Очно, ирнэ…

Түүнд би эхлээд нүдээрээ, дараа нь чихээрээ дурласан. Тэр минь эхнэртэй хүн. Харин би өөрөө нөхрөөсөө салаад нэг их удаагүй, ганц хүүтэйгээ амьдарч байлаа. Яагаад ч юм түүнд сэтгэл маш их татагдаж, үг солихыг, хамт алхахыг, тэврүүлэхийг хязгааргүй их хүсдэг болсон юм. Уулзах юм шиг совин татаад, өдөр бүр маш их хүлээдэг байв.

Тэгээд 7 сард бидэнд уулзах боломж олдсон юм. Харин уулзаж ярилцахад тэр миний төсөөлснөөс шал өөр хүн байлаа. Уг нь сайн хүн гэдэг нь эргэлзээгүй ч “Таалагддаг эмэгтэйтэйгээ уулзахыг хүсдэггүй эр хүн гэж байдаггүй” гээд бүх л эрчүүдийн жишгээр ярьсан нь надад тийм ч таатай санагдаагүй.

Чин үнэнээ хэлэхэд надад гэр бүл салгах өчүүхэн ч бодол байгаагүй, би илүүд шунахгүй байж чадах байсан. Гэтэл тэр надад “Намайг хүнтэй суутал энэ харилцаагаа үргэлжлүүлж байя” гэсэн санал тавьсан юм. Би түүнд сэтгэлтэй болохоор “Үгүй” ч гэж чадахгүй, “Тэгье” ч гэж чадахгүй тээнэгэлзэж билээ.

Харин маргааш нь би болсон явдлын талаар бусад эмэгтэй дүү нарын л адил эгчдээ ярьчихсан юм. Гэтэл эгч маань шууд түүн рүү залгаж, “Буцаж уулз” гэж шаардсаар байгаад бүр үргээчихсэн. Нүүр хийх газар олдохгүй, маш их ичсэн.

Тэр залуу маргааш нь залгаад “Өдий насных байж иймэрхүү асуудлаа эгчдээ яриад байхдаа яадаг юм” гэж зөөлөн аядуухан хэлэхэд нь би гэмт хүн гэлбэлзэнэ гэгчээр эгчдээ уурласан уур, гомдлоо түүнд гаргаж, утсаа тасалчихсан юм.

Уулзсан орой маань бид хоёр ойртсон бөгөөд би жирэмсэн болсноо сүүлд нь мэдсэн. Хүүхдийг нь төрүүлэхгүй гэж шийдсэн болохоор хэлэхийг ч хүсээгүй. Гэтэл эгч маань бас л түүнд жирэмсэн болсон тухай хэлчихсэн байв. Дотроо үнэхээр галзуурахад бэлэн байлаа.

Хамгийн сайхан нь тэр минь эргэж ирэх итгэл дүүрэн үлдээгээд өглөө эрт гарч одсон юм. Тиймээс би одоо ч түүнийгээ сэтгэлдээ хүлээсээр л байна. Тэр минийх биш, хүнийх гэдгийг би мэднэ. Зүүдэнд хааяа ирэхдээ юу хэлээд байгааг нь ойлгодоггүй ч зүрхийг минь ганц удаа ч болов аргадан тайвшруулж, зөөлөн уруулаараа духан дээр минь үнсээд яваасай. “Хайртай” гэж хэлээгүй ч “Очно, ирнэ” гэж хэлсэн болохоор чинь одоо хүртэл чамайг тэнэг юм шиг хүлээсээр байна даа…

1 Comment

  1. Bad boy says:

    Бүүр 1 цаанаасаа оригоосоо тэнэг хүүхнүүд бдг тээ. Хувийн, зөвхөн өөрийнх нь нууц гэж юм бна бас гэр бүлийн нууц нандин юм гэж бдг. Дотроо хадгалж чаддаггүй юму яадын, очоод найздаа эсвэл эгчдээ хэлчихнэ. За нөгөөх нь зарын цагаан хоолой, хорлол сүйтгэлийн мастер шд. Ийм тэнэг хүүхнээс шууд зайгаа барьсан нь зөвшд. Энэ ч бас гайгүй бна, 1 чухам хайртай дуртай л гээд гүйгээд бсн хүүхний найзтай нь явалдваа, тэгсэн орон дотроо ямар бдгыг минь надад ярьж өгдөг шсн. Арай2 л тэнэг тэхүү, тэгэад намайг хаячихлаа энтр гээд. Нас биенд хүрсэн хүн шиг бай, дотроо бодолтой дороо суурьтай байлдаа хүүнүүдээ. Та нарын тэр нууцаа ярьдаг хүиүүс чинь бүгд Хоролмаа л бдгым даа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.