Хайраар дутсан хонгорхон үрс

o-BABY-facebook

-Нялх амьтанд хүчээр тамхи татуулж, архи уулгаж, албаар хөлийг нь солбиулж суулган бичлэг хийж зугаацаад, үүнийгээ олон нийтийн сүлжээнд тавьсан хүн дүрст араатнуудыг цагдаагийнхан заавал олж, хэн байсныг нь нийгэмд мэдээлэх хэрэгтэй-

Хоёр нас ч хүрээгүй гэмээр жоохон охины хөлийг албаар солбиулж том хүн шиг суулгачихаад хүчээр архи өгч, тамхи татуулж байгаа видео бичлэг наадмын өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр цацагдсан.

Энэ мэдээж том хүмүүсийн хийсэн ажил. Бичлэг дээр харагдахгүй ч эрэгтэй хүмүүсийн хоорондоо ярилцах, цаана нь бас нэг эмэгтэйн дуу гарч байсан.

Хүүхэд тамхийг буцааж өгөөд байхад бичлэг хийж зугаацаж буй хүмүүс тамхийг нь авахгүй инээлдээд байх юм. Тамхины цог гуянд нь хүрэхэд хүүхэд болгоомжлоод, өөрийгөө түлээд дүргүйцээд байхад ч инээлдээд л тамхийг дахин дахин өгөөд байсан. Хажуугаар нь бас архи хундагалаад бариулчихсан. Хүүхдийг шав шалдан суулгачихсан…

Ой ухаан нь хөгжөөгүй бяцхан хүүхдээр хүчээр хүссэн зүйлээ хийлгэж байгаа энэ хүмүүс хэн байв. Бичлэг дээр нэг ч хүний дүрс гарахгүй байгаа. Магадгүй ээж, аав нь байж мэднэ. Хэн гэдэг нь танигдахгүй ч эд гэмт хэрэгтнүүд.

Нялх амьтанд хүчээр тамхи татуулж, архи уулган зовоож, тарчилгачихаад бахаа ханатал инээлдэж, зугаацаж байгаа энэ хүмүүсийг хуулийнхан, цагдаа нар заавал олох ёстой. Хуулийн хариуцлага хүлээлгэх хэрэгтэй. Нийгэм ч үүнийг шаардана.

Манай мяндагтнууд хүүхдийн эрхийг зөрчихгүй байя, хүүхдийн эсрэг хүчирхийллийг зогсооё гэж маш их ярьдаг мөртлөө үйлдэл дээр хэрэгжүүлдэггүй. Хэрвээ хүүхдийг хамгаалдаг, хууль хэрэгждэг оронд дээрх хүүхдийн аав, ээжийг олж эцэг эх байх эрхийг хасч, шууд л шоронд хорино. Энэ бол хангалттай нотлох баримт.

Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хууль гэж уг нь бий. “Хүүхдийн эрхийг төрсөн цагаас нь эхлэн 18 насанд хүртэл хамгаалахад энэ хууль үйлчилнэ” гэж томъёолсон уг хууль тунхгийн шинжтэй, нарийвчилсан зохицуулалт байхгүй шахам. Хүүхдийн эрх зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага зүгээр л торгуулийн арга хэмжээ. Торгууль нь маш бага. 40-50 мянган төгрөгөөр торгох гэж байна. Хууль ингэж үнэгүйдсэн учраас нялх хүүхдээр харахыг хүссэн юмаа хүчээр хийлгэж араатнаас дор авирлаж буй бизээ.

Уг хуулийн долдугаар зүйлийн 4-т “Хүүхдийг гэмт хэрэг, эрх зүйн зөрчил, хүчирхийлэл, мөрийтэй тоглоом, садар самуун, насанд хүрэгчдийн хоорондын аливаа зөрчил, архи,тамхи, мансууруулах болон хордуулах бодис хэрэглэхэд татан оруулах; доромжлох, басамжлах, гүтгэх, хүчирхийлэх, хулгайлах, барьцаанд авах, худалдах; дамжуулан худалдах, боолчлох буюу түүнтэй адилтгах нөхцөлд байлгах, санаатай солих, хаях, төөрүүлэх; тарчлаан зовоох, тагнуул, хорлон сүйтгэх ажиллагаанд ашиглах, бага насанд нь сүй тавьж албадан гэрлүүлэх; хууль бусаар үрчлэх, хорьж цагдах, гадаадад авч гарах, гадаадаас оруулж ирэхийг хориглоно” гэж заасан бөгөөд үүнийг зөрчвөл дээд тал нь 50 мянган төгрөгөөр торгуулаад л болоо.

Нялх амьтанд хүчээр тамхи татуулж, архи уулгаж, албаар хөлийг нь солбиулж суулган зугаацаад, үүнийгээ олон нийтийн сүлжээнд тавьсан хүн дүрст араатнуудыг цагдаагийнхан заавал олж, нийгэмд хэн байсныг нь мэдээлэхийг хүсч байна.

Төр засаг хүүхдийн эрхийг хамгаалах тухай “Тэгэхийг хориглоно, ингэхийг хориглоно” гэсэн тунхгийн шинжтэй хуулиа нарийвчилсан зохицуулалттай болгож өөрчлөх хэрэгтэй.

Хагас дутуу зохицуулалттай ч хууль байдаг гэдгийг, хүүхдийг хуулиар хамгаалдаг гэдгийг Хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр ажилладаг төрийн болон төрийн бус байгууллагууд нийгэмд таниулах үүрэгтэй.

Нялх балчир үрс минь араатнаас дор ухамсартай том хүмүүсийн зугаагаа гаргах хэрэгсэл биш.

SOURCE: gogo.mn

1 Comment

  1. GegeenCom says:

    Zuv hashraaj niigmiig tsochirduulah sedev heregtei

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.