ХДХВ/ДОХ бидэнд дасал болоод л байна уу

Камеруны хоёр иргэн Монголд ирэхдээ ДОХ авчирч гэсэн мэдээ гарч байснаас хойш олон жил өнгөрчээ. Тэр цагт хорт хавдар буюу ракаас өөр аймшигт өвчний тухай бараг мэддэггүй байсан монголчуудын хувьд цэлмэг тэнгэрээс аянга буухын дайтай юм болж байлаа.

Үүнээс хойш жил бүр ХДХВ-ын халдвар авсан хүний тоо нэгээр нэмэгдэж, тохиолдол бүрт хэвлэлүүд сенсаац болгон мэдээлж байсан. Сонинууд эхний нүүрэн дээрээ томоос том, тод хар гарчигтайгаар нийтэлж, телевизүүд хамгийн оргил цагийнхаа мэдээллийн хөтөлбөрийн эхэнд дуулиан болгоно. Сүүлийн гурван жил энэ өвчний халдварын тухайд Монголд дэгдэлтийн жилүүд байсан гэж бараг болно. Юу гэвэл 2005 онд 11, 2006 онд ес, өнгөрсөн жил 10 хүн энэ өвчний халдвар авч нийт хүний тоо 35 болж, эднээс ес нь ДОХ-оор өвчиллөө.

Ингэж халдвар авсан хүний тоо нэмэгдэх, тохиолдлын илрэх давтамж нь ойртохын хэрээр хэвлэл мэдээллийн хэрэгслийн зар цуу болох нь багассаар, сонинуудын гарчгийн үсэг жижгэрч, телевиз, радиогийн мэдээ улам товчхон болж байна.

Хэдийгээр энэ өвчнийг сенсаац болгож шуугиан дэгдээх нь халдвар авсан хүнийг ялгаварлан гадуурхах аюулд өртөөх, хүн ам нийт иргэдийг айдаст автуулах гээд сөрөг нөлөөлөл их байдаг. Тиймээс дэлхий нийтээрээ хэвлэл мэдээллийн хэрэгсэл энэ мэдээлэлд онцгой анхаардгаас сурталчилгаа мэдээллийг аядуу байлгахыг хичээж байгаа. Нөгөө талаар энэ өвчний халдвар нь хүнд тусдаг бусад өвчинтэй л адил нэг л өвчин. Эдгэрдэггүйгээрээ л ялгаатайгаас биш энэ өвчний халдвар авах нь хүнд тохиолдож болох зүйл гэдэг мэдлэг, мэдээлэл сэтгүүлчид төдийгүй иргэдийн дунд бий болж байгаагийн нэг илрэл.

Гэхдээ ингэснээр ХДХВ-ын халдвар гэдэг аймшигт өвчинтэй дасал болж, үл тоохын нэр биш байлтай. УИХ-ын гишүүн Л.Гүндалай Эрүүл мэндийн сайд байхдаа л ХДХВ-ын халдвараас сэрэмжлэхийг хамгийн ихээр ярьж байлаа. Бэлгэвч гэдэг үгийг олон нийтийн дунд хэлж ярьж болдог болох эхлэлийг тавьсан. Гэтэл түүний дараагийн сайд Д.Туяа нь чухамдаа Дархан-Уул аймгийн Хонгор суман дахь хордлогыг хамуу, харшил болгох гэсээр байгаад суудлаасаа буусан. ХДХВ-ын халдвар авах хамгийн дөт шат болох БЗХӨ-ийг Хонгор суманд маш их байна гээд байсан атлаа энэ талаар нэг ч удаа боловч амаа ангайлгахгүй байж байгаад танхимтайгаа огцорсон. Өнөөдөр Б.Батсэрээдэнэ гэдэг сайдын хувьд ямар хүн юу хийж байгаа нь мэдэгдэхгүй нэг улирлыг ардаа хийчихлээ. ХДХВ-ын халдвар өнөө гайхал ДОХ-ын талаар байтугай ер нь эрүүл мэндийн салбарыг энэ хүн яах гээд байгаа нь ойлгогдохгүй л байгаа юм.

Гэтэл ХДХВ-ын халдвар, ДОХ өвчин өнөөдөр бидэнд ямар аюул нүүрлүүлж, харанга дэлдэж байна вэ. ХДХВ/ДОХ-той хүн өнөөдөр дэлхий дахинаа 39.5 сая байна. Тэдний 90 хувь нь хөгжиж буй орнуудад байгаа аж. Дэлхий дахинаа энэ өвчний халдварыг сард таван сая хүн авч, гурван сая хүн амиа алддаг. Та бидний хамгийн ойр, өдөр бүр шахам ирж очиж байдаг хоёр хөршид байдал улам хүндэрч байгаа. Хятадад энэ өвчний халдвартай хүн өнөөдөр 650 мянга байгаа нь 2010 он гэхэд 10-20 сая болно гэсэн тооцоо хийхэд хүргэжээ. Умард хөрш ОХУ-д 350 мянган хүн халдвар аваад байгаагаас зөвхөн Эрхүү мужид 15773 хүний аж.

Энэ өвчний халдварын тархалт, өнөөгийн байдалд анализ хийсэн мэргэжилтнүүд дорвитой арга хэмжээ авахгүй юм бол 2014 он гэхэд Монгол Улсад 14 мянган хүн ХДХВ-ын халдвар авч жилд 2500 хүн энэ өвчний улмаас нас барна гэсэн аймшигт тоо хэллээ.

Нөхцөл байдал ийм байхад бид, бид ч гэж дээ төр засаг ийм аядуухан байж ХХI зууны тахал гэгдэх ХДХВ-ын халдвар, ДОХ-д дасал болон нам жим сууж болмооргүй мэт. Ерөнхий сайдаар ахлуулсан ДОХ-той тэмцэх үндэсний зөвлөл гэж нэг байгууллага бийсэн. Гэтэл байгуулагдаад дөрөвхөн сар болж байгаа Засгийн газар нь, Засгийн газар ч гэж дээ чухамдаа Ерөнхий сайд Баяр нь наанаа үнийн өсөлт гэдгээс өөрийг ярих чадалгүй, цаанаа сонгуульд ялах гээд гүйгээд л таарч байдаг. Ерөнхий сайд нь ХДХВ/ДОХ-ын талаар юм дуугарах завгүй яваа болохоор тэртэй тэргүй өөрийн гэсэн толгойгүй танхимын гишүүд нь, Эрүүл мэндийн сайд Б.Батсэрээдэнэ нь санаа амар таг чиг. Тун удахгүй Бээжингийн зуны олимп болж, тив дэлхийн түмэн хэлийн амьтан өмнөд хөршид маань цуглах гэж байдаг. Тэднээс баахан жуулчдыг эх орноороо явуулаад өчнөөн төчнөөн ногооныг нь суйлчихна гээд яриад байдаг. Ерөөсөө л урин цаг ирж аялал жуулчлалын улирал эхэллээ. Манайхан ч гадагшаа явж аялах жуулчлах, сурах нь ихэслээ. Таван хэлийн, түвд тангад өчнөөн амьтан ирж очих нь жилээс жилд өсөн нэмэгдсээр л байдаг.

Аюулын талаар мэдлэг мэдээлэлтэй болж байгаа нь сайн болов чиг төр засгаас бодлогын чанартай ажлаа хойш тавьж суух нь юу л бол. Эзэн богд Чингис хаан “Өмнө зүгт Тангад улс бийг өглөө бүхэн сануулж бай” хэмээн зүгээр ч нэг хэлээгүй болов уу.

SOURCE: ardchilal.com

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.