‘БҮХ ЮМААР ЧИНЬ ХАНГАЖ БАЙХАД ЯАХ ГЭЭД БАЙГААН’ ГЭЖ ДАРАМТЛАХ ЮМ

Би өөрөөсөө үе мултарсан ах нөхөртэй. Тэр маань үргэлж өөрийгөө зөвтгөж, намайг байнга буруутан болгодог. Үзэл бодол нийлэхгүй хэрүүл болохоор л архи уучихна, уухаараа бүр хүн биш болдог. Салъя гэж хичнээн удаа оролдсон ч болж өгөхгүй, намайг хайж яваад бараг зар тавих нь холгүй юм болдог.

Шууд харилцаагаа таслаад зугтаад явъя гэхээр би санхүүгийн хувьд бүрэн хараат, хаашаа ч явах боломжгүй. Тэр байнга “Би бүх зүйлээр чинь хангаж байна” гэж хэлдэг. Энэ хүнтэй хамт байсаар байгаад би ямар ч найз нөхөдгүй, өөрийн гэсэн ажилгүй, зүгээр л горьдсон нохой шиг энэ хүний ая талыг харж амьдардаг боллоо.

Биеэ дааж ажил хийе гэж нөхөртөө хэлэхээр “Бөөн банзал гарууд дунд орж ажиллах гэлээ, архичин болно. Чи ажил хийгээд хэдхэн төгрөг авна, тэгснээс зүгээр надад туслаад байж бай” гэдэг. Яахав, хамт хийдэг ажил маань гайгүй мөнгө олдог ч надад асар хэцүү, эрх чөлөөгүй, сэтгэл зүй огт тайван биш, байнга стресстэй байдаг.

Ээждээ энэ тухайгаа хэлээд ч “Чиний өөрөө сонгосон амьдрал” гээд нэг ч удаа намайг өмөөрч байгаагүй. Өмөөрөөд эсвэл ядаж “Тэг, ингэ” гээд зөвлөөд өгөх хүн нэг ч алга.

Ингэж явсаар би өөртөө ямар ч итгэлгүй болж, “Би нээрээ ажил хийж чадахгүй дээ, би арчаагүйдээ ингэж байгаа юм болов уу” гээд өөртөө гомдон, нулимс урсаж, сэтгэл гол руу зурагдан өвдөж байна. Би одоо юунаас, яаж эхлэх ёстой вэ?

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.