2015 онд ДОХ-той хүн хэд байх бол

picture.php

Өчигдөр Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо. Уг хуралдааны хамгийн цаг үеэ олсон сонирхолтой асуудал нь ХДХВ/ДОХ, БЗДХ-аас сэргийлэх 2010-2015 оны Үндэсний стратеги төлөвлөгөөний тухай байлаа.

Монгол Улсын мянганы хөгжлийн Зорилтод 2015 он гэхэд Хүний дархлал хомсдолын вирус /ХДХВ/, Дархлалын олдмол хомсдол /ДОХ/ халдварыг хязгаарлах, урьдчилан сэргийлэхэд онцгой анхаарал хандуулан ажиллах талаар чиглэл гаргасан. ДОХ-той ямар аргаар тэмцэх, уг хөтөлбөрийн санхүүгийн асуудал хэрхэн шийдэгдэх нь одоогоор таамаг хэвээр байна.

Харин өчигдрийн хуралдаанаар ХДХВ/ДОХ, Бэлгийн замаар дамжих халдвараас сэргийлэх 2010-2015 оны Үндэсний стратеги төлөвлөгөөний тухай хэлэлцэн сайшааж, Засгийн газрын тогтоол гаргахаар боллоо. Стратеги төлөвлөгөөний зорилт, арга хэмжээ болон түүнд шаардагдах хөрөнгийг эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, жил бүрийн улсын нэгдсэн төсөвт тусгах, гадаад, дотоодын болон хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татан оролцуулах талаар холбогдох арга хэмжээ авч ажиллахыг Шадар сайд М.Энхболд, Сангийн сайд С.Баярцогт, Эрүүл мэндийн сайд С.Ламбаа нарт даалгасан байна. Үндэсний стратеги төлөвлөгөөг өөрийн эрхлэх асуудлын хүрээ, харъяа нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд хэрэгжүүлэхийг Засгийн газрын гишүүд, Засгийн газрын агентлагийн дарга нар болон аймаг, нийслэлийн Засаг дарга нарт ч үүрэг болгосон. Шат шатандаа үүрэг болгодог хэдий ч төд удалгүй замхран алга болох явдал манайд элбэг. ХДХВ/ДОХ, Бэлгийн замаар дамжих халдвараас сэргийлэх 2010-2015 оны Үндэсний стратеги төлөвлөгөө энэ замаар л бүү ороосой.

Өнгөрөгч нэгдүгээр сард манай оронд ДОХ-ын 62 дахь тохиолдол бүртгэгдсэн. Тэрээр 20-25 насны Улаанбаатар хотод оршин суух эрэгтэй байсан билээ. ДОХ-оор өвчлөгсдийн дийлэнх нь эрчүүд байгаа юм. Энэ нь үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж болохуйц зүйл.

“ДОХ гээч нь маньд хүрэлцэхгүй ээ. Дээгүүрээ л хуваагаад авчихна биз” хэмээн онигоо ярьж суусан цаг саяхан. Гэвч энэ асуудал улс үндэстний оршин тогтнох, аюулгүй байдлын баталгааг ярих хэмжээнд хүрчихээд байна. Тиймдээ ч Засгийн газрын хуралдаанаараа уг асуудлыг хэлэлцэж буй нь ч сайшаалтай юм. “Ниргэсэн хойно нь хашгирав” гээчийн үлгэр болохгүйн тулд нэг хоногийн ч өмнө энэ асуудлын талаар хөндөн ярилцах нь зүйтэй. ХДХВ/ДОХ, БЗДХ-аас сэргийлэх 2010-2015 оны Үндэсний стратеги төлөвлөгөөний тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх нь манай орны хувьд хамгийн чухал байгаа юм. Ямартаа ч уг асуудлыг хэлэлцэх нь ядаж 2015 онд хэдэн хүн ДОХ-оор өвчлөхийг тооцоолоход нэмэр болох ч юм билүү, хэн мэдлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.