25 нас тийм оройтсон нас биш биз дээ

Сайн байцгаана уу. Энэ 6 сард 25 нас хүрэх гэж байгаа, ганц бие, хувийн байгууллагад менежер хийдэг жирийн нэг эмэгтэй байна аа. Царай зүс, бие хаагаар бол гологдохооргүй. Харин эрчүүдтэй харилцахдаа хэт нялуурч, хэт долигонодог төрлийн хүн биш. Өөрийн гэсэн бодолтой, надаас оюуны хувьд илт дутуу, хариуцлагагүй эр хүнд татагддаггүй л болохоос аймаар хатуу ч биш.

Сүүлийн үед харин нэг зүйл их дарамттай санагдах боллоо. Аав ээжээс эхлээд, ажлынхан, хамаатан садан, таньдаг таньдаггүй хүмүүс хүртэл “Нөхөртэй болохгүй юм уу?”, “Хүүхэд оройтлоо шүү”, “Одоо л амжихгүй бол хэцүүдлээ” гэх мэтээр байнга асуух. Яг л маргааш дэлхий сүйрэх гэж байгаа юм шиг яаралтай асуудал болгож ярих юм.

Уг нь 25 нас тийм оройтсон нас биш биз дээ. Хүнтэй насны тоонд тулгаж биш, сэтгэл нийлэх үедээ л гэр бүл зохиомоор санагддаг. Учрах ёстой хүнтэйгээ учраад, итгэлтэйгээр шийдэж, дараа нь хүүхэдтэй болно гэдэг надад илүү утгатай.

Заримдаа бодохоор манайхан таньдаг таньдаггүй хүнээс хүртэл “бол”, “хий”, “амж” гэж шахна. Болохгүй байвал бүтэхгүй, муу, асуудалтай мэтээр харна. Дэлгүүрийн бараа шиг “дутахгүй ээ” гээд цалингийн зээлээр ч болтугай авч болдог зүйл биш шүү дээ хайр, гэр бүл гэдэг чинь. Хүний сэтгэл зүрхтэй холбоотой асуудалд хэтэрхий амархан хошуу дүрдэг нь л жаахан ядраадаг.

Би зүгээр л яарахгүй байна. Айдсаар биш, зөв хүнтэйгээ, зөв цагтаа шийдмээр байна. Тэр хүртэл өөрийгөө хөгжүүлж, ажлаа хийж, амьдралаа өөрийнхөөрөө авч явахад буруу зүйл байхгүй л гэж бодож байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.