Хөвгүүдийн шодойн тээрхийн арьсны цаана харагдах “СУВД” шиг “ЦАГААН ЮМ” юу вэ?

1-р тохиолдол

Нэг ээж сандарсаар орж ирлээ, манай хүүгийн шодойнд ийм том цагаан юм гараад, юу вэ гэсээр. Үзтэл шодойн толгой хучидаг тээрхийн арьсны цаана “цагаан юм” гэрэлтэн харагдаж байна, хэмжээгээр нилээн том юм. Хүүхдэд чинь ямар нэг зовиургүй байгаа биз дээ гэтэл, “Тийм зовиургүй” гэлээ. Энэ бол айж сандрах зүйл биш, хэвийн гэж тайлбарлав. Ээж гайхан, аав нь мэдэхгүй л байсан даа гээд зөвөлгөөг ойлгож ихэд тайвширч билээ.

2-р тохиолдол

Ажилдаа ирэхэд аль хэдийн эмнэлгийн үүдэнд залуухан аав ээж 5 настай хүүгээ хөтөлсөн уруу царайтай зогсож байна. За юу болов гэтэл “Хүүгийнхээ талаар их л нууцлаг уулзах хэрэг байна, хүү маань бэлгийн замын халдварт өвчин туссан байна, бид 2 шөнөжин унталгүй юу болов гэж сандраад” гэв. Би ч инээгээд “Хүү нь хэзээ усанд орсийн гэж асуув, Хагас сайнд орсон, Баннд орж тогложээ дээ гэв, Тийм та яаж мэдэв ээ” гэлээ. Тэр 2-т учрыг нь тайлбарлав. Ээж нь Та яг үнэн ярьж байна уу, шодойноос нь цагаан юм гарсан гээд гайхаж, “Нэг эмчид үзүүлсэн чинь танай хүүхэд бэлгийн замын халдварт өвчин туссан байна, шинжилгээ өг гэсэн юм. Тэгээд бид 2 сандарлаа” гэв. Тэр аав ээж 2 учрыг нь ойлгож их баярлаад гарч билээ.

Эрэгтэй хүүхдийн гадна бэлэг эрхтэн – ШОДОЙ нь түүний толгойг хамгаалах үүрэгтэй тээрхийн арьсаар хучигдсан байдаг. Тээрхийн арьс нярайн 10 орчим хувьд л шамрагддаг. 90 гаруй хувь нь 5 -10 насанд, улмаар өсвөр насанд /10-16 насанд/ байгалийн жамаараа буюу жилээс жилд тээрхийн арьс сунаж тэлэгдэхийн хэрээр, ялангуяа шодойн толгойтой нягт наалдсан тээрхийн арьс 3-10 насанд салж эхлэн 10-16 насанд бүрэн салах үед шодой бүрэн шамрагддаг байна.

Тээрхийн арьс болон шодойн толгойн завсар гуужсан эс бага багаар хуримтлагдан цагаан өнгийн “ээдэм/аарц” мэт зүйл тээрхийн арьсны цаанаас нэвт гэрэлтэн харагддаг. Үүнийг анагаах ухаанд СМЕГМА/SMEGMA гэнэ. Манайхан “ЦАГААН ЮМ” гэж орчуулжээ. Эмч нар болон эцэг эхчүүдийг тайвшруулах зорилгоор “СУВД/PEARLE” хэмээн нэрлэсэн байдаг. Смегма нь тээрхийн арьсны цаана хуримтлагдан наалдцыг хөндийрүүлж салахад чухал үүрэг гүйцэтгэдэг.

Тэгэхээр смегма нь ХЭВИЙН зүйл бөгөөд хүүхдэд ямар ч зовиургүй, эмчилгээ шаардлагагүй байх нь. Хүүхэд том болох тусам тээрхийн арьс шамрагдахын хэрээр энэхүү хуримтлагдсан смегмаг угааж цэвэрлэх боломжтой болно. Тэр болтол түүнийг оролдох шаардлагагүй.

Цаашид ч насан туршид смегма үүсэх бөгөөд хүүхдийн шодой шамрагддаг болмогц усанд орохдоо шодойгоо шамлаж угаахыг зааж өгөх ёстой. Дашрамд хэлэхэд шамрагдаагүй шодойг зөвхөн гаднаас нь угаана.

Смегма бол халдварын шинж тэмдэг (идээ) биш. Харин усанд орох явцад бохир, савантай ус орох, бохир гараараа шодойгоо барихад бохирдох, элс, шороон дээр тоглоход тэр нь орж үрэвсэж болно. Үүнээс болж бактери үржин идээ шиг үнэртэй шингэн зүйл гарна. Шодой хавдаж улайна. Энэ тохиолдолд шодойг шувтарч идээ шиг зүйлийг угааж цэвэрлэнэ. Шаардлагатай тохиолдолд эмчид үзүүлж зөвөлгөө авна.

Эцэг эхчүүдэд анхааруулахад хүүхдийнхээ тээрхийн арьсыг хүчээр шамалж /шамлуулж болохгүй, тээрхийн арьсан доор хуримтлагдсан смегмаг зүгээр л орхино. Хэвийн гэж ойлгоорой.

Хүүхдийн эмч Д. СОЛОНГО

4 Comments

  1. Boldoo 16 says:

    Angi mongol bichleg avah in comment uldeegerei

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.