Сайн байцгаана уу? Би одоо 37 настай эрэгтэй. Анхны амьдрал маань таарч тохироогүйн улмаас салж, одоо 3 жил өнгөрчээ. Өнөөдөр бодоход салсан нь бид хоёрын хэн хэнд нь зөв сонголт байсныг биеэрээ мэдрээд явж байна. Экстэйгээ маш зөв, соёлтой харилцаатай, мэнд устай байдаг юм.
Одоо амьдралаа дахин төлөвлөөд, шинээр амьдрал эхлүүлэх хүсэлтэйгээр хэд хэдэн эмэгтэйтэй уулзаж үзлээ. Заримтай нь хэдэн сар ч үерхэв. Ингээд хараад байхад манай зарим эмэгтэйчүүдийн харилцааны хандлага үнэхээр сонин, хэвийн биш санагдах юм.
Сүүлд үерхсэн нэг эмэгтэй эхэндээ их аятайхан санагдаж байсан ч сар орчмын дараанаас асар их дургүй хүрч, аргагүйн эрхэнд салсан. Би амьдралдаа эмэгтэй хүнд араараа тавиулж байсан ч энэ хүүхэн шиг сэтгэлээсээ үзэн ядаж, дургүй хүрч байсангүй. Учрыг нь тайлбарлавал, тэр эмэгтэй өөрийн гэсэн хийсвэр, хэт нэг талыг барьсан “үнэлэмжийн систем”-тэй хүн байв.
Жишээ нь: “Эрэгтэй хүн ийм нөхцөлд ийм юм хийх ёстой”, “Асуудалд ингэж хандах хэрэгтэй”, “Ийм үг хэрэглэх ёстой”, “Ийм үед найзуудтайгаа уулзаж болохгүй”, “Би ийм цалин авдаг тул надаас дор хаяж 50% илүү цалинтай байх ёстой” гэх мэтээр бүх зүйлд үнэлэмж, цензур тогтоочихсон сэтгэлгээтэй. Эхэндээ мэдээж бүгдийг хэлэхгүй байсан ч сүүлдээ бүр туйлширч эхэлсэн.
Ажил дээрээ стрессдэж оройтоод, найзуудтайгаа уулзаж суухад л шууд ямар нэг дүрэм журам, “Эр хүний эрхэмлэх 5 зүйл” ч гэх шиг сонин юм ярина. Намайг шууд л өөрийнхөө загварт тааруулж програмчлах гээд байсан. “Өглөө ажилдаа яв, орой дуусахдаа эр хүн заавал найз бүсгүй рүүгээ залгадаг юм, энэ бол төлөвшсөн эр хүний үйлдэл” гэж заана. Нэг удаа найзтай нь хос болж уулзахад (double date) сайхан пиво уугаад, чөлөөтэй ярилцаж танилцахын оронд уулзалтын дараа бөөн шүүмж ирсэн. “Эхлээд ингэж мэндлэх ёстой, эмэгтэй хүн байхад хөлбөмбөг ярьж бид хоёрыг яриандаа оролцуулсангүй, жинхэнэ эр хүн ингэдэггүй юм, хоолны дараа тийм юм ярих ёстой” гээд баахан шүүмжилсэн. Нэг тийм дээдсийн зиндаанд орох гээд ядчихсан юм шиг санагдсан.
Бүх зүйлд онооны үнэлгээ өгчихсөн, юу ч хийсэн хэзээ ч 10 оноо авах боломжгүй, байнга шүүмж дагуулна. Өөрөө ч тэр хийсвэр үнэлэмжиндээ хүрэх гээд асар их жүжиг тавина. Бодит байдал дээр дажгүй л эмэгтэй, гэхдээ тийм амьд бус, хийсвэр дүрэм журамтай хүнтэй ямар ч эр хүн амьдарч чадахгүй. Өөрөө 35 хүрчихээд өдий болтол яагаад тогтсон найз залуугүй байсан нь одоо л ойлгомжтой боллоо.
Эр, эм ялгаагүй бид чинь амьд хүмүүс шүү дээ. Хэн нэгний зохиосон онооны системд тааруулж амьдарна гэж юу байхав. Та бүхэн энэ талаар юу гэж бодож байна вэ?
📩 Таны амьдралд тохиолдсон бэлгийн харилцааны болон хайр сэтгэлийн сонирхолтой түүх, сэтгэл зүйн асуудал, хөгтэй явдлууд болон бусдаас асууж зөвлөлдмөөр байгаа эмзэг сэдвүүд байна уу?
Та өөрийн түүх, асуултаа манай вебсайтад нууцлалтайгаар нийтлүүлэхийг хүсвэл 📧 cekcmn@yahoo.com цахим хаягаар бидэнд илгээгээрэй. Бид таны нууцыг чандлан хадгалж, олон нийтэд хүргэх болно.