Эрчүүдийн нүүрний баг

Анхны болзоон дээр эрчүүд тэр бүр өөрийн үнэн түр төрхөө үзүүлдэггүй, өөрөөр хэлбэл нүүрэндээ баг өмсөж ирэх нь бий, тэд ийм багтай байхад өөрийнхөөрөө байснаас илүү бүсгүй хүний сэтгэлийг эзэмдэж чадна гэж үздэг. Энэ нь эрчүүд өөрийгөө голж, дог сэтгэлдээ зөрчилдөөнтэй байдагтай холбоотой. Эмэгтэй хүн амьдралын хань болох байх гэж найдсан эрийгээ “Энэ хүн маань харагдаж байгаа шигээ тийм хүн мөн үү?” гэж сонждог.

Харамсалтай нь харагдах өнгө бодит байдалтай тэр бүр нийцдэггүй. Гэхдээ тэд эмэгтэйчүүдээс ямар нэг юм нуухын тулд баг өмсдөггүй, шалтгаан нь эмзэг сул талаа хамгаалж, аюулгүй байхыг хүсдэг. Ингэхэд хүүхнүүд бид ч өдөр болгон багтай явдаг, гэхдээ богино хугацаагаар, жишээ нь чухал гэрээ хэлэлцээрийн үед сэтгэлийн хөдөлгөөнөө нуух гэж, эсвэл ойр дотнын хүмүүсээс зовлонгоо нуух шаардлагатай үед багаа зүүдэг. Баг хичнээн эвтэй байх тусам түүнээсээ салах нь эрчүүдэд улам бүр хэцүү болдог гэж сэтгэл зүйчид үзэж байна. Тэгэхээр эмэгтэй хүн өөрийн эргүүлж буй хүний үнэн чанарыг таньж, гаднах аятайхан дүр төрх нь бодит байдалтай тохирч байгаа эсэхийг тодорхойлох хэцүү. Сайн залуугийн төрхөн дор “жирийн нэгэн матар” нуугдаж байгааг олж илрүүлэх тэр бүр амаргүй. Иймээс эрчүүдийн зүүх дуртай багнуудын хэдэн хувилбарыг таны анхааралд толилуулъя.

Баг №1.

Халамжтай эцэг

Эмэгтэй хүн ийм багийг эхлээд маш сайхан хүлээж авдаг. Тэгээд өөрийгөө өмгөөлөл хамгаалал эрсэн бяцхан охин гэж төсөөлж, том хүчтэй ахын халамжийг мэдрэн тун таатай. Түүнд таныг халамжлахаас өөр зорилго байхгүй мэт. Таныг аятай суудалд суулгах гэж бусдыг хөөн босгож, таны өмнөөс кафед захиалга өгөхийг оролдож, хоолны дэглэмтэй холбоотой асуудлыг ч шийдэх гэж үзнэ. Тэр халамжтай эцгийн дүрээр өдөр тутмын амьдралыг чинь удирдаж өөрийн оролцох ёсгүй хэрэгт буюу таны дарга нартай хүртэл харьцах гэж оролдоно. Сэтгэл зүйчдийн бодлоор энэ нь эр хүн өөрийн сул дорой байдлыг нууж, хүчтэй, найдвартай хамгаалагч болж харагдах гэсэн оролдлого. Хайр халамжаа хэтрүүлж, хэтэрхий ядаргаатай, дургүй хүргэмээр болсноо тэр анзаардаггүй. Тэр өөрт таалагдсан хүүхэндээ аятайхан зүйл хийхийн тулд биш харин өөрийнхөө төлөө үүнийг хийдэг. Өөрийн хүч чадалтай, одтой яваагаа мэдэрдэг эрчүүдэд ингэх шаардлага байдаггүй. Таны амраг үнэхээр халамжтай эр үү, эсвэл зөвхөн баг зүүж үү гэдгийг шалгаж болно. Түүнд “Чи сул дорой амьтан, 10 жилийн өмнө л ээж маань ингэдэг байсан. Түүнээс хойш би өөрөө амьдралаа зохицуулж байгаа, мөн юу идэхээ ч гэсэн өөрөө л шийднэ” гэж хэл. Хэрэв тэр танд аятай юм хийх гээд хайр халамжаа хэтрүүлснээ ойлговол тантай хамт инээгээд өнгөрнө. Харин тэр уурлаж хилэгнэвэл та түүний өвчтэй газар дээр гишгэжээ. Хэрэв тийм бол та түүнд сэтгэлээ өг, яагаад гэвэл та түүнтэй амьдралаа холбовол аяндаа та хоёрын байр солигдож, тэр танаас хэт их анхаарал халамжийг шаардах болно.

Баг №2

Сэтгэл зүрхний найз

Тэр залуу таныг ам нээмэгц л ойлгож байх шиг. Та зөвхөн бодож байхад тэр хэзээний таны юу мэдэрч, юу хэлэхийг хүсч байгааг мэдэж байдаг. Тэр танд “Яг чам шиг ийм эмэгтэйг аль хэдийнээс хойш мөрөөдөж явлаа. Өөрт итгэлтэй, хүчтэй эмэгтэйчүүдийн дундаас надтай нэг санаатай хүнтэй аз болоход учирлаа” гэж ярьдаг. Иймэрхүү үгэнд таны толгой эргэж, “арай гэж сайн найзтай боллоо” гэж та бодож эхэлнэ. Тийм байж болох юм. Сэтгэл зүйчдийн бодлоор олон эрчүүд үнэхээр бие даасан, зоригт зүрхтэй эмэгтэй найзтай болохыг хүсдэг. Гэвч зарим эрчүүд” өөрийг нь хэн ч хэзээ ч жинхэнэ ёсоор ойлгож үнэлж чадаагүй” гэдэг дүрд тоглох дуртай байдаг.

Ганцаар цайрах далбаа буюу өөртөө дурласан Нацисс. Ийм эрчүүдэд тэдний сэтгэлийн үгийг сонсох хүн хэрэгтэй. Мэдээж бүсгүйн амин хувийн асуудлууд улам бүр хойш тавигдана. Тэд зөвхөн өөрийгөө л боддог, чухам энэ үед хүүхний хүчтэй, шийдэмгий зан амьдралд учрах хүндрэлүүдийг давахад хэрэг болно. Эхний үед ийм эрчүүд найз хүүхэнтэйгээ маш сайхан ойлголцож байгаадаа бахархаж ханахгүй. Гэвч цаг хугацаа өнгөрөхөд тэдний харилцаа нэг чиглэлийн хөдөлгөөнтэй гудамж болон хувирдаг. Ирээдүйд таныг юу хүлээж байгааг мэдье гэвэл эргүүлж буй эрийнхээ хэлэх үгийг биш харин түүний хийж буй үйлдэл, алхмыг анхаар. Ингэж туршаад үзээрэй. Түүнд “Би ажлаасаа гарч хувийн юм хийнэ” гэж хэл, гэхдээ мэргэжлийн хувьд өөрийгөө хөгжүүлэхийн тулд биш харин багаасаа эгчтэйгээ өрсөлддөг учраас л ийм алхам хийх гэж буйгаа дуулга. Хэрэв тэр таны ярьж байгааг анхааралтай сонсоод дараа нь ажил хэргийн шинжтэй асуулт тавьж зөвлөгөө өгч эхэлвэл ийм хүнтэй учруулсан хувь заяандаа таларх. Харин тэр эелдэг боловч хөндийнхөн толгой дохиод дараа нь яриаг өөрийн асуудал руугаа шилжүүлж, өөрөө бас эцэгтэйгээ тэгж өрсөлдөж байснаа яривал түүнд аятайхан өнгөрүүлсэн үдшийн төлөө талархаад “утсыг минь март” гэж зөвлөөрэй.

Баг №3

Дон Жуан

Зарим залуус “Би олон хүүхэнтэй нэг зэрэг уулздаг, тэгээд тэд бүгдээрээ алдартай загвар өмсөгчид, гоо хүүхнүүдийн тэмцээний ялагчид, хүүхнүүдийг ёстой бээлий шигээ л сольж байдаг” гэж онгирдог. Ийм эрчүүд бараг анхны болзоон дээрээ л насан турш ганц бие явахаар тангарласнаа зарладаг. Та мэдээж иймэрхүү төлөвлөгөөнд итгэхийг хүсэхгүй байгаа гэсэн ч энэ нь тэр бүр баг байдаггүй. Та үнэхээр мөнхийн гоонь эртэй учирч, түүний олон хүүхнүүдийн нэг л болж магадгүй шүү. Гэхдээ бүх юм тийм ч найдваргүй биш байж болох юм. Донжуаны багийн цаана дөнгөж сая амраг бүсгүйгээсээ салсан эрийн шаналал нуугдаж байж мэднэ, хэрэв бүсгүй хүн гэрлэх талаар их шахаж шаардвал хос хоёрын харилцаа хэвийн хөгжиж чадахгүй, тэгээд салсан байж болох юм. Харин одоо тэр янагийн явдал дахин давтагдахаас айж болгоомжлон, ингэж эртхэн нүхээ ухаж байгаа нь тэр. Та танилцсан эрийнхээ гэр бүлийн түүхийг сонсох хэрэгтэй. Хэрэв түүний эх жаахан байхад гэнэт хөршийн хар хүнтэй нийлээд зугтаасан бол, тэр эцэг шигээ байдалд орохгүйн тулд гэрлэлтээс ингэж зайлсхийж байж болох юм. Цаг хугацаа түүний энэ үйлдэл баг байсан эсэхийг харуулна. Хэрэв таны амраг танилцсанаас хэдэн долоо хоногийн дараа гэрлэлтийн талаар элдэв сөрөг зүйл ярихаа байвал баг байж, харин 2-3 сарын дараа ч тэр нөгөөдөхөө хашгичсаар байвал, харин та гэрлэх бодолтой бол өөр хэн нэгнийг хайхаас яахав. Тэгээд ч эргэн тойрон хуримын алтан бөгжнөөс харшил авдаггүй олон сайхан эрчүүд байхад.

Баг №4

Алиалагч

Түүнтэй байхад хөгжилтэй, зугаатай. Та элгээ хөштөл хөхрөх болно, тэр хаа ч явсан олны анхаарлын төвд, танил хүүхнүүдээр хүрээлүүлдэг. Иймээс ч та олны дундаас чухам өөрийг чинь сонгосонд их баярлаж байгаа. Харин гэхдээ түүний энэ байдал өөрийн нь жинхэнэ дүр төрхийг нуудаг бол яана? Хөгжөөнтэй зугаатай үе өнгөрч, тэр багаа тайлахад тийм таатай бус байдал илэрч болзошгүй. Сэтгэл зүйчдийн үздгээр бүгдийг инээлгэдэг хүн үнэндээ бусдын хайр, итгэлийг хүлээх гэж цөхөртлөө оролдож байдаг. Орчны хүмүүсийн анхаарлын төвд, мөн найз хүүхнийхээ нүдэн дээр ингэж аашлах амархан. Түүний хувьд ганц л юм чухал, тэр танаар шүтэн бишрүүлэх гэж хүсдэг, үнэндээ энэ зах хязгааргүй цэнгээн наргианы цаана өөрийгөө их голомхой, дутуу үнэлдэг явдал байдаг. Эр хүнд зөвхөн эмэгтэйчүүдийг инээлгэх таалагддаг бол тэр багадаа эхийн хайр халамжаар дутаж, түүнээ одоо хүртэл уучилж чадаагүйг харуулж байна. Хөнгөн хийсвэр мэт алиалагчийн цаана мэдрэлийн архаг өвчин нуугдах тохиолдол бий. Хоёр сарын дараа таныг юу хүлээж байгааг мэдэж байна уу? Тэр багаа тайлаад урьдын зугаатай, хөгжилтэй зангаа таягдаж хаяна. Найз нарынд чинь очсон хойноо хундага хундагаар ууж, буланд баргар царайлан сууна.

Тэр ер нь архичин байж болзошгүй, согтсон үед нь түүнд сахиур асрагч хэрэгтэй болно. Гэхдээ алиа хошин зантай эр болгон ийм байдаггүй гэж сэтгэл зүйчид биднийг тайвшруулж байна. Амраг чинь хэрэгтэй үед буурьтай байж чадна гэсэн баталгаа танд чухал, тийм үү? Хүнд үед тэр өөрт чинь тусалж дэмжин, таны амьдралд хариуцлагатай ханддаг байх ёстой. Түүнээс гадна тэр хөгжилтэй багаа хэр удаан зүүхийг ажигла. Хэдэн удаа уулзсны дараа тэр багаа авсан бол тэр ийм маягаар таныг өөртөө татахыг хүсчээ, зорилгодоо ч хүрч. Өөр хүн голлох үүрэг гүйцэтгэх үед, жишээ нь таны найзын төрсөн өдөр түүнийг биеэ яаж авч явааг ажигла. Хэрэв тэр бүгдийн анхаарлын төвд байх гэж оролдохгүй бол бүх юм хэвийн. Харин тэр ганц ч минут өөрийг нь дэмжин шуугилдах хүмүүсгүйгээр байж чадахгүй бол өөр арай буурьтай нэгнийг хай.

Баг №5

Романтик

Таныг эргүүлдэг эр романтикийн багаа өмсөж, өөрөөр хэлбэл танд зориулан дуу дуулж, эсвэл 12 хэлээр хайртай гэдгээ өрөө дүүрэн бичиж байвал түүний багны цаадахыг харах гэсний хэрэггүй. Иймэрхүү авир зан бүсгүй хүний сэтгэлийг их хөдөлгөдөг, гэхдээ эрчүүд удаан ингэж аашилж чадахгүй, эрт орой хэзээ нэгэн цагт тэр таны өмнө өөрийн жинхэнэ төрхөөрөө гарч ирнэ. Голдуу эр хүн “цайз” /таныг/ бууж өгсний дараа цаашид ингэх шаардлагагүй болсныг ойлгоод аяндаа хайрын, магтаалын үгс дорхноо цөөрч, романтик зоогийн оронд шар айргаа шимэн суух байх. Бүсгүй хүний сэтгэлийг татах боломжиндоо эргэлздэг эрчүүд романтик багийг зүүдэг гэж сэтгэл зүйчид үздэг. Тэд хэрэв гитардаж дуулахгүй, олон сарнай бэлэглэхгүй бол бүсгүй хүний сэтгэлийг булааж чадахгүй юм шиг боддог, үүнд сэтгэл эмзэглэх хэрэгтэй. Та өөрийн сонгосон амрагт түүнийг зөвхөн хувь хүний хувьд сонирхсон гэдгээ ойлгуул. Тэр үнэндээ романтик байж болно, тэгвэл цаашид ч танд ер бусын маягаар анхаарал тавих болно. Урьдынх шигээ олон биш ч гэсэн. Энэ тохиолдолд түүнтэй сууж болно.

Баг №6

Yлгэр жишээ гэр бүл эр

Хэрэв эр хүн анхны болзоон дээрээ санамсаргүй мэт өөрийн ах дүүгийн хүүхэд шиг хөөрхөн үртэй болмоор байна гэж хэлбэл хоёр утга агуулдаг. Нэг бол таны өмнө сайн ах, аав байна, эсвэл тэр гэр бүлсэг эрийн дүр исгэжээ. Хэрэв эр хүн анхны болзоон дээр л сайн эхнэр, олон хүүхэдтэй болмоор байна гэвэл нилээд сэжигтэй хандах хэрэгтэй. Яагаад гэвэл сэтгэл зүйчдийн үздэгээр эрчүүд иймэрхүү яриагаар гэр бүлийн үүрэг хариуцлагаас айж байгаагаа дарах гэж оролддог гэнэ. Тэр тантай суухдаа энэ зоогийн газарт хуримын өдрөө ирэхийг хүсч байгаа тухай, Лас-Вегас шиг ганцхан минутын дотор гэрлүүлчихдэг газар Монголд байхгүй нь харамсалтай гэх зэргээр ярьж байсан хэрнээ хэдэн сарын дараа танаас зугтаавал бүү гайх. Тэр өөрийгөө л тиймэрхүү буурьтай харьцаанд бэлэн гэж итгүүлэхийг оролдож байна. Харин ийм харьцаа үүссэний дараа өөрөө зугтаачихдаг. Байдал нилээд хүнд. Уг нь анхны болзоон дээрээ гэрлэхээр шийдээд, түүнээс хойш олон жил аз жаргалтай амьдарч байгаа хосууд олон байдаг. Yнэн хайрыг юутай ч андууршгүй. Хэрэв та өөрийн сонгосон эрдээ итгэлтэй бол, та хоёр жинхэнэ хайраар холбогдсон бол энэ нийтлэл танд огт хамаагүй шүү.

5 Comments

  1. rr says:

    6han bish sh de ene zowhon tednii bagnii ehlel.erchuud bol bugd nowsh huurmag amitad.etsesin etsest erchuudees l bolj bid bag zuuh hereg gardag sh de.tm biz de……..

  2. oo(Ps) says:

    hun l yum chin bugd l bagtai huwtsas omsdogtoi adil bas solidogtoi adil bas hentei ymar ued ymar huwtsas omsoho songodogtoi adil

  3. wolf says:

    chertyonoktoi sanal neg bna muusain emegteichuud yahaaraa erchuudiig muulj bdag bna. bi bur buhimdaj uhehnee isda gej

  4. Chertyonok says:

    Хэхэ, зургаахан баг. Эмэгчингүүдэд түүнээс илүү их байдаг байх оо…

  5. sexy says:

    huurhii erchuud..

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.