58 настай эмэгтэй хүчиндэхээр дайрсан онц аюултай гэмт ХЭРЭГТНИЙ хэлийг хазаж эрхтнийг нь мушгин номхотгожээ

Шоовой хочит А.Отгонбаатар өмнө нь дөрвөн удаа ял шийтгүүлж 2-5 таван жилийн хорих ял авч байсан. Хамгийн сүүлд 2019 онд 2,1 жилийн хорих ял авч эдлээд 2021 онд суллагджээ. Гэсэн ч дахиад л гэмт хэрэг үйлдэж эхэлсэн байна. 2021 оны 8-р сад хохирогч Ц.Г-г хувийн таарамжгүй харилцааны улмаас онц харгис хэрцгийгээр хутгалсан, 2023 оны 5-р сард хохирогч А.О-г мөн хутгалсан, сарын дараа хадам ааваа зодсон, 8-р сард хохирогч Т.Б-г зодож мөрийг нь мулталсан, мөн сардаа хохирогч Т.Э-ийг хүчиндэхийг завдсан, 9-р сард нь дахин хадам аавдаа халдаж хутгалсан байна.

Энэ хооронд гурван удаа гар утас хулгайлж, нэг удаа хутга хэрэглэн “Айфон 12 про макс” дээрэмджээ. 10-р сарын сүүлээр “Эгшиглэн Магнай” компанийн барилгад нэвтэрч, цохилттой дрилл, цахилгаан тасдагч, гагнуурын аппарат зэрэг багаж хэрэгсэл хулгайлаад баригджээ. Баригдсан хойноо цагдаагийн албан хаагчид зодсон, нохойгоор хазуулсан хэмээн худал мэдүүлэг өгсөн байна. Ийнхүү бусдыг зодож хутгалж явсан ч настай эмэгтэйг хүчиндэхийг завдаад хэлгүй бас шодойгүй болох шахжээ. Болсон явдлын талаар хохирогч ийн мэдүүлжээ.

“… Би Баянгол дүүргийн 21-р хороо, Горькийн … тоотод ганцаараа амьдардаг бөгөөд манай хаяг нь газарт орсон тул ямар нэгэн хашаагүй замын хажуугийн задгайд ганцаараа амьдардаг. Тухайн өдрийн өглөө 05 цагийн орчимд гэртээ ганцаараа унтаж байхад цайвар өнгийн цамц, цайвар өнгийн өмдтэй, 20 орчим насны, 155-158 см орчим өндөртэй шавилхан биетэй залуу хаалга татаж орж ирээд намайг хүчиндэхээр шууд дайрсан. Би орноосоо өндийн өөдөөс нь түлхэхэд арагшаа унасан. Унаад босохдоо намайг угзарч би баруун мөрөөрөө шалан дээр унаж ингээд бид хоёр ноцолдож эхэлсэн. Би 170 см өндөр, 80 орчим кг жинтэй тул тийм амар дийлдээгүй. Бид хоёр дээр доороо орон бараг 20 минут ноцолдсон байх. Ноцолдох явцдаа миний хувцсыг урж тасдсан. Эцэст нь эр юм гэсэндээ намайг орон дээр дарж унаган дээр гарсан. Тэгээд “эгчээ би шоронгоос гараад удаагүй байна, хоюулаа нэг хийчихье, та айх хэрэггүй” гээд уруул дээр хүчээр үнсээд хэлээ аманд хийхэд нь би хазаад тавиагүй. Зүүн гараараа хүзүүнээс нь тэвэрч өөртөө шахаад баруун гараа доош нь явуулж хөвчирсөн эрхтнийг нь базаад хамаг хүчээрээ мушгисан. Хоёр хөлөөрөө хөлийг нь хавчсан. Тэр залуугийн царай чинэрч дуугарч чадахгүй гараараа савчсан. Хөдөлж тийчигнэхэд нь би хүчээ шавхан улам чанга хазаж бас мушгисан. Ингээд 10-аад минут болсоны дараа тэр залуу хөдлөхөө больж бас миний ч тамир тасарч хэл эрхтнийг нь тавьсан. Тэгэхэд дээрээс буугаад нэг гараараа амаа, нөгөө гараараа эрхтнээ дарж хэсэг хэвтсэн. Би арай гэж босоод гэрээс гарахад тэр араас гараад догонцож гүйгээд алга болсон. Гарахдаа миний А14 загварын гар утсыг аваад явсан байсан. Би тухайн залууг харах юм бол танина …”

Таньж олуулах ажиллагаагаар хохирогч эмэгтэй хэрэгтнийг таньж заасан байна. Шоовой хамгийн сүүлд багаж хэрэгсэл хулгайлаад маргааш нь баригджээ. Хулгайлсан эд зүйлсийг нь зөөж өгсөн машины жолооч тухайн этгээд зүүн хөмсөгөн дээр таван хошууны шивээстэй, олон нохойтой хашаа гэдгээр сайн санаж цагдаад зааж өгчээ. Цагдаа нарыг Чингэлтэй дүүргийн 10-р хороо, … тоот хашаанд ороход Шоовой зугтан уяатай питбулл үүлдрийн нохойгоо уянаас нь тавих гэж байгаад зүүн хөлөндөө хазуулжээ. Яг баригдахдаа татаж унасан болж жүжиглэсэн гэнэ. Баригдсан хойноо цагдаа нар албаны нохойгоор уруулсан гэж худал мэдүүлэг өгчээ. Мөн хулгайн хэргийг Нэргүй, Алтангэрэл, Далантай, Бодьсэтгэл нартай хамтарч хийсэн гэжээ. Анхан шатны шүүх Шоовой хочит А.Отгонбаатард 14,9 жилийн ялыг хаалттай хорих ангид эдлүүлэх ял оноосон ч давж заалдах шатны шүүх 10,9 жил болгон бууруулжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.