Сайн байцгаана уу? Сэтгэлд тулгарсан хүнд асуудлаараа зөвлөгөө авахаар бичиж байна. Нөхөртэйгөө амьдралаа холбоод 18 жил болж байна. Найзуудтайгаа гарч ороход нь би нэг их хардаж, цагдаад байдаггүй, чөлөөтэй байлгадаг хүн. Гадуур гарахдаа заримдаа гэртээ ирэлгүй хонодог байсан ч “согтоод тасарчихсан байсан” гэхэд нь би зуун хувь итгэдэг байв. Гэтэл үнэндээ тэр нэгэн хүүхэнтэй хамт хонодог байж.
Нөхрөө нууц амрагтай болсныг би өөрөө биш, тэр хүүхнээс нь шууд сонссон. “Би танай нөхрийн нууц амраг байна” гээд залгахад шоконд орж, маш том цохилт авсан. Үүний дараа нөхөртэйгөө ярилцахад тэр эмэгтэйтэй дахиж хэзээ ч уулзахгүй гээд, түүний бүх хаяг, дугаарыг блок хийсэн. Гэвч миний дотор суусан хардлага, шарх арилахгүй, нөхөртөө дахин итгэж чадахгүй байна. Ийм зүйлтэй тулгарсан хүмүүс амьдралаа яаж үргэлжлүүлдэг вэ? Итгэлцлээ дахин бий болгох боломж байдаг болов уу?