Өдрийн сэдэв: БУСАД РУУ ГӨЛРӨН ШИРТЭЖ, НИЙТИЙН ТЭЭВЭРТ АМЬДРАЛАА ХАШХИЧИЖ ЯРЬДГАА БОЛЬЁ, МОНГОЛЧУУД АА

Нэгнийхээ муухай, сайханд дурлаж, харцаа ч салгахгүй гөлөрч зогсдог ард түмэн монголчуудаас өөр үлдсэнгүй бололтой. Гөлрөн ширтдэг нь яах вэ гэхэд, олон нийтийн газар бусад хүний тав тухыг алдагдуулж, хамаг байдгаараа хашхичиж, хамаг амьдралаа тоочно. Хүний хувийн орой зай, амьдралд халдах гэсэнгүй. Гэхдээ бусдадаа хүндрэл учруулж, тав тухыг нь алдагдуулдаг байдлаасаа салж, ядах даа гөлрөн ширтдэг, олон нийтийн газар хамаг амьдралаа хашхичиж зарладгаа больё, монголчууд аа.

Гаднынхан “Монголчуудын харц их сонин” гэж сониучирхан ярьдаг юм билээ. Учир юу вэ гэсэн, Азид тэр дундаа Зүүн Азийн орнууд нэгэнтэйгээ мэндлэх эсвэл хүндэлж буйгаа илэрхийлж бөхийх ёсыг нь дагадаггүй, татгалздаг. Бүр тийм ёс заншилтай оронд ажиллаж, амьдраад олон жил болж байгаа монголчууд бөхийхийг нь сурсан ч толгойгоо гудайлгадаггүй гэнэ. Тэгээд урдах хүнийхээ нүд рүү цэх харж байгаад бөхийдөг аж. Үүнийг нь Зүүн Азийн орнын монголчуудыг мэдэх улс анддаггүй болж. Харин анх удаа монголчуудтай таарч байгаа хүнд тэр үйлдэл нь тухгүй мэдрэмж төрүүлдэг. Цаашлаад үл хүндэтгэсэн, ялгаварлан гадуурхсан хэрэгт ч унаж байгаа гэнэ.

Бидний хамгийн сайн мэддэг дэлхийн том орнууд, тэр дундаа АНУ-аас жишээ авъя л даа. Америкт гэр бүл эсвэл нэгэнтэйгээ багаасаа найзалсан дотнын нөхөр биш л бол нүд рүү нь эгцлэх, ширтэх нь хачин этгээд үйлдэл. Зарим муж улсад нь таван секундээс илүү хугацаанд хэн нэгэн рүү харж, ширтэхийг гэмт хэрэг, арьс өнгөөр ялгаварлан гадуурхалт, хүчирхийлэл гэж үздэг болжээ. Хуулиар зүйлчилсэндээ ч бус өөр нэгний сайн, мууд дурлаж, гөлөрч зогсох нь цаад хүндээ таагүй тухгүй мэдрэмж төрүүлдэг учраас л том орны ард түмэн түүнийгээ мэдэж, нэгнээ хүндэтгэж байгаа хэрэг л дээ. Харин манай монголчууд нэгнийгээ хүндэтгэх, бусдадаа саад болохгүй байх ёс зүйд суралцах яагаа ч үгүй байна.

Энэ бол монголчуудын нэгнийгээ хүндэлж, хүндэтгэж чаддаггүй, бусдадаа саад болох, тав тухгүй мэдрэмж төрүүлэхгүй байх ёс суртахууныг хүлээн зөвшөөрдөггүй, нэгнээсээ суралцдаггүйн жишээ

Гөлөрч зогсдогийг нь орхиё гэхэд, манайхны олон нийтийн газар гаргаж байгаа зан авир, бусдадаа саад болдог, таагүй тухгүй байдал төрүүлж, амьдралаа ярьж байдаг нь хачин. Бусдадаа саад болж байгаа хүнд эелдгээр шаардлага тавих, дуугаа намсгахыг гуйхад “Олон нийтийн газар болохоос чиний хувийнх юм уу”, “Хүний амьдрал ойлгохгүй бол дуугүй байгаач” зэргээр шаардлага тавьсан хүнд уураа гаргана. Зарим нь олон нийтийн газар хамаг амьдралаа хашхичиж ярьж байгаагаа мартдаг сан уу “Миний амьдрал чамд ямар хамаатай юм” гэж хажуудах руугаа авирлаж байгаа харагдах. Энэ бол монголчуудын нэгнийгээ хүндэлж, хүндэтгэж чаддаггүй, бусдадаа саад болох, тав тухгүй мэдрэмж төрүүлэхгүй байх ёс сурдаггүйн жишээ. Амьдрал, дэлхий хувьсан өөрчлөгдөж байгаатай зэрэгцэн орон орны хүмүүс өөрчлөгдөж, шинэ соёлд суралцаж байна. Гэтэл манай монголчууд 20 гаруй жилийн өмнөх үедээ гацчихаад хөдөлж өгөхгүй байх шиг. Эсвэл бусдадаа саад болж байгаагаа ухамсарладаггүй, тав тухгүй орчин, нөхцөл бүрдүүлж байгаагаа хүлээн зөвшөөрдөггүй, бүхнийг өөрийн юм шиг санаж, өөрийнхөөрөө байлгах гэсэн занд нь байдаг бололтой.

Нэгнийхээ муу, сайнд дурлаж, нүдээ ч салгахгүй гөлрөх зогсоход гэмт хэрэг гэж үздэг болсон нийгэмд амьдарч байгаагаа ухаарч, бусдынхаа тав тухыг алдагдуулж, саад болохгүй байхын тулд ядахнаа л олон нийтийн газар хамаг амьдралаа хашхичиж ярьдгаа больё, монголчууд аа.

БУСАД РУУ ГӨЛРӨН ШИРТЭЖ, НИЙТИЙН ТЭЭВЭРТ АМЬДРАЛАА ХАШХИЧИЖ ЯРЬДГАА БОЛЬЁ, МОНГОЛЧУУД АА

SOURCE: ergelt.mn

3 Comments

  1. sdd says:

    Хөдөөний маягийн хүн рүү гөлөрсөн юмнуудыг харахаар уур хүрдэг л дээ. Гэхдээ дээр нэг Солонгос нэг явсан. Хиймэл хүмүүс дунд байгаа юм шиг балай юм байна лээ. Харц мөргөодөнө гэж байхгүй. Амьгүй хүмүүс аштай. Тэр чинь бас балай юм байна лээ. Харин манайхан чинь байгалаараа сайхан байгаа юм шиг санагдсан шөө.

  2. lalor says:

    За битгий гуц. Одоо байтлаа харж болохгүй болох нь уу.

    Наад манжийн үеийн тайж язгууртан руу харж болохгүй нүдээ буруулж бөхийх ёсыг чинь халаад 100 жил болж байна.

    Мөн автобус, олон нийтийн газар доллн булчирхайгаа тоожигч хүнтэй таарсангүй 10-аад жил болж байна. Энэ одоо хэзээний нийтлэлийг хуулж тавиад байгаа юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.