Хүний эрх зөрчиж, зочид буудлын өрөөнд дайрч орон бичлэг хийдэг этгээдүүдэд ХУУЛИЙН ХАРИУЦЛАГА ХЭРЭГТЭЙ

“Хүн бүр ХАЛДАШГҮЙ ДАРХАН байх эрхтэй” гэдгийг 1948 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблей Хүний эрхийн түгээмэл тунхаглалаар баталсан байдаг.

Энэ тунхаглал Монгол Улсад ч хүчин төгөлдөр үйлчилдэг.

Харамсалтай нь сүүлийн үед хэн нэгний орон байр руу дураараа нэвтэрсэн увайгүй, балмад үйлдлээ дүрс бичлэгээр баримтжуулж, улмаар хүний нүүр царайг далдлахгүйгээр бичлэг хийн олон нийтийн мэдээллийн хэрэгслээр цацаж, түүнийг нь хэвийн үзэгдэл мэт хүлээн авч байгаа нь манай нийгэм хүний эрхийн талаар ямар ч ойлголтгүйг харуулсан тод жишээ.

Тодруулбал, ердөө 10 гаруй хоногийн өмнө гэхэд нэгэн сайтын ажилтнууд зочид буудлын өрөөнд нэвтэрч, тус өрөөнд байрлах иргэнээс хэт хувийн шинжтэй зүйлийг камерын өмнө асууж буй бичлэгээ олон нийтийн сүлжээнд нийтэлсэн.

Энэ нь манайх шиг ардчилсан улс оронд байж боломгүй, хүний эрхэд шууд халдсан үйлдэл төдийгүй хууль зөрчсөн явдал гэдгийг сануулж байна.

Зочид буудлын өрөөнд дайрч орсон, бичлэг хийсэн хүнд гомдол гаргах эрхтэй

Дээр дурдсанчлан, 1948 оны арванхоёрдугаар сарын 10-ны өдөр Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейн 217/А/III/ тогтоолоор Хүний эрхийн түгээмэл тунхаглалыг баталж, түүний бүх заалтыг дагаж мөрдөхийг гишүүн улсуудад уриалсан байдаг.

Энэхүү тунхаглал нь туршлагаас үүдэж “хүн бүхэнд төрөлх буюу заяагдмал эрх бий” гэсэн санааг анх дэлхийн түвшинд гаргаж ирсэн гэдэг. Харин нийт гучин зүйл ангитай батлагдсан Хүний эрхийн түгээмэл тунхаглал нь олон улсын хэмжээний хүний эрхийн гэрээ, хуулиудын үндэс болсон юм.

Тэгвэл тухайн тунхаглалын 3 дугаар зүйлд “Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй” гэжээ.

Мөн 12 дугаар зүйлд “Хэний ч хувийн болон гэр бүлийн амьдралд хөндлөнгөөс дур мэдэн оролцох, орон байрны халдашгүй байдал, захидал харилцааных нь нууц болон нэр төр, алдар хүндэд нь халдах ёсгүй. Тийм оролцоо халдлагын эсрэг хэн ч бай хуулиар хамгаалуулах эрхтэй” гэдгийг тодоос тод бичсэн байдаг.

Манай улс ч энэ эрхийг зөрчихийг хуулийн бүтэн бүлгээр хориглосон байдаг.

Тодруулбал, Эрүүгийн хуулийн 13 дугаар бүлэгт Хүний халдашгүй байх эрх чөлөөний эсрэг гэмт хэрэгт тооцогдох буюу хуулиар хориглох үйлдлүүдийг 14-н зүйлээр зүйлчилж оруулсан.

Шүүхийн шийдвэргүй хэн нэгний өрөөнд сэтгүүлч, цагдаа эсвэл буудлын захирлын аль нь ч дайрч орсон эрүүгийн хариуцлага хүлээх нөхцөл үүсэж болохоор байна.

Үүнд бусдын орон байранд хууль бусаар нэвтрэн орохыг хориглох заалт багтдаг бөгөөд тус хуулийн 13.6 дугаар зүйлд:

  1. Оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нэвтэрч хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирласан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 400 мянган төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.
  2. Энэ гэмт хэргийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж үйлдсэн, эсхүл эрх бүхий албан тушаалтан хуульд заасан үндэслэл, журмыг зөрчиж хүний орон байранд нэвтрэн орсон, нэгжлэг хийсэн, эд хөрөнгө хураан авсан бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500-700 мянган төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ хэмээн тус тус заасан байна.

    Хамгийн чухал нь энэ хуульд заасан “орон байр” гэдэгт хүн байнга эсвэл түр амьдрахад зориулагдсан төрөл бүрийн орон сууц, байшин, гэр, урц, зочид буудал, амралт сувиллын газар, зуслангийн байр, майхан зэргийг багтааж ойлгоно гэжээ.

    Өөрөөр хэлбэл, тухайн иргэн мөнгөө төлөөд зочид буудалд орсон бол тэр нь хуульд заасанчлан орон байр гэж тооцогдох юм.

Тиймээс хуульд заасан үндэслэл журмын хүрээнд биш л бол зочид буудлын өрөөнд нэвтрэх нь хуулиар хориотой тул ямар нэг байдлаар шүүхийн шийдвэргүй хэн нэгний өрөөнд сэтгүүлч, цагдаа эсвэл буудлын захирлын аль нь ч дайрч орсон эрүүгийн хариуцлага хүлээх нөхцөл үүсэж болохоор байгаа юм.

Мэдээж хаана ч байсан биеэ үнэлэхийг эсвэл мөрийтэй тоглоом зэргийг зохион байгуулах нь хуулиар хориотой. Гэхдээ яг тухайн өрөөнд шалгалт хийх нь хуульд заасанчлан үндэслэлтэй байх ёстой.

Мөн зочид буудлын өрөөнд хууль бус үйлдэл гаргасан гэдэг нь тогтоогдоогүй байхад олон нийтийн хэрэгслээр нүүр царайг нь ил гарган цацах нь хүний эрх болоод хууль дүрмийг бүр ч илүү дэвсэлсэнтэй агаар нэг.

Уг нь дээрх тохиолдолд эрхээ зөрчүүлсэн иргэн хуулийн байгууллагад гомдол гаргах эрхтэй. Гэвч өнөөдрийг хүртэл ийм асуудлаар гомдол гаргадаг хүн бараг л байдаггүй аж.

Тухайлбал, цагдаагийн байгууллагад 2022 оны аравдугаар сарын гэмт хэргийн статистик мэдээллээс харвал Эрүүгийн хуульд заасан бусдын орон байранд хууль бусаар нэвтрэн орсон гэмт хэрэг 16 бүртгэгджээ. Энэ нь нийт бүртгэгдсэн 31,320 гэмт хэргийн 0.05 буюу маш бага хувийг эзэлж байна.

Дээрх 16 гэмт хэргийг зөвхөн зочид буудалд дайрч орсон гэж үзэх боломжгүй бөгөөд айлын гэрт хууль бусаар, нууцаар нэвтэрсэн бүх төрлийн гэмт хэрэг энэ тоон багтсан байх боломжтой.

Өөрөөр хэлбэл, яг зочид буудлын өрөөнд дайрч орсон талаар нэг ч иргэн эрхийнхээ хүрээнд хуулийн байгууллагад хандаагүй байх магадлал өндөр.

Түүнээс гадна, бусдын орон байр буюу зочид буудлын өрөөнд хууль бусаар нэвтрээд зөвшөөрөлгүй бичлэг хийж, тарааж дамжуулах нь хамгийн ноцтой асуудал.

Үүнийг мөн Эрүүгийн хуулийн 13 дугаар бүлэг буюу Хүний халдашгүй байх эрх чөлөөний эсрэг гэмт хэргийн 8 дугаар зүйлээр хуульчилсан байна.

Бүр тодруулбал, тус хуулийн 13.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт:

Хувь хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд илтэд халдахаар байршилд дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэг хийж олон нийтэд тараасан, бусдад дамжуулсан, эсхүл эрх бүхий албан тушаалтан хуульд заасан үндэслэл, журмыг зөрчиж авсан гэрэл зураг, дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэгийг олон нийтэд тараасан нь мөрдөн шалгах ажиллагааны нууцыг задруулах гэмт хэргийн шинжгүй бол хоёр жил хүртэл хугацаагаар эрх хасаж зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэжээ.

Ингэхдээ “хувь хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд илтэд халдахаар байршил” гэж ариун цэврийн өрөө, хувцас солих өрөө, нийтийн үйлчилгээний газрын тусгай зориулалтын үйлчилгээний өрөө, караокены өрөө, зочид буудлын өрөө, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг үзүүлэх хэвтүүлэн эмчлэх өрөө зэргийг ойлгоно гэж тайлбарласан байна.

Өөрөөр хэлбэл, зочид буудлын өрөө нь ариун цэврийн болон хувцас солих өрөөний адил хувь хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд илтэд халдахаар байршилд тооцогдоно гэсэн үг.
Хуулийн энэхүү заалтуудаас харахад, халдашгүй байх эрхийг зөрчиж, зочид буудлын өрөөнд хууль бусаар нэвтрэн, бичлэг хийж олон нийтэд цацсан тохиолдолд тухайн иргэн мөн л хуулийн байгууллагад гомдол гаргах эрхтэй байгаа юм.

Монгол Улсад хууль дүрэм үйлчилж байгаа цагт эрхээ зөрчүүлсэн нэгэн нь хохирогч болж үлдээд хууль дүрэм, хүний эрхийг зөрчиж дураараа авирласан нэгэн нь “яллагч” болоод үлдэх учиргүй.

Ардчилсан тогтолцоотой бүхий л улс орнуудад буруутгагдаж буй этгээд ч үгээ хэлэх эрхээ эдэлж, гэмт хэрэгтэн ч хуулиар хязгаарлагдсанаас бусад эрхтэйгээ үлддэг.

Гэтэл бид хэдий хүртэл хүний заяагдмал эрхийг хүртэл уландаа гишгэх вэ!

SOURCE: ikon.mn
Г.Өлзийхутаг

2 Comments

  1. Ган says:

    Сэтгүүлчид цагдаа нар арай дэндүү дураараа аашилж байгаа юмаа. Хүний эрхэнд бүдүүлгээр халдаж байгаа хэрэг. Манайхан хуулийн мэдлэг сул учраас хэл ам хийж чадахгүй байгаа юм. Давраагаад байгаа хэрэг. Биеээ үнэлэгч аваад буудалд байсан ч мөнгөө төлөөд байж байгаа хүмүүс рүү дураараа дайрч орж зураг хөргийг нь нэр устай нь цацах ёсгүй. Хэтэрхий бүдүүлэг

  2. Тэнэг мэдрэмжгүй төрийн албаныхан says:

    Нэг тийм бүдүүлэг байгаагаа шудрага байгаа гээд ойлгочихсон өлбийсөн сэтгүүлч нар худлаа хэлбэрдсэн цагдаа нар зайлаасай. Ажил хийсэн нэр зүүх гэж буудал эргүүлдэг ажилгүй тэнэг сда нар …

    Залуу байж хөдөө ажилтай ч их явдаг байж бас хадмынд амьдардаг байсан үед л дээ. Хамаг юмаа барьчихсан сар гаруй хөдөөгөөр явж ирчихээд байсан үед болсон явдал. Эхнэр өдөр ажил дээр хоол авчирч өгөөд яаж зүгээр байх уу? хоёулаа машинаа аваад бургасруу орчихсон яг ид үзэж байсан чинь тэнэг 2 цагдаа хаалга тогшоод өвчигнөөд шаасан. Тэгснээ нэр мэр бичиж аваад зайлчихсан өлөн санагдаж билээ.

Leave a Reply

Your email address will not be published.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.