Эртний Египетэд нас барагсдын сүнс хойд насандаа мөнх амьдрахын тулд бие махбодь нь бүрэн бүтэн, ялзралгүй үлдэх ёстой гэж үздэг байв. Иймээс тэд занданшуулах (мумижуулах) урлагийг анагаах ухаан, шашны зан үйлийн хэмжээнд хүртэл хөгжүүлж чадсан юм. Гэвч энэхүү ариун гэгдэх зан үйлийн цаана нийгмээс чандлан нуудаг, сэтгэл цочроом бараан баримтууд байдаг байжээ.
Геродотын тэмдэглэн үлдээсэн үнэн
Манай эриний өмнөх V зуунд Египетээр аялж, тэдний ахуй амьдралыг судалсан Эртний Грекийн алдарт түүхч Геродот өөрийн “Түүх” (Histories) хэмээх алдарт бүтээлийнхээ II ботийн 89-р бүлэгт нэгэн цочирдом баримтыг тодорхой бичиж үлдээсэн байдаг.
Тэрээр бичихдээ:
“Алдартай, үзэсгэлэнтэй эмэгтэйчүүд болон язгууртан гэр бүлийн бүсгүйчүүд нас барах үед тэдний цогцсыг шууд занданшуулагчдад өгдөггүй байв. Учир нь тэднийг нас барснаас нь хойш гурав эсвэл дөрөв хоногийн турш гэр бүлийнх нь хяналтан дор байлгаж, цогцсыг тодорхой хэмжээнд ялзарч муудсаны дараа л занданшуулах газарт хүргэж өгдөг байжээ.”
Некрофили буюу цогцостой заваарах аюул
Яагаад заавал цогцсыг муудахыг хүлээдэг байсан бэ? Түүхийн сурвалжид тэмдэглэснээр, занданшуулах мастерууд болон тэдний туслахууд нь нийгмийн хамгийн доод давхаргын хүмүүс байсан бөгөөд тэд ариун зан үйл хийх нэрээр нас багсдын цогцостой бэлгийн харилцаанд ордог (анагаах ухаанд Некрофили гэж нэрлэдэг) хэрэг удаа дараа гарч байжээ.
Нэгэн удаа занданшуулагч залуу хамтран ажиллагчийнхаа гомдлоор шинэхэн нас барсан язгууртан эмэгтэйн цогцостой заваарч байгаад үйлдэл дээрээ баригдаж байсан нь баримт болон үлдсэн байдаг.
Шинжлэх ухааны болон нийгмийн хамгаалалт
Египетийн язгууртнууд болон татвар эмэгтэйчүүдийн ар гэр хойд насны ариун байдлыг нь бузартуулахгүйн тулд цогцсыг 3-4 хоног байлгадаг байв. Энэ хугацаанд Египетийн халуун уур амьсгалд цогцос хөөж, арьс нь өнгөө алдан, тааламжгүй үнэр гарч эхэлдэг тул занданшуулагчдын бэлгийн дур хүслийг буруулж, цогцсыг халдашгүй байлгах хувийн шийдэл болдог байжээ.