Би өдгөө 30 настай, эр хүнтэй огт дотно харилцаанд орж үзээгүй онгон бүсгүй байна. Залуу халуун насаа ажил карьер, албан тушаал өөд мацахын төлөө зориулсаар өнөөдрийг хүржээ. Гаднаас харахад царай зүс, бие хаа өөгүй сайхан, эмэгтэйлэг харагддаг ч дотоод ертөнц маань үнэндээ цөлөрхөг газар шиг хоосорчихсон байна.
Сүүлийн үед амьдралдаа нэгэн хэвийн байдлыг өөрчилж, өөртөө тохирох сайн залууг олох гэж нилээд хэдэн удаа болзож, учирч үзсэн. Гэвч харамсалтай нь бүх зүйл яг нэг л хэвэндээ буюу 2-3 удаа уулзаад л тэд алга болдог. Хоёр талдаа бие биедээ уусаж чадахгүй, хөшүүн байдал үүсээд дуусдаг юм. Анхандаа тэднийг буруутгадаг байсан ч одоо бодоход асуудал өөрөөс минь л шалтгаалж байх шиг байна.
Би удирдлагын түвшний ажил хийдэг болоод ч тэр үү ажил дээрээ болон амьдрал дээр захирангуй, шулуун шударга, хатуувтар зантай болчихжээ. Эмэгтэйлэг зөөлөн байдал алга болж, эршүүд, тооцоотой зан давамгайлчихдаг. Дээр нь эрэгтэй хүний өмнө хэтэрхий биеэ барьж, сэтгэл хөдлөлөө илэрхийлж чаддаггүй минь залуучуудыг айлгаж, үргээгээд байна уу даа. Энэ байдлаасаа хэрхэн салж, дотоод зөөлөн чанараа хэрхэн нээх вэ?