ЯДУУ СЭТГЭЛГЭЭ…

Сүүлийн үед эхнэрээсээ салъя гэж их бодох боллоо. Учир нь бид хоёрын дундах явган хэрүүл тасрахгүй, одоо би бүрэн залхаж байна. Эхэндээ ганц хүүхдээ бодоод үлдье гэж хичээдэг байсан ч сүүлийн бараг 6 сар маш их тунгаан бодсоны эцэст салахаар шийдэж, саяхан өөрт нь хэлсэн юм. Одоогоор би гэртээ биш, ээжийндээ хэсэг амьдарч байна.

ДЭЛГЭРЭНГҮЙГ ЗУРГАН ДЭЭР ДАРЖ ҮЗЭЭРЭЙ…

Ер нь салж байгаа гол шалтгаан бол энэ хүнтэй хамт байвал маш ядуу сэтгэлгээтэй, хэрүүл уруултай, стресстэй, аз жаргалгүй амьдрах юм байна гэдгийг би бүрэн ойлгосондоо юм.

Манайд жишээ нь өглөөний хөнгөн хоол, цай гэж юм байдаггүй. Уг нь гэрт идэх материал, хүнс хангалттай байдаг. Гэтэл өглөөг угтаж байгаа царай нь эхнэр маань нэг унтвал босож өгдөггүй. Хүүхдийн хичээл, сургуулийн цаг болчхоод байхад босохгүй болохоор нь би бүр уурлаж, үглэж байж нэг юм сэрээдэг. Ам руугаа нэг аяга цай залгилсан болоод, уур уцаартай ажлаа зорино.

Дээр нь миний муу охиныг өглөө шүдийг нь ч угаалгалгүй, унтаж байсан хувцастай нь цэцэрлэг рүү нь явуулдаг. Гэдэс нь өлсгөлөн, үс гэзэг нь арзайсан юм явна. Заримдаа би хүргэж өгнө, заримдаа эхнэр хүргэж өгнө. Заримдаа зүгээр л ямар ч шалтгаангүй цэцэрлэгийг нь таслуулчихна.

Таслуулаад юу хийлгэдэг гээч? Өөрөө өдөр 11-12 цаг болтол ногоорч унтаад, хүүхдэдээ зурагт асаагаад суулгачихна. Хүүхэд болсон хойно өлсөж цангаж байгаагаа ч мэдэхгүй, зурагт руу хэдэн цагаар гөлөрчихдөг. Өдөр босож ирээд л утсаа бариад хэн нэгэнтэй чатлаад хэвтчихнэ. Шууд босохгүй шүү дээ, 1-2 цаг тэгээд хэвтээ чигээрээ л байна. Хүүхэд маань зурагтаа гөлөрсөөр л…

Тэгээд яах аргагүй 13-14 цаг болж байхад нэг юм босно. Дэлгүүр орж чихэр, шоколад авч хүүхдэд идүүлчихээд, орой намайг иртэл дахиад л зурагт үзүүлнэ. Өөрөө хажууд нь утсаа маажаад хэвтээд л байна.

Намайг орой гэрт орж ирэхэд өглөө ямар байдалтай гарч явсан, яг тэр чигээрээ гэр угтдаг. Хамаг хувцас, аягаа угаагаагүй, ороо хураагаагүй, цэцэрлэгийг нь таслуулчихсан, хоол унд ч хийгээгүй байна. Орж ирэхээр өдөржин зүгээр суусан хүн аргагүй эрхэнд нэг хоол хийхтэй аядана. Тэгээд хоолоо хийж тавьчихаад л гадагшаа гараад яваад өгнө. Хэзээ ирэх нь мэдэгдэхгүй, хүүхдийн янз бүрийн асуудал түүнд түй ч хамаагүй. Одоо миний харах ээлж дууслаа гэж байгаа юм шиг л гараад явчихдаг. За тэгээд эртдээ шөнө 02:00-03:00 цагт орж ирнэ шүү дээ. Шөнө орж ирсэн хүн яах вэ, унтаад ахиад үд болгоно. Маргааш нь нөгөө өдөр дахиад л давтагдана.

Уг нь хоол ундны мөнгө хангалттай өгөөд л байгаа юм. Гэтэл дандаа бага байна гэж голно. Ер нь аймаар ядуу сэтгэлгээтэй хүн. Юмыг болгоё, аргалж амьдаръя гэсэн үг амнаас нь нэг ч гардаггүй. Сүүлдээ би бүр үнэхээр залхаж байна. Салсан нь дээр биз дээ, тийм үү?

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.