийсэн. Тухайн үед 15-аас 25 хүртэл насны охид, эмэгтэйчүүд массажист, ширээний үйлчлэгч нэрийн дор бие үнэлж байсныг илрүүлсэн тухай хэвлэлүүдээр гарсан. Саун, баар ажиллуулж 200 гаруй эмэгтэйг зохион байгуулалттайгаар биеийг нь үнэлүүлж байсан Б.Янжиндуламыг цагдаагийн байгууллага шалгаж байна. Охидын заримыг хүчээр худалддаг байсан гэх. Манайд хүн худалдаалах гэмт хэрэг хяналтаас гарсан гэдгийг илтгэх наад захын жишээ энэ.

Энэ төрлийн гэмт хэрэг манай улсад төдийгүй дэлхий нийтийг түгшээж байгаа. НҮБ-аас дэлхий дахинд 1.2 сая хүн хилийн чанадад болон улс дотроо худалдагдаж байгаа гэсэн тооцоог гаргажээ. Судалгаагаар Африк, Ази тивийн улс орнуудын 80-90 хувь нь илгээгч улс, Зүүн Европийн орнуудын 99 хувь нь хүлээн авагч улс гэж бүртгэгдсэн аж.

Гадаад хэргийн яамнаас гаргасан судалгаагаар өнгөрөгч онд Монгол улсаас давхардсан тоогоор 600 гаруй мянган иргэн хил давж 120 мянган гаруй иргэн гадаадад ажиллаж, амьдарч байгаа гэсэн статистик тоо байсан Өнгөрсөн хугацаанд 50 мянга гаруй хүүхэд хил давсанаас 1500 нь гэртээ буцаж ирээгүй гэнэ. Хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр зарлаж буй гадаадад ажиллуулна, сургана гэсэн зарын дагуу хандах иргэдийн дийлэнх нь 14 -35 насны хүүхэд, залуус байдаг гэнэ. Сургуулийн насны хүүхдүүдийн дийлэнх нь эрсдэлтэйгээр гадаадад явахад бэлэн гэж хариулж байна. Хууль тогтоогчид та бүхэн баталсан хуулиа эргэж харахгүй бол цөвүүн цагийн муу болгон “эцэг” хууль, эрүүгийн хуулиас дээгүүр жаалах нь.

SOURCE: Нийгмийн толь сонин

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.