Нэг өдөр ажлаасаа тарж ирээд утсаа цэнэглэх гэтэл утас маань алдаа заагаад болохгүй байв. Яаралтай сүлжээнд орж хүнтэй холбогдох шаардлага гарсан тул нөхрийнхөө ашиглахаа больсон хуучин утсыг асаан хэрэглэсэн юм. Тэгээд мессеж хэсэг рүү нь шалгаж байтал нэгэн дугаараас үүрийн 05:00 цагт “Маргааш уулзах уу?”, мөн тэр өдрийн оройн 21:00 цагт “Ахиад уулзах уу?” гэсэн мессежүүд ирсэн байхыг олж харсан.
Нэлээд хэдэн сарын өмнө болсон явдал байсан тул тэр өдрийг тунгаан бодтол нөхөр маань яг тэр өдөр гадуур хоносон, эсвэл үүрийн жигээр гэртээ орж ирсэн өдөр тохиож байв. Би нөхрөөсөө энэ талаар асуухад “Мэдэхгүй, дэмий зүйлээр хардлаа” гээд асар том хэрүүл маргаан дэгдээв. Эцэст нь би өөрөө хол замд явах гэж байгаа хүнийг унтуулж амраасангүй гэж элдвээрээ хэлүүлж, гомдон уйлаад хоцорсон.
Нөхөр маань “Энэ хоёрхон мессеж намайг араар тавьсныг баталж чадахгүй. Хажууд камер бариад зогсож байхгүй яасан юм” гэж хэлсэн. Би нөгөө мессеж бичсэн дугаар руу нь залгаж асуухад эхэндээ “Би бичээгүй” гэж мэлзсэн ч, мессежний скриншотыг явуулсны дараа ямар ч хариу өгөлгүй, 5 удаа дараалан залгахад утсаа ч авахаа болив.
Энэ бүхэн надад маш том доромжлол шиг санагдаж байна. Миний зарчим бол амьдралын хамгийн үнэ цэнэтэй зүйл бол гэр бүл гэж боддог. Харин нөхрийн маань хувьд гэр бүл тийм ч үнэ цэнэтэй биш бололтой. Бодох тусам дотор давчдаж, зэвүү сэжиг хоёр нэгэн сувагт зэрэг төрж байна. Өөр эмэгтэйтэй уулзаж, учирчихаад гэртээ ирж надтай хамт хэвтэж, үр хүүхдээ тэвэрч яаж чаддаг байна аа? Ийм байдалд би яаж цаашдаа амьдрах вэ?