Тэр бид хоёр

Түүнийгээ би тоодгорхон форм, томдсон туузтай томоогүй жаахан сурагч насандаа анх харж билээ. Ангийн элит хэсгийн тэргүүн эгнээнд явсан надад зодоон цохион, архи тамхитай гайгүй сайн нөхөрлөж, хичээлээ хийлгүй охид эргүүлж явдаг хүн нэг их таалагддаггүй хэрнээ яагаад ч юм миний шохоорхлыг нууцхан татах болсон юм. Тоглож шоглуулж, хичээлээ хуулуулж хамтдаа анги дэвшсээр нэг л өдөр тэр маань өөртэйгөө үерхэхийг гуйх нь тэр. Би тэгэхэд тэрүүхэндээ шаналж, шийдвэр гаргах гэж багагүй сандарч билээ. Миний гаргасан шийдвэрт тэр гомдсон эсэхийг бүү мэд.

Өөрт нь итгэж үерхэхийг хүсээгүй надаас гэнэт “чи намайг хүүхэмсэг амьтан гэж боддог болохоор зөвшөөрөөгүй тэрнээс биш би чамд таалагддаг биз дээ” гэж том хүн шиг асууж билээ. “Тийм” гэсэн үг арай л хоолой дээр хариугүй гарч ирэх дөхөөд “үгүй” гэж тэр дор нь сандран дарсансан. “Хүүхэмсэг” гэж боддог маань үнэндээ тэр үед татгалзах тийм ч том шалтаг байгаагүй бөгөөд ангийн хүүхдүүдээс ичсэн хэрэг.

Дунд сургуулиа төгссөнөөс хойш түүнийгээ уушигны хатгалгаа тусаад эмнэлэгт хэвтэж байна гэж дуулаад утсаар ярихад минь “чамайг санаж үхлээ” гэсэн гурван үг л хэлсэн. Би түүн дээр очиж, тэр баярласандаа бүх л оройжингоо надад орчлонгийн хамаг л зүйлийг хамж шимж зогсоо зайгүй ярьж билээ. Тийнхүү уулзаснаас хойш удаа ч үгүй байж байтал цагаан сарын шинийн хоёронд гэнэт манайд хүрээд ирсэн. Бид хоёр хаврын хүйтэн салхийг ч ажралгүй тэр хавийн уулаар хөтөлцөн алхалж хөгжил цэцэглэлтийг тэрүүхэндээ л шинжин ярилцана даа.

Тэр шал өөр хүн болсон юм шиг надад санагдсан. Тамхи татахаа больчихсон, өндөр биерхүү сайхан залуу миний хажууд амьдралын тухай ирээдүйн тухай ухаалаг яриа дэлгэж байгаа нь итгэмээргүй ч юм шиг. Түүнээс хойш манайд явган, машинтайгаа олон удаа ирсэн. Ирэх тоолондоо бие биедээ дассаар…

Тэр сайхан өдрүүд алслан одсон хэдий ч миний зүрх сэтгэлд гэгээхэн дурсамж үлдээгээд явсан нь баярлууштай. Нэгэн цагийн үл ойлголцлоос болоод холдсон зүрх сэтгэл минь одоо ч түүнийх хэвээрээ.

Харин цаг хугацаа хөвөрсөөр түүнтэй уулзах өдөр оньсого болон, хариулж мэдэхгүй надаар даажигнан тохуурхсаар…

Гэвч уулзах өдөр заавал ирнэ. Заавал!!!

2 Comments

  1. Huuhed zail says:

    Ene jaahan batsaan inchee yu hiij bgan bee bitgii tenegteed iim hoorhon post bhad tenegtej daliij orj ireed. Bai

  2. huu says:

    ganchimeg hulan style bn daa iim huuchin ohiduud bas bn aa

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.