Б.Солонго: Жилд тэмбүүгээр өвчилсөн 22583 иргэнийг эмчилгээнд хамруулахаар төлөвлөсөн

Тэмбүү нь хүний бүх эрхтэн, яс, үс, арьс салст, дотор эрхтэн, тэр ч байтугай мэдрэлийн эсийг хүртэл гэмтээдэг нийгмийн хор хөнөөлтэй өвчин юм. Тэмбүү өвчний талаар ХӨСҮТ-ийн ДОХБЗДХ-ын Тандалт судалгааны албаны их эмч Б.Солонготой ярилцлаа.

-Тэмбүү гэж ямар өвчин юм бэ. Энэ өвчний талаар ойлголт өгөөч?

-Тэмбүү нь бэлгийн за­маар дамжих халдварт ордог. Цайвар спорпоед гэдэг янгаар үүснэ. Бэлгийн замын халдваруудаас зон­хилон тохиолдох өвчинд ордог. Тэмбүү өвчин ихэвч­лэн хамгаалалтгүй бэлгийн хавьтлын үед халдварлана. Мөн эхээс урагт болон арьс, салстын бүрэн бүтэн байдал алдагдсан үед халдвар дамжина.

-Уг өвчин бүрэн эдгэрдэг үү. Алсдаа хүний биед муугаар нөлөөлөх үү?

-Тэмбүү өвчин бол бүрэн эмчлэгдэх боломжтой. Төгс эмчлэгддэг өвчин. Хагийн гол нь хувь хүн өөрөө эрт үзлэг шинжилгээнд хамрагдаж эмчилгээ хийвэл үр дүн сайтай.

Гэхдээ энэ өвчин дахин халдвар авах боломжтой. Салхин цэцэг бол нэг өвчлөөд дархлаа тогтдог бол тэмбүү өвчин дархлаа тогтдоггүйгээрээ онцлогтой. Тийм учраас дахин халдвар авах магадлалтай байдаг. Хэрэв та эрсдэлтэй алхам дахин дахин дахин хийгээд бэлгэвчгүй бэлгийн хавьталд орох юм бол дахин халдвар авах боломжтой.

Энэ өвчин нь хэдий хугацаанд илэрдэг юм бэ? Илрэхгүй байж байгаад хүндрэх тохиолдол их байдаг гэсэн?

-Халдварын нууц хугацаа 3-4 долоо хоног байна. Халдвар авснаас хойш 3-4 долоо хоногийн дараа халдвар хаана орно, тэнд анхны шинж тэмдэг илэрдэг. Ер нь бэлгийн замаар ихэвчлэн халдварладаг учраас бэлэг эрхтэн дээр нэг ширхэг хатуу шарх үүсдэг. Хатуу яр нь зөв, дугуй, зуйван хэлбэртэй, нэг см орчим хэмжээтэй, тэгш ирмэгтэй, тэмтэрч үзэхэд хатуувтар байдаг. Хамгийн гол нь гарсан шарх ямар ч өвчингүй байдаг. Тийм учраас хүмүүс анзаарахгүй өнгөрдөг.

Ялангуяа эмэгтэй хүмүүсийн хувьд бэлэг эрхтэн болон үтрээний амсар, умайн хүзүүн дээр гарсан тохиолдолд анзаарахгүй өнгөрөх нь бий. Хатуу яр гарсны дараа хоёр дахь шинж тэмдэг илрэх буюу 7-10 хоногийн дараа яр гарсан орчимд тунгалгийн булчирхай томорно.

Үүний дараа шинж тэмдэггүй байдалд шилждэг. Тодорхой хугацааны дараа биеэр тууралт гарах ч юм уу, өөр  шинж тэмдэг илэрч хоёр, гуравдугаар шат явагдана.

-Дараа нь яах вэ?

-Яваандаа энэ өвчин нь бүх эртсэн системийг гэмтээдэг. Нүдний хараа, мэдрэлд нөлөөлдөг. Үүнийг зөвхөн нөхөн үржихүйн эрхтэнд гардаг гэж ойлгож болохгүй.

Хүмүүс хамаргүй өвчин ч гэдэг. Дээр үед хамаргүй хүмүүс олон байсан нь тэмбүү өвчинтэй холбоотой. Энэ нь хүний хамарны мөгөөрсөн эдийг иддэг. Ер нь ихэвчлэн эдгэшгүй, эвгүй сорви олноор үлддэг.  Ийм болтол 10-15 жил болно. Бас давхар мэдрэлийн системд нөлөө үзүүлдэг.

-Тэмбүүг эрт илрүүлэх шинжилгээнд хэрхэн хамрагдах вэ?

Тэмбүүг эрт илрүүлэхийн тулд цусны шинжилгээгээр оношлогддог. Энэхүү шинжилгээг бүх аймаг, дүүргийн  бэлгийн замаар дамжих халдварын кабинетад хийгддэг. Тэмбүүг устгах хоёр жилийн ажлын хүрээнд шинжилгээ, эмчилгээ үнэ төлбөргүй хийгдэхээс гадна нууцлалыг маш сайн хадгална. Энэхүү кабинетийн гол үүрэг бол шинжилгээ эмчилгээнд хамруулахаас гадна бэлгийн хавьтагчийг хамт эмчлэх нь маш зөв арга. Өөрөө эдгэсэн тохиолдолд бэлгийн хавьтагч нь халдьартай бол дахин тэр хүнээсээ халдвар авах магадлалтай байдаг. Тийм учраас хамтад нь эмчлэх нь энэ өвчнөөс салах шилдэг арга юм.

-Дээрх шинж тэмдэг илэрч, тэмбүү өвчнөөр өвчилсөн тохиолдолд яах вэ?

-Нэгэнт та эрсдэлтэй алхам хийсэн бол эмнэлэгт, мэргэжлийн байгууллагад хандаж мэргэжлийн эмчийн зөвлөгөө, үздэг, шинжилгээнд хамрагдаж, мэргэжлийн эмчийн хяналт дор эмчилгээнд хамрагдана.

Үндсэн эмчилгээ нь 7 хоногийн зайтай өндөр тунгаар 3 удаа пенциллин тарьдаг. Гэтэл хүмүүс эхний тунгаа хийлгэчихээд алга болох тохиолдол байдаг. 3 долоо хоног тариа тариулаад цаашдаа хоёр жилийн хугацаанд эмнэлгийн хяналтанд байж, улирал тутамд шинжилгээ өгдөг. Эмчийн заавраар төгс эмчилгээ хийгдэнэ гэдгийг иргэд ойлгох хэрэгтэй.

-Тэмбүү устгах аян эхлээд сар гаруйн хугацаа өнгөрлөө. Ер нь энэ аяныг эхлүүлэх болсон шалтгаан юу вэ. Иргэд “Улаан тариа 2” эргэн ирлээ гэх мэтээр ярьж байна. Тэмбүү өвчний халдвар тийм их байгаа хэрэг үү?

Тэмбүү өвчний хандлагаас харахад 10 мянган хүнд 1983- 1990 онд дунджаар 5.1 тохиолдол байсан бол 2003 оноос хойш энэхүү өвчний өвчлөл нэмэгдсэн гэж үздэг. 1983-2002 оны дундажтай харьцуулахад өвчлөл 4 дахин нэмэгдсэн гэж үзэж байгаа. Өвчлөл нэмэгдэж байгаа нь хүмүүсийн анхаарал татаж байгаа. Нөгөө талаараа залуучуудын эрүүл мэндийн боловсрол нэмэгдээд эрт үзлэг шинжилгээнд орж байгаа нь өвчлөл нэмэгдсэн гэж үзэж байгаа.

-Аль насныханд илүү тохиолддог вэ?

-Ихэвчлэн бэлгийн идэвх­тэй амьдралтай нөхөн үржихүйн насны хүмүүс өвчилдөг. Тэд уруу татагдах, шохоорхох, тохиолдлын байдлаар бэлгийн хавьталд орох өндөр магадлалтай. Бэлгийн идэвхитэй нас гэдэг нь 18-45 нас байдаг.

-Зөвхөн залуучууд гэлт­гүй эхээс урагт дамжин халдварлах байдлаар дөнгөж төрж буй нярай хүүхдүүд хохирох тохиолдол байдаг гэсэн. Төрөлхийн тэмбүү гэж яг юуг хэлж байна вэ?

Төрөлхийн тэмбүү сүүлийн 5 жилд эрс нэмэгдсэн. Бид 2019 оны эхний 6 сарын байдлаар төрөлхийн тэмбүүтэй 38 хүүхдийг оношлоод байна. үүнээс 4 нас барж, 15 нь амьгүй тохиолдол илэрсэн. Тэмбүү бол нөхөн үржихүйн үйл явцыг зогсоодог гэж үздэг. Дээр үед энэ бол үндэсний аюулгүй байдалд заналхийлдэг өвчин гэж үздэг байсан. Яагаад гэхээр халдвар авсан эмэгтэй жирэмслэхгүй байх, жирэмсэлсэн ч амьгүй төрөх, зулбах, амьдрах чадваргүй төрөлхийн тэмбүүтэй хүүхэд их байдаг учир хүн амын өсөлтөд сөргөөр нөлөөлдөг.

Эрүүл ээжээс эрүүл хүүхэд төрнө. Тийм учраас ээж нар өөрөө эрүүл байж эхний болон сүүлийн 3 сарын жирэмсний хяналтанд заавал орох хэрэгтэй.  Ер нь сүүлийн үед манай жирэмсэн эхчүүд хяналтад эрт хамрагддаг болж байна. Хяналтад хэдий чинээ эрт орно, төдийн чинээ урьдчилан сэргийлж чадна. Ялангуяа жирэмсний эхний 3-4 сартайд нь эрт илрүүлчих юм бол өвчтэй хүүхэд төрөхгүй.

-“Тэмбүүг устгая” аян эхэлснээр хичнээн хүн эрт илрүүлэх шинжилгээнд хамрагдсан бэ. Үүний хэдэн хувьд нь тухайн өвчин илэрч эмчилгээ үйлчилгээ авч байна вэ? 

Бид шинжилгээ өгсөн хүн бүрт хүрч ажиллаж байна. Зөвлөгөө өгөх, эмчилгээ үйлчилгээний талаар мэдээлэл өгч байна. Харин иргэдийн зүгээс эмчилгээг тасалдуулах хандлага байна. Тэгэхээр энэ эмчилгээ үр дүнд хүрэхгүй шүү дээ.  Бид “Тэмбүүг устгая” аян эхэлснээр  хичнээн хүн үзлэг шинжилгээнд хамрагдсан талаарх тоон мэдээллийг хараахан нэгтгэж амжаагүй байна. Харин аймаг сумдын эрүүл мэндийн төвүүд рүү сар бүрийн сүүлээр тайлан ирүүлж байх тухай мэдэгдлийг хүргүүлсэн байгаа. ХӨСҮТ-ийн “Улаан тууз” эмнэлэгт энэхүү аян эхэлснээр өдөрт хандаж байгаа үйлчлүүлэгчдийн тоо 30-40 хувиар нэмэгдсэн үзүүлэлттэй байна.  2019 оны 7 дугаар сарын 1-ний байдлаар Өмнөговь аймгийн Гурвантэс, Ханбогд сумдад тэмбүүг эрт илрүүлэх мэргэжлийн баг ажилласан. Ханбогд суманд 700 гаруй хүнд үзлэг шинжилгээ хийн 17 тэмбүү, 22 заг хүйтэн, 6 трихомониаз өвчин илрүүлэн бэлгийн хосын хамт эмчлэв. Гурвантэс суманд гэхэд л тэмбүү илрүүлэх шинжилгээнд 600 гаруй хүн хамрагдсан байна. 6 тэмбүү, 4 заг хүйтэн, 6 трихомониаз, 95 нянгийн гаралтай үтрээний үрэвсэл, 24 мөөгөнцөр өвчин илрүүлэн бэлгийн хосын хамт эмчилсэн.

Жилд илрүүлэг шинжилгээгээр тэмбүү өвчтэй оношлогдох боломжтой 22583 иргэнийг тэмбүүгийн эмчилгээнд хамруулахаар төлөвлөөд байна.

1 Comment

  1. Аги says:

    Мал адгуус шиг тааралдсан болгонтой секс хийвэл тусахгүй өвчин гэж байхгүй

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.