Би одоо 30 настай, эхнэр маань 27-той бөгөөд бид хоёр дундаа нэг хүүхэдтэй. Харамсалтай нь бид хоёр сүүлийн дөрвөн сарын хугацаанд огт ойртож, дотно харилцаанд орсонгүй. Миний хувьд ажил гэрийн хооронд л явдаг, ар өврөөр тавьдаггүй эр хүн. Гэтэл эхнэр маань ажлынхаа болон хуучин танил нэг залуутайгаа чат бичилцэж, их л сээтэгнэж, ангалзсан байхыг нь санамсаргүй олж хараад шоконд орсон юм.
Тэр үед энэ асуудлаас болж салж нийлэх дээрээ тулж маргалдсан ч би яах аргагүй буулт хийж өнгөрөөсөн. Гэтэл түүнээс хойш тэр хүмүүстэйгээ одоо ч нууцаар харилцаад байгаа эсэхийг нь мэдэх аргагүй болж, дотроо хардан сэрдэж шаналж байна. Дотно харилцаа байхгүй болсноос үүдэн ийм асуудал гарлаа гэж бодож байгаа ч цаашид яаж амьдрахаа мэдэхээ болилоо. Надад зөвлөөч.