Сайн байцгаана уу? Төстэй амьдрал туулж байгаа хүмүүс байдаг болов уу гэж бодоод зовлонгоо хуваалцахаар шийдлээ. Бид гэр бүл болоод 5 жил болж байна. Одоо амьдрал минь жинхэнэ там болж эхэллээ.
Манай эхнэр оюутан насандаа нэгэн библийн сургуульд сурч байсан юм билээ. Тэр нь давхар нөлөөлсөн үү, дээрээс нь өөрөө асар хурц, туйлширсан зан ааштай. Хэлж ярьж байгаа үг, ертөнцийг үзэх үзэл нь бүр яг туйл. Анх танилцаж байхад бид хоёр аль аль нь залуу, ээж аавынхаа нөмөрт байсан болоод ч тэр үү, их л гэнэн цайлган амьтад байж. Би ч эхнэрээ арай ч ийм токсик, аюултай хүн гэж бодоогүй, сайхан амьдрал төсөөлөөд л нийлсэн юм.
Харин эхнэр маань амьдрал дээрх жирийн зүйлсийг жирийн нүдээр харж чаддаггүй. Нэг хамаатан нь аавынх нь ажил явдалд боломжгүй асуудлаас болоод тусалж чадаагүй байтал сүүлд гэрт нь ирэхэд нь ээж, эгчийнхээ хажууд “Чи муу хогийн новш, та нар шиг юмнууд” гээд орилж чарлан, сүүлдээ өөрөө тэр уурандаа дийлдэж галзуурах дөхөж байсан.
Өөрөө ч надад нэг удаа ярьж байсан юм. “Тэр библийн сургуулиа төгсөөд хотод буцаж ирэхэд Монголын бүх хүн адгийн чөтгөр шиг санагддаг байсан” гэж. Тэр сургууль нь хүнийг ариун зөв явахад биш, амьдралыг балиар мухар сүсгээр үзэн ядаж, хорсоход сургасан шиг байгаа юм.
Одоо бид хүүхэдтэй болж, ээж аавууд маань ч хөгширлөө. Яг амьдралын хариуцлагатай насан дээрээ явж байна. Гэтэл эхнэр маань жинхэнэ чөтгөр шиг л аашлах боллоо. Сургуулийн багш, эргэн тойрны хүрээлэл, хөрш, хамт олон гээд энэ хүнд үзэн ядахгүй хүн гэж нэг ч байхгүй. Би бүр асар их айдастай амьдардаг болсон. Тэр аймшигтай хорслоо гаргахын тулд үе үе асар чангаар орилж, нүд нь зэхийгээд л, нулимс нь цэлгэнэж, юм хум хагалж байж арай тайвширдаг. Түүнийг уурлахад гэрт байгаа бүх хүн айсандаа чимээгүй болдог.
Уг нь шашин шүтлэг хүнийг сайн сайхан руу хөтлөх ёстой байтал хэт туйлшрал нь хүнийг ингэж хувиргадаг юм байна. Одоо цаашид хэрхэн амьдрах вэ гэхээс айдастай байна.
📩 Таны амьдралд тохиолдсон бэлгийн харилцааны болон хайр сэтгэлийн сонирхолтой түүх, сэтгэл зүйн асуудал, хөгтэй явдлууд болон бусдаас асууж зөвлөлдмөөр байгаа эмзэг сэдвүүд байна уу?
Та өөрийн түүх, асуултаа манай вебсайтад нууцлалтайгаар нийтлүүлэхийг хүсвэл 📧 cekcmn@yahoo.com цахим хаягаар бидэнд илгээгээрэй. Бид таны нууцыг чандлан хадгалж, олон нийтэд хүргэх болно.