Юуны өмнө намайг битгий буруутгаарай гэж хичээнгүйлэн хүсэж байна. Би нэг залуутай харилцаад, хамт байгаад аль хэдийн 5 жил болж байна. Анх найз эмэгтэйгээрээ дамжуулж танилцаж байсан бөгөөд тэр хоёр нэг газарт хамт ажилладаг хүмүүс байсан юм. Тухайн үед тэр залуугийн эхнэр нь ажлынхаа газрын ахлахтай явалдаж байгаад баригдаж, тэд түр хугацаанд хоёр тийшээ болчихсон байх үеэр бид хоёр танилцсан хэрэг.
Эхнэр нь ээлжийн ажил хийдэг байсан болохоор бид хоёр тэр чөлөөтэй өдөр болгоныг ашиглаж уулздаг байлаа. Нэг мэдэхэд л 5 жилийн хугацаа өнгөрчихсөн байна. Өнөөх залуу маань одоо бол бүрмөсөн ганц бие болсон, эхнэрээсээ албан ёсоор салаад 6 сар орчим болох гэж байгаа.
Гэтэл сүүлийн үед нөгөө залуу маань надад “Би чамд улам бүр татагдаад байна, чамтай л хамт баймаар байна, үргэлж маш их санаж байна” гэж сэтгэлээ илчлэх боллоо. Уг нь бид хоёрт анх уулзахдаа харилцан тохиролцож, бие биедээ хэлж байсан нэг хатуу дүрэм байдаг юм. Тэр нь “Бид хоёр хэзээ ч хоорондоо суухгүй ээ” гэдэг амлалт байсан.
Гэвч түүний надад гаргадаг сэтгэл, халамж нь үнэхээр агуу. Намайг өвдсөн үед өөрөө өвдчихсөн байсан ч хамаагүй заавал над дээр хүрээд ирдэг тийм л халамжтай хүн. Жич хийж хэлэхэд тэр залуу маань хүүхэдгүй. Одоо би энэ харилцаагаа яах вэ? Анхны амлалтаа дагаж харилцаагаа цэгцлэх үү, эсвэл сэтгэлээ дагаж амьдралаа холбох уу? Надад тусалж, зөвлөгөө өгөөч…