Америкийн Нэгдсэн Улсын Utah болон Arizona мужийн хил дээр орших Short Creek (одоогийн Hildale, Colorado City) хэмээх тусгаарлагдсан бүс нутагт “Fundamentalist Church of Jesus Christ of Latter-Day Saints” (FLDS) бүлгэм үйл ажиллагаа явуулдаг байв.
Энэхүү хаалттай нийгэмлэгийг эцэг Rulon Jeffs-ийнхээ дараа 2002 онд гардан авсан Warren Jeffs бол шашны сургаал, “Бурхны таалал” гэх халхавчин дор олон зуун эмэгтэйчүүд болон насанд хүрээгүй охидын амьдралыг сүйрүүлсэн орчин үеийн хамгийн аюултай сектийн тэргүүн юм.

78 эхнэр ба хүчээр тогтоосон харилцаа
Warren Jeffs өөрийгөө бурхны газарт суугаа ганц “Иш үзүүлэгч” (Prophet) хэмээн зарлаж, FLDS-ийн дагагчдад “Эрэгтэй хүн доод тал нь 3 болон түүнээс дээш эхнэртэй байж байж сая диваажингийн хамгийн дээд суудалд очно” хэмээн тархийг нь угааж байв.
Тэрээр өөрөө эцгийнхээ насан эцэслэсний дараа түүний эхнэрүүдийг өөрийн болгон авсныг оролцуулаад 78 гаруй эхнэртэй болсон байна. Тэдний 24 нь 12-15 насны насанд хүрээгүй охид байжээ. Тэрээр “Record keeping” буюу бүх аудио, видео бичлэгийг нарийн хөтөлдөг байсан бөгөөд хожим шүүх дээр тэдгээр бичлэгүүд нь түүний хэрэгт заналхийлсэн том баримт болсон юм.
Залуу залуусыг хөөдөг “Lost Boys” ба эхнэр хуваарилалт
FLDS бүлгэмд олон эхнэртэй байх ёс хэрэгждэг байсан тул залуу охидын хүрэлцээ муудаж, эхнэрүүдийг зөвхөн ахмад болон эрх мэдэлтэй эрчүүдэд өгдөг байв. Тэдэнд өрсөлдөгч үлдээхгүйн тулд Warren Jeffs болон түүний дагалдагчид 13-18 насны олон зуун өсвөр насны залуусыг “Сахилга бат зөрчсөн, чөтгөрт автсан” гэх шалтгаанаар нийгэмлэгээсээ хүчээр хөөж, гудамжинд хаядаг байжээ. Эдгээр хаягдсан залуусыг “Lost Boys” хэмээн нэрлэдэг.
Мөн тэрээр хэн нэгэн эрэгтэй өөрт нь үнэнч бус загнавал эхнэр, хүүхдүүдийг нь нэг өдрийн дотор салган авч, өөрт нь илүү үнэнч өөр залууд “Assign” буюу шагналын чанартай хуваарилж өгдөг хачирхалтай, дарангуйллын дүрмийг хэрэгжүүлж байв.
Бүрэн тусгаарлагдсан диваажин ба “YFZ Ranch”
Warren Jeffs-ийн захиргаан дор байсан эмэгтэйчүүд болон охид улаан, цэнхэр, ягаан өнгийн урт хуучин загварын даашинз өмсөх ёстой байв. Орчин үеийн технологи, интернет, зурагт, радио, сонин уншихыг хатуу хориглож, гадаад дэлхийг “Сатаны ертөнц” хэмээн ойлгуулдаг байлаа.
Тэрээр 2003 оноос эхлэн Texas мужийн Eldorado хотод “Yearning for Zion” (YFZ) нэртэй асар том нууц бааз байгуулж, сүм болон олон зуун дагагчдаа тэнд төвлөрүүлжээ.
FBI-ийн эрэн сурвалжлага ба баривчилгаа

2006 онд АНУ-ын Холбооны Мөрдөх Бюро (FBI) Warren Jeffs-ийг “Хамгийн аюултай 10 гэмт хэрэгтэн”-ий жагсаалтад оруулж, 100,000 доллараар шагнаж, Америк даяар эрэн сурвалжилж эхлэв. Тэрээр хэдэн сарын турш бэлэн мөнгө, хуурамч бичиг баримт ашиглан зугтсан боловч 2006 оны 8 дугаар сард Nevada мужийн Las Vegas хотын ойролцоо замын цагдаад зогсоогдон баривчлагджээ. Түүний машинаас асар их хэмжээний бэлэн мөнгө, хиймэл үс, олон тооны гар утас олдсон байдаг.
2008 оны YFZ Ranch-ийн дайран оролт ба Насан туршийн ял
2008 онд Texas-ийн YFZ бааз руу цагдаа нар дайран орж, 400 гаруй хүүхдийг хамгаалалтад авсан нь Америкийн түүхэн дэх хамгийн том хүүхэд хамгааллын ажиллагаа болсон юм.
2011 онд Texas мужийн шүүхээс Warren Jeffs-д насанд хүрээгүй охидыг бэлгийн замаар ашигласан болон хүчирхийлсэн хэрэгт нь насан туршид нь хорих ял (Life sentence) дээр нэмж 20 жилийн ял оноожээ. Өнөөдөр тэрээр Texas мужийн хатуу чанд дэглэмтэй шоронд ялаа эдэлж байгаа ч, шорон дотроосоо шашны бүлгэмийн зарим гишүүддээ зөгнөл болон зааварчилгаа явуулсаар байдаг гэх мэдээлэл байдаг билээ.