Сайн байцгаана уу. Сэтгэл зүйн маш хүнд дарамтад орж, аргаа барахдаа та бүхнээс зөвлөгөө авахаар бичиж байна. Би нөхөртэйгөө суугаад 21 жил болж байна. Дундаасаа гурван сайхан хүүхэдтэй. Гэтэл сүүлийн үед нөхөр минь хий зүйл төсөөлж хардсаар намайг үнэхээр тамлаж, амьдрах аргагүй болгож байна.
Хэнтэй ч хамаагүй хардана, нөгөө хүнийх нь нас зүс, царай араншин ерөөсөө хамаагүй. Надтай зүгээр л жаахан ажил хэрэг яриад, дэмжээд ажиллаж байгаа эр хүн л байвал шууд амраг унтраг болгож сэжиглэнэ. Надад тийм олон найз нөхөд ч байхгүй, зөвхөн хоёр л найз хүүхэнтэй. Тэр хоёртойгоо чат групп үүсгээд хоорондоо маазарч тоглосон чатыг уншчихаад л бөөн хэрүүл үүсгэнэ. Бүр сүүлдээ машинд минь чагнах төхөөрөмж хүртэл суурилуулчихсан, тэрийгээ сонсоод л хий хардаж хэрүүл хийнэ. Намайг шөнө унтаж байхад утас шалгаж, өдөр нь ажил хэргээр ярьсан хүмүүс рүү миний өмнөөс элдэв чат бичиж, өрөөл бусдын айл гэрийг хүртэл хэрэлдүүлдэг боллоо. Манай компанийн ажилчид руу хүртэл залгаж намайг асууж байцаана.
Ажлын шаардлагаар ийшээ тийшээ явбал шөнөжин залгаж, элдэв мессеж бичиж, янхан цалхнаар минь дуудаж зүгээр суулгахгүй. Өдөр зүгээр л ажлаа хийж байхад хүртэл “Ямар залуугаа өрөөндөө дуудаж уулзсан бэ” гэх мэтээр солиорно. Эсвэл шөнө согтуу ирчихээд өглөөний 05 цаг өнгөртөл нөгөө л нэг бэлгийн амьдрал, бөгс бөөрийн асуудал ярьж, хэрүүл өдөж нойр унтуулахгүй. Би өглөө болгон 08 цаг гэхэд ажилдаа явах ёстой хүн шүү дээ. Би одоо яах вэ? Энэ утгагүй хий хардалт, эцэс төгсгөлгүй хэрүүлээс үнэхээр залхаж гүйцлээ. Надад туслаач, ийм өвчтэй мэт хардалтаас яаж ангижрах вэ?