Эмэгтэйчүүдэд хамгийн аюултай газар бол тэдний “гэр”

Өнгөрсөн онд 87,000 эмэгтэй бусдын гарт амиа алдсаны тэн хагасаас илүү нь буюу 50,000 нь гэр бүлийн гишүүд, хамтрагч хосынхоо гарт хөнөөгджээ. Тиймээс НҮБ охид, эмэгтэйчүүдэд хамгийн аюултай газар бол тэдний гэр гэж дүгнэсэн байна.

2017 онд бусдын гарт амиа алдсан эмэгтэйчүүдийн 1/3 нь одоо байгаа болон өмнөх хосынхоо гарт үрэгдсэн ба өдөрт 137 эмэгтэйг гэр бүлийн гишүүд нь хороож байна.

Харин эрчүүдийн ихэнх нь огт танихгүй хүнд амиа алддаг бол охид бүсгүйчүүдийн аминд хүрч буй гэмт этгээдүүд танихгүй хүн байх нь ховор аж. Энэ нь эр, эм хүйсийн тэгш бус харьцаа, ялгаа байсаар байгаагийн тод илрэл гэж НҮБ үзэж байна.

Жил бүрийн 11 дүгээр сарын 25-ны өдрийг Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг арилгах өдөр болгон тэмдэглэдэг. Энэ өдрийг тохиолдуулан танилцуулсан судалгаагаар Ази тивд хамгийн их буюу 20,000 эмэгтэй гэр бүлийнхэн, хамтрагчийнхаа гарт амиа алдсан байна. Дараа нь Африк /19,000/, Америк /8,000/, Европ /3,000/, Далайн эргийн орнууд /300/ багтжээ.

Түүнчлэн 2012 оноос 2017 он хүртэл охид эмэгтэйчүүдийг дотны гэр бүл, хос нь хөнөөх үзэгдэл 47 хувиар өссөн байна.

НҮБ-аас танилцуулсан судалгааны дүн хүйсийн эрх тэгш бус байдал дэлхийн нийтийн өмнө тулгамдсан асуудал хэвээр байгааг харуулсан тул цагдаа, шүүх, эрүүл мэнд, нийгмийн үйлчилгээний газрууд сэрэмжлэн тэмцэх хэрэгтэйг сануулж байгаа юм.

Эх сурвалж: www.cnn.com

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.