Спортын ертөнцийн хамгийн цэвэр ариун, төгс гэр бүлийн үлгэр дуурайл гэгдэж байсан дэлхийн анхны тэрбумтан тамирчин Тайгер Вүүдсийн нууц амьдрал хэрхэн ганцхан шөнийн дотор задарсан бэ? Шөнийн 2 цагийн автомашины осол, ууртай эхнэр, зочид буудлын нууц болзоонууд ба тэрбум долларын гэрээнүүдийн сүйрэл.
2009 оны 11-р сарын 27-ны шөнө хүртэл Тайгер Вүүдс зөвхөн гольфийн талбайн ялагч төдийгүй дэлхийн спортын хамгийн нэр хүндтэй, цэвэр тунгалаг имижтэй, гэр бүлдээ үнэнч тамирчны бэлгэдэл байлаа. Шведийн загвар өмсөгч Элин Нордегрен-тэй гэрлэж, хоёр хүүхдийн эцэг болсон түүнд Nike, Accenture, Gillette, Gatorade, TAG Heuer зэрэг дэлхийн томоохон брэндүүд жил бүр асар их хөрөнгө оруулж, түүнийг анхны тэрбумтан тамирчдын нэг болгосон юм.

Гэвч АНУ-ын Флорида мужийн Уиндермир орчмын гэрийнх нь гадаа шөнийн 2 цаг 25 минутад болсон ердөө хэдхэн минутын үйл явдал түүний олон жил нууцалсан давхар амьдралыг илчилж, орчин үеийн спортын түүхэн дэх хамгийн дуулиант хувийн уналтыг эхлүүлсэн билээ.
Дуулиан дэгдэхээс хоёрхон хоногийн өмнө National Enquirer сэтгүүл Тайгер Вүүдсийг Нью-Йоркийн шөнийн клубийн зохион байгуулагч Рэйчел Учител хэмээх бүсгүйтэй Мельбурнд нууцаар уулзсан тухай мэдээлсэн байв. Тайгер эхнэр Элиндээ энэ мэдээллийг худал цуурхал хэмээн няцааж, тэр ч байтугай Рэйчелтэй утсаар яриулан нөхцөл байдлыг намжаахыг оролджээ.
11-р сарын 27-ны шөнө Тайгер нойрсуулах эм ууж унтсаны дараа эхнэр Элин нь нөхрийнхөө гар утсыг шалгахад Рэйчел Учителээс ирсэн дотно утгатай мессежүүдийг олж харсан байна
Элин нөхрийнхөө утаснаас Рэйчел рүү мессеж бичиж хариу авснаар тэдний харилцаа бодит гэдгийг баталгаажуулж, тэр шөнөдөө гэр бүлийн ширүүн маргаан өрнөжээ
Маргааны дараа Тайгер харшийнхаа гадна Cadillac Escalade автомашиндаа сууж хөдлөх үед галын усны цорго болон хөршийнхөө модыг мөргөсөн бөгөөд цагдаа нар ирэхэд тэрээр машиныхаа дотор ухаан самуурсан, шархадсан байдалтай байжээ
Авто ослын дараа хэвлэл мэдээллийнхэн уг явдлыг гэр бүлийн зөрчилтэй холбон мөрдөж эхэлмэгц Тайгер Вүүдсийн өмнө нь хэзээ ч ил гараагүй олон харилцаа дараалан олон нийтэд дэлгэгдэв.

Рэйчел Учителийн дараагаар зөөгч Жейми Граббс Тайгерийн өөрт нь үлдээсэн дуут мессежийг нийтэлсэн нь дуулианыг улам дэвэргэв
Удалгүй коктейлийн зөөгч, загвар өмсөгч, насанд хүрэгчдийн киноны жүжигчин зэрэг 10 гаруй эмэгтэй хэвлэлд ярилцлага өгч, олон жилийн турш түүнтэй зочид буудал болон өөр өөр хотод уулзаж байсан тухайгаа мэдээлжээ
Тэмцээн уралдаан, аяллын үеэр нууц уулзалтуудыг зохион байгуулж байсан нь ил болсноор олон нийтийн дунд бүтээгдсэн “төгс гэр бүлийн хүн” гэсэн дүр төрх богино хугацаанд нуран унасан юм
Хувийн амьдралын энэхүү дуулиан нь Тайгер Вүүдсийн спортын карьер төдийгүй санхүүгийн хүрээлэлд хүнд тусав.
Accenture, AT&T, Gillette, Gatorade, TAG Heuer зэрэг хэд хэдэн томоохон компани түүнтэй байгуулсан сурталчилгааны гэрээгээ зогсоож эсвэл цуцалсан нь түүний орлого, брэндэд асар том хохирол учруулжээ
2010 оны 2-р сард Тайгер Вүүдс олон нийтийн өмнө ил гарч, алдаа гаргаснаа хүлээн зөвшөөрч уучлалт гуйсан ч гэрлэлтээ авч үлдэж чадсангүй
Тэрээр болон Элин Нордегрен нар 2010 онд албан ёсоор гэрлэлтээ цуцлуулж, хувийн амьдралынх нь түүх түүний спортын амжилтын зэрэгцээ тэмдэглэгдэн үлдсэн юм