САРЫН ТЭМДЭГ ИРЭХ БҮРД ДЭЛХИЙ СӨНӨЖ БАЙГАА ЮМ ШИГ САНАГДАНА…

Сайн байцгаана уу. Би 34 настай. Сургууль, карьер гэж явсаар хувийн амьдралаа орхигдуулж, 3 жилийн өмнө өөрөөсөө хэдэн насаар дүү хүнтэй гэрлэсэн юм. Хамт амьдраад хагас жил орчмын дараа анх удаа жирэмсэн болж, сар хагастай байхад нь өсөлтгүй жирэмслэлт гэх оношоор хүүхдээ авахуулж байлаа. Өмнө нь жирэмсэлж үзээгүй байсан болохоор тэр хэсэгхэн хугацаанд хэвлийдээ үрээ тээх хэчнээн жаргалтайг мэдэрч, алдсаныхаа дараа маш их сэтгэлээр унаж, уйлж дуулж билээ.

КЕГЕЛ БӨМБӨЛГИЙН ЦУГЛУУЛГА…

Эмч нар жил орчим дахин жирэмсэлж болохгүй гэсэн тул эмнэлгээр явж, зөвхөн эмчилгээ хийлгэсээр жил хагасын дараа дахин жирэмсэн болсон. Гэвч савандаа ороод хоёр ч хонолгүй дахиад л зулбачихсан. Бөөн сэтгэлийн зовлон… Хөл хөөрцөг болж байсан нөхрийн минь нүдэнд гунигийн сүүдэр татахыг харах бүр хэцүү. Түүнээс хойш одоо бараг жил болох гэж байхад дахиж жирэмслэхгүй л байна. Нас маань яваад байдаг, өндөр настай ээж минь отгон охиныхоо үрийг нэг харчих юмсан гэж хэлэх бүрт сэтгэл зүсэгдэх шиг л болдог.

Улам бүр хэцүү нь, нэг хашаанд амьдардаг бэр маань хүүхдүүдээрээ гайхуулж, намайг тохуурхана. Хадмууд ч манайхаар шагайхаа больж, хажуу айлд хүүхдүүдийг нь өхөөрдөөд л өнжинө. Би гэж хүн сар бүр “төсөөллийн жирэмслэлт”-энд өртөж, “энэ сар жирэмсэн болчихсон байх вий” гэж айхдаа эм тан уухаас зайлсхийж, үс зүсээ ч будахаас эмээн, стрессээсээ болоод хоол их идсээр байгаад сүүлдээ царай алдсан бүдүүн хүн болж хувирлаа. Түрүү жилийнхээс 10 кг нэмчихэж. Нөхөр маань хүртэл намайг ингэж царай алдаж таргалсанд гайхдаг болсон.

Сар бүрийн сарын тэмдэг ирэх үеэр тестийг өдөрт 3-4 удаа үзэж, “битгий ирээсэй” гэж залбирна. Ганц хоёр хоног хойшлоход нь битүүхэндээ догдолж хүлээдэг. Тэгээд л сарын тэмдэг ирэнгүүт тэр өдөржин уур хүрч, дэлхий сөнөж байгаа юм шиг бүх юм утгагүй санагдаж, уйлмаар, уумаар санагддаг. Нэг удаа ингэж сэтгэлээр унаснаасаа болоод 2-3 өдөр дараалж пиво ууж нөхөртөө загнуулж байлаа.

Одоо надад энэ бүхэн үнэхээр тэсэшгүй бэрх санагдаж байна. Хүүхэдгүйгээр энэ амьдрал үнэхээр утгагүй мэт санагдаж, тэвчээр минь барагдаж байна. Зовлон нэгтэй хүмүүстэйгээ холбогдож, санал бодлоо хуваалцмаар байдаг ч яаж холбогдохоо мэдэхгүй юм. Ийм зүйлийг давж гарч байсан хүмүүс туршлагаасаа хуваалцаж, цаашид амьдрах эрч хүч хайрлаач.

Тэвчээртэй уншсан та бүхэнд баярлалаа. Эцэст нь хэлэхэд амьдралын хамгийн том утга учир үр удмаа үлдээхэд байдаг юм байна шүү, хүүхнүүд минь үр хүүхдээ битгий авахуулж байгаарай даа.

📩 Таны амьдралд тохиолдсон бэлгийн харилцааны болон хайр сэтгэлийн сонирхолтой түүх, сэтгэл зүйн асуудал, хөгтэй явдлууд болон бусдаас асууж зөвлөлдмөөр байгаа эмзэг сэдвүүд байна уу?

Та өөрийн түүх, асуултаа манай вебсайтад нууцлалтайгаар нийтлүүлэхийг хүсвэл 📧 cekcmn@yahoo.com цахим хаягаар бидэнд илгээгээрэй. Бид таны нууцыг чандлан хадгалж, олон нийтэд хүргэх болно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.